Засгийн газрын 100 хоног өнгөрч яамдууд энэ хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам л гэхэд 100 хоногт "Нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөлд шинээр бүрэлдсэн Засгийн газар, өнгөрөгч 100 хоногт эдийн засгийг тогтворжуулах суурь үндэслэлүүдээ боловсруулж, тухайн цагийн нөхцөл байдал, хэтийн төлөвт уялдуулсан олон бодлого шийдвэрүүд гарган” ажилласан тухайгаа урт тайлан гаргажээ.
Түүнд нь "Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргуулсан, Газар тариалангийн чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, "Атар-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тогтоолыг батлуулсан, Малын генетик нөөцийн тухай” болон "Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн, "Намрын ногоон өдрүүд” нэртэй хүнс, ногооны үзэсгэлэн зохион байгуулсан, ургац хураалтад шаардагдах 6.0 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох шийдвэр гаргасан зэрэг олон ажлыг дурджээ.
Тэгвэл энэхүү тайланд өмнөх Засгийн газрын үед бөөн дуулиан шуугиан дагуулж олны эсэргүүцэлтэй тулгарч, басхүү зарим талаараа дэмжлэг хүлээж хүлээлт үүсгэсэн байж болох талтай "Халх гол” төслийн талаар дурдсан нэг ч үг, үсэг алга. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад гол рольтой оролцсон АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын улс төрийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж, төлөөлж байдаг "Шонхор”, "Женко” Х.Баттулгын амины өмч мэт болсон "МоАХ” фракцын гишүүд Ч.Сайханбилэгийн Засагт бялуу хүртэхэд давхар дээлийг онцгойлон эсэргүүцэж байсан, тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Бурмаа хүнс, хөдөө аж ахуйн салбарыг авсан юм.
Р.Бурмаагийн ашиг сонирхол явсан уу, "Женко”-гийн сүүдэр гүйсэн үү ямартай ч "Халх гол” чөлөөт бүсийн төсөл нийгэмд томоохон дуулиан дэгдээж, ХХААЯ-наас хүчлэн зүтгүүлж байсан юм.
УИХ 2015 оны долдугаар сард Хөдөө аж ахуйн "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоол баталсан. Энэ нь нутгийнхан төдийгүй олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан тул өнгөрөгч дөрөвдүгээр сард дээрх тогтоолыг хүчингүй болгож, дараа сард нь Хөдөө аж ахуйн "Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай 46 дугаар тогтоол баталсан.
Улмаар дээрх тогтоолын хүрээнд Засгийн газраас "Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын хөтөлбөр байгуулах тухай 328 тоот тогтоол гаргасан.
Тэгвэл сонгуулийн дараа З.Энхболдын төмөр замыг 10000 цэргээр бариулах, Тавантолгойг зогсоох Л.Эрдэнэчимэгийн үүрэг зүтгэл, Х.Баттулгын төмөр зам төсөл, Сайншанд аж үйлдвэрийн парк зэрэг эзэдтэй адил замхран алга болсонтой адил Р.Бурмаагийн Халх гол чөлөөт бүсийн сэдэв ч цаасан дээр түүх болон үлдэж байх шиг.
Яахав өнгөрсөн Засгийн үед хийж байсан сайнтай, муутай бүхий л ажил, төсөл, хөтөлбөрийг МАН-ынхан гацааж, зогсоож байгаа үед үүнийг нэг их гайхах ч хүн гарахгүй байх. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарт хийгдэх олон ажлын дунд ч Халх гол чөлөөт бүсийн үнэр ч байхгүй байгааг мөн энд дурдаж болно.
Хэдийгээр Ж.Эрдэнэбат есдүгээр сард Дорнод аймагт томилолтоор ажиллаж энэхүү сэдвээр иргэдтэй ярилцаж байсан ч лав ингээд Халх гол чөлөөт бүсийн хүрээнд дурдагдаж байсан өгөөжтэй, өгөөжгүй олон зүйлс Р.Бурмаатайгаа хамт замхран одох шив дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих