Чингис бондоос санхүүждэг, Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа "Гудамж” төслийн захирал Бадрахын Батболд гэж бий. 1981-1986 онд Политехникийн дээд сургуулийг архитектор мэргэжлээр, 1994-1995 онд АНУ-ын Лос-Анжелесийн UCLA их сургууль "American Language Center”, Montana их сургуулийн Архитектурын тэнхим, 1995-1997 онд Хоккайдо их сургуульд суралцаж архитектурын мастер, (Housing Policy), 1997-2001 онд Хоккайдо их Сургуульд "Скандинавийн орнуудын хот төлөвлөлт” сэдвээр техникийн ухааны доктор, 2004 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, 2004-2007 онд Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. 2013 оноос Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх, "Гудамж” төслийн захирал гэсэн "албан ёсны” намтартай.
Гэвч намтартаа бичээгүй 2007-2013 онд базаахгүй явдалд оролцож байсан талаарх мэдээлэл хаа нэг дуулдаж, тэгсгээд чимээгүй болсоор иржээ. Мөн "Гудамж” төслийн захирал болсон тухайд нь ч элдэв янзын нэр хоч дагалддаг юм байна. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн түүнд тавигдаж буй асуулт гэсэн үг. Тиймээс Б.Батболд захирал танд доорх асуулт нэхсэн баримт, мэдээллүүдийг тоймлъё.
Баримт, мэдээлэл 1.
...Өнгөрсөн оны есдүгээр сард Баянгол дүүргийн тавдугаар хороо Нэгдсэн гурдугаар эмнэлгийн баруун талд "Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар "Төгс Гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулж байгаад 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь насыг хохироосон, Сетунари ХХК-ийн Буянт оношлогоо эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламны самбар зэргийг гэмтээж 5.863.675 төгрөгийн хохирол учруулсан, Цахилгаан тээвэр ХХК-ийн шугамын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг таслаж 2.900.000 төгрөгийн, хохирогч Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай Тоёото Пропокс маркийн машиныг гэмтээж 2.705.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг гарч ард иргэдэд айдас түгшүүр төрүүлж байсан билээ.
Олны анхаарал татсан эдгээр хэргүүд гарч байгаа шалтгаан нөхцлийг бүрэн шалган тогтоож арилгах, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байхад Баянгол дүүүргийн прокурорын газраас онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд Б.Есүгэн охин нас барсан дээрх гэмт хэрэгт Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
... Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, "Төгс Гүрэн” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх ... ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
/Эх сурвалж: Olloo.mn УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэдээллээс.2013-7-01/
Баримт, мэдээлэл 2.
...Эх сурвалжийн өгүүлснээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Гудамж” төслийн удирдагчаар өөрийн найз Б.Батболдыг тавьжээ. "Гудамж” төслийг хэрэгжүүлэхийн тулд "Чингис” бондоос 200 сая ам.доллар зарцуулахаар болсон. Үүнээс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд "Фортуна” Н.Батбаяр найзынхаа гарт атгуулсанд учир байгаа гэнэ...
...Тэрээр 2007-2013 онд хаана, юу хийж байснаа өөрийн анкетдаа бичээгүй байна.
Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр Б.Батболд нь энэ хугацаанд "Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэх. Тэгвэл тэрхүү "Мүүди” ХХК нь өнгөрсөн жил бяцхан охины аминд хүрсэн газар юм. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад явж байсан бяцхан охин III эмнэлгийн баруун талд баригдаж буй "Мүүди” ХХК-ийн захиалгаар "Төгс гүрэн” ХХК-ийн барьж байсан барилгын бетон зуурмаг шахагч машины цемент дамжуулах хоолойд даруулж амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Гэхдээ эмнэлгийн эзэмшлийн газарт барилга барьж байсан "Мүүди” компанийн удирдлагууд охины амиа алдсан хэрэгт ямар нэгэн хариуцлага тооцоогүй үлдэж чадсан байдаг. Харин аймшигт хэрэг шүүхийн шатандаа явж байхад хэргийн эзэн "Мүүди” компанийн захирал төрд шургалж, түүгээр ч үл барам 200 сая ам.долларын төсөл хэрэгжүүлээд явж байгааг юу гэж ойлгох вэ...
/Эх сурвалж http://www.info.mn 2013-9-19/
Баримт, мэдээлэл 3
...Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Гудамж” төслийн удирдагчаар өөрийн найз Б.Батболдыг тавьсан гэдэг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд авсан бондны 200 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийн удирдагч Б.Батболд нь энэ хугацаанд "Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байж. "Мүүди” ХХК нь өнгөрсөн жил Б.Есүгэн охины аминд хүрсэн барилгын захиалагч нь. Захирал нь тухайн үеийн "Мүүди” компани, одоогийн "Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Батболд аж...
...Ямар ч тендер шалгаруулахгүйгээр, зөвхөн гэрээгээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг өөрөө "но”-той. Энэ "но”-ны нэг нь Н.Батбаярын найз Б.Батболд байж мэдэх л юм...
/Эх сурвалж: "Улс төрийн тойм” Н.Батбаяр. 2013-10-07/
Баримт, мэдээлэл 4.
...-Хоёулаа энэ барилгад анхаарал хандуулъя. Барилга эхлүүлэх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй байсанюм билээ?
-2011 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлдвэр үйлчилгээ, орон сууцны чиглэлээр барилга барих зөвшөөрөл иргэн Батболд гэдэг хүний нэр дээр гарсан юм.
-Батболдын хувьд барилга барих бус газар эзэмших гэрчилгээ авсан юм биш үү?
-Тийм ээ. Эмнэлэг, орон сууцны барилга барих зөвшөөрлөөр авсан юм. Манайх захиалагч компани. Манай компанид барилга барих тусгай зөвшөөрөл байхгүй. Эл барилга маань 13 давхар баригдах юм. Тиймээс бид 16 давхар хүртэлх барилга барих зөвшөөрөлтэй "Төгс гүрэн” компанитай орон сууц барих гэрээ хийгээд энэ барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ компани маань тусгай зөвшөөрөлтэй. Хамгийн гол нь тухайн барилгыг барьж эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан гэдэг асуудал сөхөгдөөд байна...
/Эх сурвалж: www.assa.mn "Мүүди” компанийн хуулийн зөвлөх Ц.Гансүхийн ярилцлагаас.2012-9-06/
Баримт, мэдээлэл 5.
...Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Гудамж” төслийн удирдагчаар өөрийн найз Б.Батболдыг тавьсан гэдэг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд авсан бондны 200 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийн удирдагч Б.Батболд нь энэ хугацаанд "Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байж. "Мүүди” ХХК нь өнгөрсөн жил Б.Есүгэн охины аминд хүрсэн барилгын захиалагч нь. Захирал нь тухайн үеийн "Мүүди” компани, одоогийн "Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Батболд аж...
/Эх сурвалж: Улстөрийн тойм сонин. Б.Оюунгэрэл. 2013.10 дугаар сар/
Хэвлэлээр бичиж нийтэлсэн баримт мэдээллүүд гэвэл товчхондоо энэ. Ухаад асуугаад явбал багагүй зузаарах олон асуултын төлөөлөлд Б.Батболд захирал та заавал хариулаарай.
Б.ДАМДИН-ОЧИР
polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих