Бразилын Рио хотноо энэ сарын 5-ны өдөр эхэлсэн зуны Олимпийн наадмын 31 дүгээр наадам 18 хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө. Энэ удаагийн Олимпийн наадмыг АНУ-ын баг медалийн тоогоор тэргүүллээ. Америкийн баг 46 алт, 37 мөнгө, 38 хүрэл, нийт 121 медаль хүртэж, бусад орнуудаас илт тасархай амжилтыг үзүүллээ.
Тэгвэл Их Британийн шигшээ баг 27 алт, 23 мөнг, 17 хүрэл, нийт 67 медаль авч, хоёрдугаар байрт бичигдлээ. Хэдийгээр Их Британийн баг медалийн тоогоор Хятадыг гүйцээгүй ч чанараар хамаагүй илүү байж, хоёрдугаар байрт бичигдсэн нь энэ удаагийн Олимпийн наадмын нэг содон амжилт байлаа.
Тэгвэл үе үеийн Олимпийн наадмыг медалийн тоогоор тэргүүлэхийн төлөө өрсөлддөг Хятадын баг 26 алт, 18 мөнгө, 26 хүрэл, нийт 70 медальтайгаар гуравдугаар байрт бичигдлээ. Харин дөрөвдүгээр байрт 19 алт, 18 мөнгө, 19 хүрэл, нийт 56 медальтайгаар Оросын баг орлоо. Тавдугаар байрт Германы шигшээ багийнхан 17 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 42 медалтай бичигдсэн юм.
Ази тивийн нэг төлөөлөл болох Японы баг жүдо болон чөлөөтийн тамирчдынхаа ачаар 12 алт авсан нь зургадугаар байр руу орж ирэх боломжийг олгосон юм. Тэгвэл Монголын баг 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар 67 дугаар байрт шалгарлаа.
Энэ удаагийн Олимпийн наадамд дэлхийн 200 гаруй оролцсоноос ердөө 87 нь ямар нэг медаль хүртлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих