Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр
аймгийн Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн
автобус энэ сарын 27-ны өдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд
аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн яамны
Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд,
"Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран болон
холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Аймаг орон нутгийн санаачилга, Монгол улсын Автотээврийн төлөөлөгчид,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн ээлжит
30 дугаар уулзалтаар харилцан тохиролцсны дагуу дээрх чиглэлд
Хавирга-Архашаат боомтоор зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлсэн нь манай
аймгийн хувьд цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил юм. Сүүлийн
жилүүдэд энэ чиглэлийг зорих зорчигчдын тоо эрс нэмэгдэн, албан бус
тээвэрлэлтийн улмаас иргэд осолдох харамсалтай явдал гарах болсон. Улс
хоорондын албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн үйлчилгээтэй болсноор иргэд
техникийн шаардлага хангасан, найдвартай, ая тухтай, тээврийн хэрэгслээр
аюулгүй зорчих боломжтой болсон талаар аймгийн Засаг даргын орлогч
Ч.Ганбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга С.Батболд, Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос
Хавирга хилийн боомт хүртэлх 136 км авто замыг хатуу хучилттай авто зам
болгох тухай асуудлыг яамны зүгээс шийдвэрлэнэ гэдгийг мөн энэ үеэр
хэлэв.

Улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр өөр
аймаг, хотуудаас ирэх зорчигчдын тоо нэмэгдэнэ. Иймд Дорнод аймагт
зориулалтын тээш хадгалах сав, зорчигчдын хүлээлгийн танхим бүхий авто
вокзал байгуулах талаар "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал
П.Дэлгэрнаран дурдлаа.
Тээврийн үйлчилгээг "Тал нутгийн Хэрлэн” ХХК, "Монгол аялал” ХХК-иуд
гүйцэтгэх юм. Эхний удаад Даваа, Лхагва, Баасан гарагуудад явах ба
зорчигчдын урсгал нэмэгдвэл долоо хоногийн 5 өдөрт тээвэрлэлт хийхээр
төлөвлөж байгаа аж. Одоогийн нэг талд зорчих үнэ 44.000 төгрөг бөгөөд
цаашид энэ үнийг бууруулах боломжтой талаар тээврийн компанийн
удирдлагууд хэлж байлаа.
Улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлттэй болсноор иргэд мэргэшсэн
жолооч бүхий найдвартай тээврийн хэрэгслээр цагийн хуваарийн дагуу
хурдын дээд хязгаар, GPS хяналт, тодорхой маршрутын дагуу гэнэтийн ослын
даатгалд бүрэн хамрагдан зорчих боломжтой боллоо.




Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих