Одоогоос зургаан жилийн өмнө хоёр тийш салсан МАН, МАХН энэ жилийн Эх орончдын баярыг гар гараа барилцан хамтран тэмдэглэсэн нь улс төр амсхийсэн өдрүүдийн хамгийн содон үйл явдал байлаа. Хоёр намын сонгуулийн өмнөх хамтын нэгдэл өрсөлдөгч АН-д айх шалтгаан болсон нь мэдээж. Хоёр нам хөтлөлцөөд сонгуульд орвол одоогийн эрх баригчдыг шууд буланд шахах нь тодорхой. Тийм болохоор эрх баригчид энэхүү нэгдпээс эмээж буйгаа өөрсдийнхөөяаран зохион байгуулсан хэд хэдэн зүйлээр энэ өдөр батлах шиг болов.
Засгийн эрхэнд гарснаас хойш өрсөлдөгч Ардын нам руугаа уулгалан дайрч үнэт зүйл бүхэн рүү довтолж эхэлсэн нь саяхны үйл явдал. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны улс тунхагласны ойн баярын өдрийн ач холбогдлыг бүрхэгдүүлэхээс эхлээд өрсөлдөгчөө ялагдсан дээр нь дарж унагах санаархлаа хүчээр хийж санаагаа амраасан. Гэвч энэхүү дээрэнгүй ажиллагаа сонгууль хүртэл улам идэвхжих төлөвтэй. Энэ нь Эх орончдын баярын өдрийн утга учир хийгээд хоёр намын хамтран тэмдэглэсэн агшныг эрх баригчид саармагжуулж баллуурдах оролдлогоор цухалзах нь тэр. Ингэхдээ тэд Эх орончдын баярын өдөртэй давхацуулан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулав.
Эрх баригчдын мэдэлд байдаг нэг телевизээр парламентад суудалгүй жижиг намуудын төлөөлөл оролцсон Эх орончдын өдөрт зориулсан хэлэлцүүлгийг оройжин нэвтрүүлсэн.
Эх оронч байх, эх орончдоо дурсан санах нь бүү хэл өнөөх л эх адаггүй улстөржилт энэ хэлэлцүүлгээс үнэртэв. Б.Жаргалсайхан гол дүрийн жүжигчин болж Эх орончдын баярыг МАН-ын баяр биш мэтээр тайлбарлав. Үргэлжлүүлээд оройжин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн телевизээр АСЕМ-д зориулсан бүтэн лекц уншив. Өдөр нь Засгийн газар гуравдугаар сарын 1-нийг АСЕМ-ын өдөр болгож буйгаа зарлав. Төрийн тэргүүн маань заавал эх орончдын баяртай давхцаж зурагтаар гарах гээгүй байлтай. Мэдээж энэ нь санаандгүй давхцал биш. Зориуд тохируулсан үйл явдал болох нь илт. Анх удаа АСЕМ зохион байгуулж байгаа улсад өдөр мундсан биш дээ л гэмээр. Засгийн газар ч гэсэн МАН-ын үүсэн байгуулагдсан баярын өдрийг заавал АСЕМ-ийн өдөр болгон зарлах ямар зорилго байсан бол? 365 өдрөөс энэ өдрийг онцолсон нь анхаарал татна.
Энэ мэт зохион байгуулалттай арга хэмжээн дундуур Ардын намыг засаглаж байхад Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Амгалан гэх эмэггэйн ногоон малгаи өмссөн онцгойрч сондгойрохын донд хөтлөгдсөн хувийн үйлдэл сошиал ертөнцөд шуугиан дэгдээн орж ирэв.
Түүх мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Бусдаас онцгой содон л юм хийж байвал ногоон хурганы арьс, нохойн битүү туурайны эрэлд ч гарч мэдэх сонгуульд нэр дэвших хүсэлтнүүдийн "галзуу" цуваа энэ хүнээр эцэс болоосой гэж найдъя.
Энэ эмэгтэйг өрсөлдөгч намынхаа явуулгаар хуйвалдан ийм тэнэг үйлдэл хийсэн гэсэн мэдээлэл тарах болов. Намынхаа баярыг өөр намынхантай нийлээд бужигнуулчихдаг хүнийг улстөрч гэж тодорхойлох хэцүү л дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн нэг хүний ухаангүй үйлдэл бусдын нэр хүндэд ямар халтай тусдагийг энэ явдал харуулав. Мэдээж түүний үйлдлийг эрх баригч намынхан өлгөжаван элдэв бичлэг, зургаар чимэглэн түгээхэд эрвийх дэрвийхээрээ зүтгэв. Өөрөөр хэлбэл МАН-ын баярыг баллуурдахын тулд АН-ын хэвлэлийнхэн өдөржин эвлүүлэг, зураг тарааж "ажил" хийв.
Нэг талд хамтран баяраа тэмдэглэж буй МАН, МАХН-ын хамтралыг дэмжин сайшаах нь жин дарж байхад нөгөө талд эрх баригчид энэхүү эв нэгдлийг баллуурдаж, зөвхөн нэг хүний ухаангүй үйлдлийг наан сарниулах оролдлого хийсээр амсхийх завгүй өнгөрөөлөө. Гэсэн хэдий ч хоёр намын хамтран баяраа тэмдэглэсэн нь өнөө ч үнэ цэнээ алдсангүй, олон нийтийн мэтгэлцээн, ярианы сэдэв хэвээр байсаар байна. Эрх баригчид тэдний баярыг элдэв аргаар баллуурдах гээд амжилт олсонгүй.
А.БОЛДБААТАР /АРДЫН ЭРХ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих