УИХ-ын гишүүн Л.Болд болон Ц.Оюунгэрэл нар Төв аймгийн Цагдан хорих газарт С.Зориг агсны эхнэр Б.Булгантай уулзахаар очсон. Энэ талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Б.Булганы хоригдож байгаа хэсэг рүү очихоор явж байтал коридорт Тагнуулын гурван ажилтан бидний замыг хааж зогссон. Тэд "Ийшээ нэвтэрч болохгүй. Маш нууц" гэж хэлсэн. Маш нууц объект улсад байж болох ч маш нууц хүн гэж байж болохгүй.
Бид удсаны эцэст Б.Булгантай уулзсан. Уулзалтын минут, секунд бүрийг Тагнуулын газрынхан бичлэг хийж авсан. Тэнд Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгаа юм байна гэдэг нь ажиглагдсан. Б.Булган тасралтгүй тод гэрэлтэй өрөөнд хоригдож байсан. 24 цаг гэрэлтэй байна гэсэн үг. Тэр өрөө нь мөөгөнцөртсөн байдалтай байсан. Ийм өрөөнд таван сар ганцаараа хоригдож байгаа. Уг нь дөрвөн хүний багтаамжтай өрөө юм байна лээ.
Хоригдож байх таван сарын хугацаанд өмгөөлөгчтэйгээ хоёр удаа, ар гэрийнхэнтэйгээ нэг удаа уулзсан байсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт захидал бичсэн ч эзэндээ хүрээгүй, хавтаст хэрэгт нь авагдсан гэдгийг сүүлд байцаалтын үед мэдсэн гэсэн. Түүнд үзэг, цаас оруулахыг зөвшөөрдөггүй, өмгөөлөл авах эрхээ хязгаарлуулсан, шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдөж байгаа зэрэг олон эрхээ зөрчүүлж байна. Б.Булганыг залхаан цээрлүүлж байгаа шинж тэмдэг олон ажиглагдсан. Түүний хоригдож байгаа хэсэгт дандаа эрэгтэй хүмүүс хоригдож байна. Гуравдугаар сар гартал огт салхилуулаагүй гэсэн. Ар гэрээс нь ирсэн зүйлийг оруулдаггүй, ариун цэврийн хэрэглэл, хувцас эм, чихэрлэг зүйлийг нэвтрүүлэхгүй байгаа нь залхаан цээрлүүлэлтийн хэлбэрийг агуулж байгаа юм. Үзэг цаас өгөхгүй, захидал харилцааг нь хясан боох, гадаад ертөнцөөс бүрэн таслах арга замыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа нь сэтгэл санааны хувьд залхаан цээрлүүлт гэж ойлгож болохоор байна” гэжээ.
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих