Өнгөрсөн оны долдугаар сард Татварын байцаагч эмэгтэй хардалтаас болж нэг эмэгтэйн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тэрээр хүний амийг ноцтойгоор хөнөөсөн хэрэгтээ 22 жилийн ял авсан билээ. Харин уг хэргийг гарах гол шалтгаан болсон Д.Батболд гэгч ямар ч гэм зэмгүй үлдсэн бөгөөд түүнийг яллах ямар нэгэн хуулийн заалт үгүй хэмээн хууль хяналтынхан мэдэгдсэн. Гэхдээ хоёр бүсгүйн нэгийг хэрэгтэн, нөгөөг талийгаач болоход түүний буруу байгаа хэмээн үзэх нэгэн ч байв. Тэгвэл УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцох ёстой гэж үзсэн ажээ.
Ингээд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Уул уурхайн яаманд илгээсэн албан бичгийг хүргэж байна.
"Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид танаа
Д.Батболдыг ажлаас чөлөөлүүлэх тухай
Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. 2013 оны 7 дугаар сарын 1-нд иргэн Э-гийн амь насыг иргэн Т санаатайгаар бүрэлгэсэн гэмт хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан юм. Уг гэмт хэрэг үйлдсэн Т нь танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдтой хамтран амьдарч байхдаа ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өдгөө хуулийн дагуу ял эдэлж байна.
Хэдийгээр Д.Батболд нь уг гэмт хэрэгт биеэр оролцоогүй ч түүний хувийн харилцааны зарим үйлдэлтэй холбоотойгоор хүний амь нас хохироод байхад тэрбээр ямар ч шийтгэлгүй өнгөрч байгаад иргэд бухимдаж, төрийн захиргааны албан хаагчийнхаа хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсээр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.1-д зааснаар төрийн захиргааны албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэгтэй. Харин Д.Батболдын хувийн харилцааны ёс зүйгүй үйлдлүүд нь төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаж байна.
Ийм учраас УИХ дахь Эмэгтэй гишүүд бид Д.Батболдыг төрийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч өгөхийг Танаас хүсч байна.
Хувийг: Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Дэд Сайд О.Эрдэнэбулган нарт
УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг Д. Арвин, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, М. Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, Д.Оюунхорол, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг” гэжээ.
П.Наран
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих