
Улс төр уруудан доройтож байна. Өсөлтийн цэгийн тухай ойлголт эндээс уусан арилахтай зэрэгцээд хүн чанарын үнэлэмж, ичих булчирхайг нэхнэ гэдэг бүр ч утгагүй хэрэг боллоо. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийгээд түүний эсрэг тоглогч "ноён X" нарын зөрчилдөөн үүнийг батална. "Ноён Х"-ийн төлөөлөгч нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Өнөөдөртөө та бид далд шалтгааныг нь үүнээс цааш мэдэхгүй. Мэдэхийг хүссэн хүсэлд Х.Тэмүүжин сайд бодит хариултыг өгөхгүй байгаа нь сонин. Уг нь тэрбээр сайдын нэр төрөө орхиод Г.С гэгч бүсгүйн аав, ээж, ах дүү болон өөрийг нь хамгаалж өнгөрсөн долоо хоногт тодорхой тайлбар өгч болох байсан.
Гэтэл тэгсэнгүй. Зөвхөн Х.Тэмүүжин гэгч бие хүнийг хамгаалах хүсэл нь мөнөөх охиныг олны өмнө гэмтэн болгож, томхон нууцтай нь хамт нийгмийн адаг болгохоор хог дээр чулуудчихав. Ингэж бусдын эрхийг өерийнхөө эрх ашгаас доогуурт тавьдаг Хууль зүйн сайдтай байгаа нь манай нийгмийн эмгэнэл. Мен тэр бүхнийг онлайн ертөнцөд түгээж, олны хөлийн гишгүүрт дэвсэлж буй нь ч "ноён Х"-ийн талынхны Х.Тэмүүжингээсээ дээрдэхгүй гэдгийнх нь баталгаа. Энэ нь өөрөө улс төрд ёс суртахуун, хууль тогтоох засаглалд хүн чанар байхгүй байгаагийн илэрхийлэл. Тэр бүсгүй өнөөдөр шоронд хоригдож, шалгагдаж байлаа ч энэ нь түүнийг доромжлох шалтгаан биш. Тэр дундаа увайгүй улстөрчдөөс болж шүү.
Өнгөрсөн хугацаанд улстөрчид хэл амаараа зодолдож, бие биенээ "савардах" нь байдаг л нэг үзэгдэл болж ирснийг бид мэднэ. Гэхдээ л өнөөдрийнх шиг хумсаа нуусан муурын дүр төрхийг иргэдээсээ, сонгогчдоосоо айхгүйгээр илэрхийлж байсан түүх тун ховор. Иймд бид цаашид Монголын улс төрөөс, тэр дундаа карьерийн оргилыг бусдын толгой дээр гишгэлэн байж эзлэх хүсэлтэй улстөрчдөөс хударга гээч сайн зүйлийг олж харна гэдэг үлгэр юм. Учир нь тэд хүнээ байчихаад байна.
Ерөнхийлөгчөөс бол бүр ч үгүй. Тэрбээр өөрөө УИХ-ын гишүүдийг давхар сайдын алба хашихыг хориглосон хуулийн төслийг боловсруулсан. Хамгийн ичгэвтэртэй нь түүнийгээ 2016 оны долоодугаар сараас хэрэгжүүлэх тухай биччихсэн. Өөрөө анхлан "давхар дээл" гэгчийг өмсч, түүнийг санаачилчихаад Ерөнхийлөгчийн суудалд дахин тухлангуутаа шударга, зөв хүний дүр эсгэхээр шийдсэн нь өнөөдрийн улс төрийг улам бүр хордуулж орхилоо. Тийм ч учраас "Хориг тавина" гэсэн байр сууриа зарлаж, зөвлөхүүдээ олны хэл амны бай болгочихоод сууж байна. Өөрийнхөө үнэнч "фен" бүсгүйчүүдийг Монгол Улсыг хилийн чинадад төлөөлж суух Элчин сайдаар томилуулж, дипломат албыг чихэр мэт амтлуулахаар шийдлээ. Ингэж болох уу, Ардчилсан Ерөнхийлөгчийн зангарга ийм байна гэж бодохоор бид хэнээс шударга ёс, үнэт зүйл, хударга нэхэх болж байна. Захын зөвлөх нь УИХ-ын гишүүдийг загнаж, тэдэн руу сум нүүлгэдэг нь бүр хэвийн үзэгдэл болчихсон. Угтаа тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх, үүрэг хэрхэн хязгаарлагдсаныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд, өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд карьериин нэмэх цэнэг өгөхиин тулд төрииг түших баганагүй болгочихлоо.
Мөнгө завшсан хэрэгт сэжиглэглэж, шалгагдаж байгаа УИХ-ын гишүүд байна. Тэдэнд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаад шалгуулах зориг алга. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг удаа дараа Авлигатай тэмцэх газраас олонд "Хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон" гэх утгатай мэдээлэл хийлээ. Гэтэл мөнөөх гишүүн "Энэ тухай ярихгүй" гэдгээс өөр үг хэвлэлд хэлсэнгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч мөн адил. Хуулийг хэн хэрэгжүүлж, хуулийг хэн хүндэтгэн дагах ёстойг жирийн иргэд бид мэдэхээ байчихлаа.
Ерөнхий том зургаар нь харсан ч тэр адилхан. Ардчилсаннам, Монгол Ардын нам,Иргэнийзориг-Ногоон нам, "Шударга ёс" эвсэл. Бүгд Монголын хүнд хэцүү бүхнийг өөрсдөөс нь бусад хүмүүс бий болгож, хутган үймүүлсэн мэт дуртайгаараа цуурч байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Мал өссөн нь Н.Алтанхуягийн биш хуц, ухнын гавьяа" гэчихсэн сууж байна. Уг нь МАН засаг барьж байх үед "Мал өссөн нь МАН-ын гавьяа" гэх ухуулга сурталчилгаа "Больё оо" гэтэл нь явдаг байсан даа. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь ийм өчүүхэн эсэргүүцлээр иргэдийн тархийг угаах гээд сууж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тухайд ч тэр адилхан дээрдэх юмгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг Засгийн газрын нэр бүхий 17 сайдад "давхар дээл"-ийг хэлэлцэх санал хураалтад оролцохгүй байх уриалга өгснийх нь төлөө Халдашгүй байдлын дэд хороонд өгөхөөр шийдэж гэнэ, тэр хүн. Хариу барих арга нь ч, халдаж довтлох тагтик нь ч "өмхийрчихсөн". Ийм болохоор л улстөрчдөд итгэх иргэдийн итгэл алдарч, сонгуулийн ирц жилээс жилд буураад байгаа нь тодорхой.
Ичих ч үгүй сонгуульд оролцсон иргэддээ утасны нэгж тараагаад л. Энэ янзаараа УИХ-ын 2016 оны сонгуульд иргэдийг оролцуулахын тулд чуулганаар "Сонгогчдод өдрийн цай хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэсэн хуулийн төсөл батлуулж ч мэдэх юм. Хударгагүй, хуудуутай улстөрчдөд итгэхээ байсан сонгогчдын саналыг авахын тулд шүү дээ. Хамгийн гол нь тэд ийм арчаагүйтэж чадаж байж яаж эгэл биднийг "Хуулиа биелүүл. Төрөө дээдэл. Үнэнч шударга бай" гэж загнаад байгааг нь ойлгох гээд ч толгой хүрэхгүй байгаа нь хачин хэрэг шүү.
Г.ОТГОНЖАРГАЛ тоймч