Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриан доор Дорнод аймгийн зүрхэн цэг "Тусгаар тогтнолын талбай”-д ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээний нээлтэд аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хүүхэд, багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага, урлаг, спортоор бусдыгаа хошуучилсан шилдэг, тэргүүний сурагчдыг шагнаж, урамшууллаа.
Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл:
"Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн "Хүүхдийн төлөө зөвлөл”-өөс "ХҮНИЙ ХӨГЖИЛ” тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын асуудлыг аймаг, орон нутгийн хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогод суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, "Хүүхдэд ээлтэй аймаг" болохын төлөө зорьж байна.
Бид бүхний хамтын хүчээр Дорнод аймаг Өрсөлдөх чадвар, Хүний хөгжлийн индексээр улсдаа манлайлагч аймгуудын эгнээнд орж, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их дээд сургуулийн элсэлтийн шалгалтаар улсдаа 4 жил дараалан тэргүүлж, 5 дахь жилдээ эхийн эндэгдэлгүй ажиллаж, Хүүхдээ сонсдог аймаг, Боловсролд ээлтэй аймгаар тус тус тодроод байна.
Хамгийн тэргүүн үзүүлэлт бол Дорнод аймаг нь 2017 оны ажил үйлсээрээ улсдаа ШИЛДЭГ АЙМАГ-аар шалгарсанд Дорнод нутгийнхаа нийт иргэддээ дахин талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлэх нь зүйтэй.
Манай аймгийн хүн амын тоо сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй өссөөр бид саяхан наян мянга дахь иргэнээ угтан авсан бөгөөд цаашид Дорнод аймгийн хүн ам өсөн нэмэгдэж, хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэж байна.” хэмээн баярын арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ онцлон дурьдлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих