Хэнтий хүртэл гэрлийн хурдаар тавигдсан зам яагаад Дорнодын чиглэлд янз бүрийн асуудал үүсээд гацсан бэ гэхээр эхнийх нь Ц.Жанлав даргын үед Чойбалсангаас 82 км хээр талаар, хэн ч явдаггүй газраар өнгөрөөд шууд л Баруун-Урт руу явчих байсныг одоогийн ССАЖЯ-ны т.н.б.дарга П.Алтангэрэл Дорнодын АН-ын дарга байхдаа бас л хөр цаснаар хоёр ширхэг Зил-130 машины чиргүүл нийлүүлээд ЗДТГ-ын саарал ордны өмнө жагсаал цуглаан хийж, нутгийн түмний гарын үсгийг цуглуулан тэрийгээ тэврээд дээгүүр хөөцөлдөн маршрутыг өөрчилж чадсан нь том гавъяа байлаа.
Замыг хотоороо дайруулахгүй ээ гэж эсэргүүцэх хүн гарах уу? Гарын үсэг цуглуулахад маш амархан. Хүмүүс иргэний үнэмлэхээ бариад л төрийн тэтгэмж авах гэж байгаа юм шиг дугаарлаж байлаа. За тэгээд дараа нь хямрал зовлон ганц манайд биш дэлхий дахинд нүүрлэн юун зам манатай, өнөө маргаашаа яая даа гэх үе дайрсан ч өнгөрсөөн.
2011 онд овоо дорвитой юм хийчихмээр "Насны зам” ХХК тендерээ үргэлжлүүлэн авсан ч захирал нь Дорнодод нэр дэвшин "Замтайгаа ирлээ” гэж шоудсаар байгаад замаа аваад буцаад яваад өглөө. 2013 онд Шинэчлэлийн Засгийн газар ганц энэ "Насны зам” гэгч насаар минь хүлээлгэдэг газартай зууралдаад бүтэхгүй юм байна гээд 2013 ондоо багтаахын тулд дөрвийн дөрвөн компанид хуваан өгсөн. Чайна Жео инженеринг ХХК 50 км, Насны зам 173 км, Хансун зам 27 км, Гашууны гол 27,75 км зам хариуцсан байна. Мөн төв замын 10,6 км замыг "ЗЗБ” гүйцэтгэгчээр гэрээлжээ.
Гэвч дуусдаггүй ээ. Усан бороо үүнд буруутай гэдэг ч өөр олон шалтгаан бий. Жишээ нь төв замын "ЗЗБ” маань удалгүй "Эвт уул”, эцэстээ "НД” гэх зэрэг олон газраар дамжсан. Тэд үүнийг тайлбарлахдаа түншүүд гэх үгээр хаацайлна. Энэ зун тэдний хийсэн ажил нь замын хашлагуудыг хуулж авсан. Буцаагаад ус зайлуулагчаа бүрэн гүйцэд суулгаж чадалгүй өвөлтөй золгон гэртээ харьцгаасан даа.
Уул нь дээрх ажил дууссан бол тэр яриад байдаг асфальтан зуурмагийг бэлэн зам дээр асгаж цутгах нь тийм ч хэцүү ажил биш юм билээ. Зуурагч үйлдвэр нь хүчин чадалтай л бол 1 км орчим 3 хоногийн дотор асфалтаар хучаад болдог л юм байна. НД компанийнхан баруун талаас хуучин төв хүртэл ажил гүйцэтгэсэн.
Гэхдээ Мянганы замын хувьд Дорнодчууд ямар хүлээж сураагүй биш дээ. Дал хоносон юм чинь далан нэг хоноход ч яахав дээ. Одоо харин хамгийн итгэлтэйгээр хэлэхэд энэ жилийн наадмыг замтай болсны баяртайгаа зэрэг тэмдэглэнэ дээ.
Зам харгуй, дэд бүтцийн хувьд бас нэг онцлох үйл явдал бол олон жилийн настай Нисэхийн чиглэлийн зам. Эхлэл нь Д.Одбаяр гэдэг хүн засаг дарга байхад тавигдсан, харин төгсгөл нь өнгөрсөн онд. Ийм жаахан зам гэхэд 10 гаруй жилийн түүхтэйгээр баригдаж дуусна гэдэг арай дэндүү л дээ. 2012 онд татагдсан мөнгө нь өнгөрсөн жил орж ирсэн болохоор Энхболд даргатай "Чандмань тал” ХХК-ынхан хийж ч чадсан. Хэлсэн амандаа ч хүрсэн. Гэхдээ хэн ч хүлээж аваагүй, тууз хайчилж дарс буудуулаагүй. Зундаа шаварт, өвөлдөө цасанд зоогдоод онгоцноосоо хоцрох шахдаг хэцүү зовлон арилсныг "Шинэ суваг” ТВ онцлож байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих