УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд “Нүүрс тойрсон нам-улс төр” сэдвээр сэтгүүлчдэд танилцуулга хийж, нүүрсний худалдааны ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал болон улс төрийн нөлөөний талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр нүүрсний худалдааг ил тод, өрсөлдөөнтэй болгохын тулд биржийн аргыг түлхүү ашиглах ёстой гэв. 2025 оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортын 79 хувь нь урт хугацааны “том гэрээ”-гээр, 21 хувь нь биржээр хийгдэж байгаа нь ашиг, үр өгөөжийн тэнцвэргүй байдлыг харуулж буйг онцолсон. Мөн тэрбээр “Норинко”, “Чайна энержи”, “Чалко” зэрэг Хятадын компанитай байгуулсан гэрээний үнэ, нөхцөл нууц хэвээр байгаа нь ашиг сонирхлын зөрчил дагуулдаг хэмээн шүүмжиллээ. Түүний хэлснээр “Норинко”-гийн гэрээний үнэ 2022 онд 113 ам.доллар байсан бол 2025 онд 55 ам.долларт хүрч буурсан байна. Харин “Чайна энержи”-гийн гэрээ 2030 он хүртэл жилд таван сая тонн, түүнээс хойш 20 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохирч, нийт 250 сая тонн хэмжээтэй томоохон хэлэлцээр гэдгийг онцлов. Мөн тээврийн тендерийн доогуур тариф нь монгол жолооч нарыг өрийн дарамтад оруулж байгааг анхааруулсан юм. Түүнчлэн тэрбээр “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь төрийн өмчит компанийн нууц гэрээ, намын томилгоо, улс төрийн оролцоотой шууд холбоотой. Тэнд нууцаар гэрээ байгуулж, хямд үнээр зарж, ашиг хуваадаг тогтолцоо үүссэн” гэв. Төгсгөлд нь гишүүн Ж.Золжаргал нүүрсээ биржээр илүү их хэмжээгээр зарах, хил хүртэл тээврийг монголчууд өөрсдөө хийх, нүүрсийг чанараар нь сорчлохгүй борлуулах, үндэсний үнийн индекс бий болгож ашиглах, бүх гэрээг нууцаас гаргах гэсэн таван алхам санал болгов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих