Эрхэм гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн жилээс хойш тэгш ой нь тохиосон сум бүрт очиж, 50 сая төгрөг бэлэглэх амлалтаа сүр дуулиантай зарласаар хэдэн зуун сая төгрөгийн "өрөнд” орчихсоныг сумдын ард иргэд төдийгүй аймаг даяараа мэдэх болсон. Харин энэ амлалтдаа хүрсэн үү, үгүй юу гэдэг нь тун тодорхойгүй.
Ер нь УИХ-ын гишүүн тойргийн ард иргэддээ мөнгө өгөх албатай ч биш. Хууль батлах л үүрэгтэй улс. Гэхдээ улстөрчийн хувьд бус, уул уурхайн томоохон "хөрөнгөтөн”-ий хувьд өөрт нь итгэл хүлээлгэн их хуралд мордуулсан аймгийн ард иргэдэд 50, 50 саяар нь худал амлаад явах эвгүй л юм.
Ноднин жил л гэхэд Баян-Уулын ойн арга хэмжээн дээр сэтгэл нь хөдөлсөн гишүүн маань "Намайг Баян-Уулд 50 сая төгрөг хандивлаж байгааг зарлаад өг” хэмээн шалсан гэнэ лээ. Тэгэхэд нь сумын удирдлагууд "Та хавар хотод болсон хандивын тоглолт дээр 50 саяыг амлаад өгөөгүй шүү дээ. Одоо дахиад 50 саяыг нэмж байгаа юм уу. Тэгэхээр нийлээд 100 саяыг амалж байгаа гэж зарлах уу, өмнө амласан 50 сая төгрөгийг чинь энд дахин зарлах юм уу. Тодорхой хэлэхгүй бол таны 50 саяудыг чинь биднийг аваад идчихлээ гэж иргэд хардана шүү дээ” хэмээн амыг нь тагласан гэдэг. Гишүүн ч бантсандаа хүндэтгэлийн хүлээн авалт энэ тэрд нь ч очилгүй сумын наадмыг дундаас нь орхиод аймгийн төв рүү тоос манарган давхисан гэх яриа бий.
Нэрийг нь хэлээд яахав. 90 жилээ тэмдэглэсэн бас нэгэн сумын даргаас 50 саяын талаар асуухад, "Гишүүн өгнөө л гэсэн. Ойн баяраар л лав хялайлгаагүй. Бид ч албатай юм шиг хойноос нь хөөцөлдөөд яахав. Өгвөл тэр л биз” гээд ширэв татна лээ.
Харин саяхан Н.Номтойбаяр гишүүний хаялага Баяндунд буусан тухай мэдээ ирлээ. Гишүүн тус сумын ахмадуудад зориулж "Ач санах өргөө” нэртэй хөөрхөн байшин бариад өгчээ. Юутай ч гэлээ, сумын төвийн өндөр настнууд ярьж хөөрөх, шатар даалуу тоглож суух жижигхэн ч болов байртай болж. Харин энэ байрны зардал өнөөх алдарт 50 саяынх нь нэг хэсэг үү. Эсвэл 50 саяудаа тусад нь "хялайлгах” гээд байна уу гэдэг нь бас л тодорхойгүй. "50 саяын уналт” гэж үзэгч ихтэй нэвтрүүлэг бий. Яг түүн шиг гишүүний амласан 50 сая төгрөг унасаар унасаар тав, арвын байшин болоод хувирчихсан юм болов уу?
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих