Дарга нар шоронд орохоороо бие нь өвдөж, тунчиг удалгүй эмнэлэг барааддаг моод газар аваад удлаа. Үүнтэй ижилхэн тэмцлийн хурц хэлбэр нэрийдлээр өөрсдийгөө гаргуунд нь гаргаж, төрөөс хангамж авагчид сүүлийн үед олширов.
Олны өмнө хамгийн чанга дуугаар хашгирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн олон гарч, элдэв хачирхалтай арга сэдэж, хэрэгжүүлж байдаг шоу хийх чадвар сайтай хүмүүс л санасандаа хүрч чаддаг, хождог болчихсон цаг үед бид амьдарч байна.
Хамгийн сүүлд л гэхэд ажилчдын эрх ашгийгхамгаалж байгаа нэрийдлээр өөрийгөө шатаасан С.Эрдэнэ гэгч төрийн зардлаар эхнэр хүүхэд, орчуулагчийн хамтаар БНСУ-ыг зорьж, эмчилгээ хийлгүүлж байгаа. Түүний эмчилгээний зардал болох 170 гаруй сая төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гаргуулсан. Үнэн хэрэгтээ ажилгүй болох гээд байна гэх 203хүн Тавантолгойн уурхай зогсолттой байсан 14 сарын хугацаанд сар бүр цалингийнхаа 60 хувийг аваад гэртээ амарч байсан нөхөд. Тавантолгойн уурхайн үйл ажиллагааг эхлүүлж, ашигтай ажиллуулахын тулд цомхотголт оруулах байсан дээрх хүмүүсийг ажилтай болгохын төлөө компанийн зүгээс гаргасан шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэж, өөрийгөө шатаасан нь өнгөн дээрээ ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалж байгаа мэт харагдаж, С.Эрдэнэ өнөөдөр "Үндэсний баатар” болсон. Үүнийг нь мэдсэн атлаа Засгийн газраас өөгшүүлэн, төрийн өмчит компаниас эмчилгээнийх нь зардлыг гаргуулж, гадаадад эмчлүүлэх болсон нь асуудлыг дэвэргэж орхилоо. Үүнийг ганцхан жишээтэй харьцуулаад үзье л дээ.
Хүний амийг аврахын төлөө гал, ус руу амиа үл хайхран ордог онцгой нөхцөлд ажилладаг албан хаагчдаа хэзээ ингэж харж үздэг байлаа. Хамгийн хямд гэсэн бүхнийг төсөвлөж, ажиллах орчин нөхцлөөр нь хангаж чаддаггүй ч тэд хэзээ ч гомдоллохгүйгээр ажлаа хэнээс ч дутахгүй хийсээр олон хүний амийг аварч байгаад нь талархууштай.
2007 онд Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар яваад эргэж ирээгүй онцгой байдлын албан хаагчдын дурсгалыг хүндэтгэхээс өөр зүйлийг улс хийсэн үү гэдгийг асуух нь илүүц биз. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн тоо 2013 онд л гэхэд 56 хүрсэн гэх баримт бий.
"Амь биеэ үл хайрлан эх орныхоо төлөө зүтгэнэ” гэж тангараг өргөсөн онцгой нөхцөлд ажиллагсдынхаа амийг С.Эрдэнэ мэтийн улстөржсөн нөхдийн жишээгээр хэзээ болтол үнэгүйдүүлэх вэ? С.Эрдэнэд өгсөн 170 сая төгрөг нь гал, ус руу орж, амиа ч үл хайхран зүтгэсээр байгаа онцгой байдлын албаны хувьд бол тэнгэрийн тоо. Гэсэн ч тэд нэг ч удаа хугарсан яс, түлэгдсэн бие, хохирсон эрүүл мэнд, аминыхаа төлөө өгсөнийг нь бага гэж голж, талбай дээр жагсаал хийгээгүй.
"Үндэсний баатар” гэж өргөмжлөхөд учир бий, олны өмнө өөрийгөө шатаасан бүхнийг баатар болговол юу болохыг төсөөлөөд ч хэрэггүй биз. Өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн бүхний хөлд нь сөхөрч, улсынхаа иргэдийг ялгаварлан гадуурхах явдлаа хэзээ болтол үргэлжлүүлэх вэ гэсэн асуултыг үлдээе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих