Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын сайд Галсанов Б.Г тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Дорнод аймагт ажлын айлчлал хийв.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны гадаад эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Кравцов М.В, "Онон” районы Засаг дарга Танхаев Я.В, "Чита Автотранс” компанийн ерөнхий захирал Пелехатый М.Я нар оролцов.
Гадаад харилцааны сайдын айлчлалтай холбогдуулан ажил хэргийн уулзалт болов. Уулзалтад аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөх, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, газар, хилийн боомт дээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд оролцов.
Оросын Холбооны Улсын төлөөлөгчдийг Аймгийн Засаг дарга халуун дотно хүлээн авч уулзан, хөрш зэргэлдээ манай хоёр орны ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажил хэрэгч үнэтэй санал солилцов.
Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат хэлсэн үгэндээ:
-Дорнод аймаг нь Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаартай өнө эртнээс тогтоосон найрамдалт харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлж шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Дорнод аймгаас нүүрс экспортлох, мах махан бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах, Эрээнцавын бүс нутагт 3 улсын чөлөөт бүс бий болгох, гуалин мод, цемент, тоосго, шилмэл үйлдрийн бог, бод малыг Оросын Холбооны Улсаас импортлох, Чойбалсан хот дахь олон улсын Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх, төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх, их дээд сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх, Буриад үндэстний "Алтаргана” наадмын тухай, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын албадын дарга нарын уулзалтыг Чита хотод зохион байгуулах зэрэг олон саналыг дэвшүүлэв.
-Мөн
түүнчлэн иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих
зорилгоор гадаад харилцаанд учирч буй зарим хүндрэл бэрхшээлийн тухай
асуудлыг хөндөж ярив. Үүнд:
-Оросын Холбооны Улсын "Верхний Ульхун” хилийн боомтын хүнд сурталтай, удаан үйлчилгээг бусад боомтуудын нэгэн адил хөнгөн шуурхай үйлчилгээтэй байлгах, Соловьёвск-Эрээнцав, Верхний Ульхун-Ульхан боомтуудаар Оросын Холбооны Улсаас Монгол улс руу гуалин мод оруулдаг зөвшөөрөлтэй болгох, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хувь хүн, бизнес эрхлэгчдэд гааль татварын хөнгөлөлт үзүүлэх, Өвөрбайгалийн хязгаарын эмнэлэгт оношлогоо, эмчилгээ, сувилгаа хийлгэхээр очиж буй Монгол улсын иргэдэд Оросын иргэдэд мөрддөг тарифаар үйлчлэх, мөн Өвөрбайгалийн хязгаарт Монгол улсын иргэн, ОХУ-ын иргэн Дорнод аймагт өвдөж, бэртэж, гэмтсэн тохиолдолд хөнгөлөлттэй, аль болох бага зардлаар эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байх тухай ярилцав.
-Сайд Галсанов Б.Г хэлсэн үгэндээ: Дорнод аймгийн иргэд, та бүхэн
биднийг халуун дотно хүлээн авч байгаад сэтгэл хангалуун байгаагаа
онцлон тэмдэглээд энэ удаагийн айлчлалын зорилго нь манай хоёр орны
найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх зорилготой гэдгийг
танилцуулав. Оросын Холбооны Улс нь хөрш зэргэлдээ Монгол улстай бүх
салбарт хамтын ажиллагааг улам эрчимтэй хөгжүүлэх сонирхолтой байгаагаа
илэрхийлэв. Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч Ильковский К.К-ийн
мэндийг уламжлахын зэрэгцээ Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбатыг 2014
оны 4 дүгээр сард Чита хотод ажлын айлчлал хийхийг урьсаныг албан ёсоор
мэдэгдэв. Мөн энэ удаагийн айлчлалаар Соловьёвск-Эрээнцав автозамын
хилийн боомтоор дамжуулан "Борзя-Чойбалсан” маршрутаар байнгын автобус
үйлчилгээг нээх зорилгоор энэ асуудлыг судалж танилцахаар "Чита
Автотранс” компанийн ерөнхий захирал Пелехатый М.Я төлөөлөгчдийн
бүрэлдэхүүнд ирсэнийг танилцуулав.
-Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлж, эрхэм
хүндэт сайд Галсанов Б.Г нь Агын Бурятын Автономит тойрог байх үед тус
тойргийн захиргааны орлогч даргаар ажиллахдаа Монгол, Оросын ахан
дүүгийн найрамдалт харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их
хувь нэмэр оруулж байсныг онцлон тэмдэглэж, энэ удаа айлчлан ирсэнд
баяр хүргэв.
-Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх ажлыг хилийн боомтоосоо эхлэх хэрэгтэй байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг улсын хилээр хууль эрх зүйн хүрээнд аливаа саадгүй чөлөөтэй зорчдог болгох, гаалийн татвар хөнгөлөлт үзүүлдэг болсон нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Ингэхгүйгээр худалдаа, эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэх тухай асуудал арай өрөөсгөл болоод байна гэв.
-Сайд Галсанов Б.Г хэлэхдээ: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас тавьж буй асуудалд анхааралтай хандана гэдгээ илэрхийлэв. Тийм ч учраас энэ удаагийн айлчлалаар Монголд ирэхдээ миний бие Соловьёвск-Эрээнцаваар орж, Ульхан-Верхний Ульхун боомтоор гарахаар төлөвлөсөн явдал нь хил дээр учраад байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилго давхар агуулсан юм гэв.
-Монгол улсын Дорнод аймаг, Оросын Холбооны Улсын Өвөрбайгалийн хязгаарын хооронд нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт 2014-2015 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд туссан асуудлуудын чиглэлээр талууд тодорхой саналуудыг солилцов.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих