Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баяндун суманд өчигдөр /2025.09.02/ 16.00-16.30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагдсан байна. Нөөлөг салхины улмаас урьдчилсан байдлаар дээрх сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комисс ажиллаж байгааг мэдээллээ.
Тиймээс иргэд, малчид та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тухай бүрт хүлээн авч, гэр, байшингийн дээвэр, хаалга, цонх, салхивч зэргийг бэхэлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Одоогийн байдлаар 100 гаруй гэр, пин, байшин нурсан байдалтай, бусад хашаа, дээвэр, шон, цонх зэргийг аюулгүй болгож засварлах ажлыг хэрэгжүүлж байна. Мөн дөрвөн иргэн бэртсэн тул иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч, яаралтай анхны тусламж үзүүлсэн гэдгийг албаныхан мэдээлжээ. Мөн Цагаан-Овоо суманд Боловсролын газраас хүүхэд хамгаалал, хөрөнгө оруулалт, боловсролын улсын байцаагч бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж байгаа аж. Бусад суманд сумын Онцгой комисс ажиллаж байна. Нөөлөг салхины улмаас цахилгаан шугам сүлжээний цехийн засварын ажлын хэсэг гарч, цахилгааны саатал гэмтлийг түргэн шуурхай засварлахаар ажиллаж байгаа бөгөөд хохиролын хэмжээ бүрэн гараагүй байгааг мэдээллээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=38844
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих