Орос, Хойд Солонгос улсууд Москва, Пёньян хоорондын зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг 2020 оноос хойш анх удаа сэргээж буйг Оросын төмөр зам компани мэдэгдлээ. Галт тэрэг зургадугаар сарын 17-ноос эхлэн сард хоёр удаа явна. Дэлхийн хамгийн урт зам туулдаг галт тэрэгний шууд аялалд тооцогдож буй уг аялал найман өдөр үргэлжлэх ба 10 мянган км зам туулна.
Энэ нь шууд аялал боловч вагоныг замд нь өөр өөр галт тэргэнд холбох юм. Тодруулбал, Хойд Солонгосын вагоныг эхлээд Москвагаас Владивосток хүрдэг энгийн галт тэргэнд залгана. Владивосток хүрсэн хойно тус вагоныг Хойд Солонгос хүрэх өөр галт тэргэнд залгах аж.
Нийслэл хоорондын аяллаас гадна Пёньян, Хабаровск чиглэлийн галт тэрэгний аялал мөн хоёр өдрийн дараанаас сэргэнэ. Хабаровск нь Хятадын зүүн хойд хилтэй ойрхон байдаг.
ОХУ, Хойд Солонгос хоорондын зорчигчийн галт тэрэгний үйлчилгээ Covid-19 цар тахлын улмаас 2020 онд тасалдсан. Хоёр улсын удирдагч өнгөрсөн онд стратегийн түншлэлээ баталгаажуулснаас хойш цэрэг арми зэргээр янз бүрийн салбарт тэдний хамтын ажиллагаа өргөжиж эхэлжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих