Дуучин П.Баярцэнгэлтэй ярилцлаа.
-Зуныг хэрхэн өнгөрүүлж байна даа?
-Энэ зун миний хувьд завгүй өнгөрч байна. Хөдөө орон нутгийн тоглолт их байлаа. Одоо ч гэсэн тоглолтоор явах гэж байна. Нэг их амарсангүй.
-Аль нутгийнх вэ. Нутагтаа энэ жил очив уу?
-Би Дорнодын унаган хүн. Нутагтаа саяхан очиж, долоо хонохдоо аймгийнхаа наадамд оролцсон. "Яг түүн шиг” шоун дээр монголчууд тэр аяараа намайг дэмжсэн. Түүний дунд дорнодчууд маань илүүтэй их дэмжиж, санал өгсөн болов уу гээд нутгийнхандаа бэлэг барьсан. Нутгийнхан маань сайхан хүлээж авсан.
-Уран бүтээл, тоглолт гээд завгүй байна гэлээ. Шинэ уран бүтээлийнхээ ажилд орчихсон уу?
-Шинэ дуунууд хийж байна. Бэлэн болчихсон ч дуунууд бий. Гол нь тоглолт, киноны ажил гээд клип хийж амжихгүй байна. Уг нь энэ намар тоглолтоо хийе гэж төлөвлөсөн боловч киноны ажилтай болоод тоглолтоо хойшлууллаа. Киноны зураг авалт есдүгээр сард эхэлнэ.
-Ямар кинонд тоглох гэж байна. Өмнө нь "Анчид”, "Миний хайр” зэрэг кинонд тоглож байсан?
-Энэ удаагийн шинэ киноны зураг авалт ч эхлээгүй байгаа учраас мэдээлэл өгөх цаг нь болоогүй байх.
-"Яг түүн шиг” шоу Монголын үзэгчдийг байлдан дагуулсан шүү дээ. Шоуны ялагч болсны дараа өөрт тань ямар өөрчлөлт мэдрэгдэв. Жишээлбэл, үзэгчдийн хандлага өөрчдлөгдөж үү?
-Уран бүтээлч хүний өөрийгөө хэмжих хэмжүүр бол алга ташилт. Шоунд оролцохоос өмнө уралдаан тэмцээнд оролцсон, уран бүтээлээ хүргэж байснаар минь хүмүүс сайхан хүлээж авдаг байсан. Гэвч би сүүлийн үед уран бүтээлээ шахуу хийж чадаагүй, түр завсарласан байсан. Харин шоундаа орсны дараа үзэгчдийн алга ташилт маш их нэмэгдсэн. Үүнээс үндэслээд шоу маань монголчууд үзэх юмтай болсон төдийгүй, оролцогчдодоо үр өгөөжтэй сайхан болжээ гэж дүгнэсэн.
-Анх "Universe best songs”-д орж олонд танигдаж байсан. "Яг түүн шиг”-т орсноор илүүтэй танигдсан ч гэж хэлж болохоор. Та телевизийг шоуг юу гэж боддог вэ?
-Телевизийн шоуг би хөгжих боломж гэж хардаг. Янз янзын шоунд орж, өөрийгөө сорьсноор аль аль талаараа хөгжих боломжтой.
-Шоуны үеэр ямар дүр бүтээх нь хамгийн хэцүү байсан бэ?
-Дуулахад хамгийн хэцүү нь Витас байсан.
-Витас тун өвөрмөц авиаг гаргаж чаддаг авьяастай дуучин. Таны хувьд тэр авиаг гаргахад хэцүү байв уу?
-Хамгийн хэцүү нь содон авиа гаргах. Эхлээд дуулах гэхэд их хэцүү санагдсан. Витасыг сугалсандаа ч их харамссан. Дуулж чадахгүй хүн байна гээд. Гэхдээ хүний хоолой яс биш, булчин учраас хөгждөг юм байна лээ. Эхний өдрийнхөөс дараагийн өдөр арай дээрдсээр долоо хоногийн төгсгөлд гайгүй болсон.
-Хамгийн дөхүү нь Бруно Марс байсан байх. Өөрөө сонгосон шүү дээ?
-Бруно Марсын дууг дуулах бас хэцүү байсан. Энгийн үед сонсч байхдаа анзаардаггүй байсан ч яг дуулах гэхэд эвгүй байлаа. Дуу нь өөрөө гоё. Дуулалт жүжиглэлт гээд хийх зүйл ихтэй байсан учраас сонгосон. Бруно Марс бол миний сүүлийн хөзөр байсан. Азаар тамга байж таарсан (инээв).
-Сүүлд таны фэйсбүүкээр дуучин Улаанцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой гэсэн статус гарч ирсэн. Энэ талаар тайлбарлахгүй юү. Зарим хүн хамтарч хийж байгаа шинэ дуугаа сурталчилж байна ч гэх таамгийг дэвшүүлсэн байна лээ?
-(Инээв) хүмүүс яаж тийм содон таамаг гаргасан юм бол. Тийм зүйл байхгүй. Би чинь гэр бүлтэй хүн. Сурталчлах байсан ч тийм маягаар лав биш. Үнэндээ, би фэйсбүүкийнхээ нууц үгийг алдчихсан. Хэн тийм зүйл хийснийг олоогүй л байна. Энэ цагаас хойш фэйсбүүкийг ашиглахаа больсон. Ахиж хэзээ ч фэйсбүүк ашиглахгүй.
-Яагаад. Дуучин, жүжигчин гэх мэт олны танил хүмүүс олон нийтийн сүлжээг үзэгч, сонсогчидтой ойр байх, үйл ажиллагаа, уран бүтээлээ сурталчлах хэрэгсэл болгодог шүү дээ. Энэ нь ч үр дүнгээ өгөөд байх шиг санагддаг?
-Би угаасаа фэйсбүүкт идэвхтэй байгаагүй. Тиймээс больсон. Үүнийг би найзуудтайгаа харилцах хэлбэрээр ашигладаг байсан. Ер нь фэйсбүүк бол маш их цаг авдаг. Хүн чөлөө зав гараад суухаараа л фэйсбүүк ухдаг зуршилтай болчихдог юм шиг санагддаг. Уран бүтээл, ажлаа хийгээд хөгжөөд явахын оронд фэйсбүүк ухаад суух нь утгагүй санагдаад ашиглахгүй гэж шийдсэн. Тэрний оронд ном уншиж байвал надад илүү.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Гэр бүлийнхэнтэйгээ л хамт байх тустай. Уг нь энэ зун гэр бүлийнхэнтэйгээ сайхан амаръя гэж бодсон боловч чадсангүй.
-Хүнд үе тохиолдоход хэрхэн давж гардаг вэ?
-Миний гэр бүлийнхэн байна. Би бол баян хүн. Юугаараа баян гэхээр миний хань, миний ээж, аав, хадам аав, ээж, ах эгч, найзууд гээд бүхэн бий. Эд бүгдийнхээ хүчээр би бүхнийг даван туулдаг.
-Амьдралдаа баримталдаг зарчим?
-Зөв санаа, зөөлөн сэтгэлтэй байхыг хүсдэг.
-Арван жилийн өмнөх Баярцэнгэл, одоогийн Баярцэнгэлийн хооронд зан араншин, үзэл бодлын хувьд ямар ялгаа гарсан бол?
-Зан аашийн хувьд өөрчлөгдөөгүй. Би өмнө нь ямар байсан, яг тэр хэвээрээ л байгаа. Цаашид ч ийм байх болно.
-Олны танил болоод хүмүүсийн хараанд өртөөд ирэхээр ямар байдаг вэ?
-Хүн ганц л амьдарна ш дээ. Бусдыг эргэж хартал амьдар гэдэг. Түүнд л зорьж яваа. Тэр минь ч хэрэгжиж байгаа гэж боддог. Хийж бүтээгээд, тэр минь олонд хүрч байгаа учраас хүмүүсээс янз бүрийн л хандлага гарна. Олонд танигдсан байх сайхан. Муугаасаа сайн нь илүү. Муу коммент ирж л байдаг. Түүнийг даваад гарахыг л боддог. Хүмүүс олны танил болоод ирэхээр хүний зан ааш өөрчлөгддөг гэдэг. Тэр бол хажуу дахь хүнээс нь л шалтгаалдаг гэж боддог. Хүн л хүнийг эвддэг шүү дээ. Тиймээс найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй. Ялангуяа эр хүнд найз нөхөд гэдэг маш чухал.
Б.Бадамгарав Ардын эрх сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих