Монголчууд хэдхэн хоногийн дараа 17 дугаар жарны Гал бичин жилийг угтах гэж байгаа билээ. Тэгвэл "Муу нүүрт” хэмээх бичин жилийн өнгө ямар байх талаар "Манба Дацан” хийдийн тэргүүн, билгүүн номч хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.
-Өнгөрч байгаа хонин жилийн өнгө, нуруу ямархуу байв. Та нэг дүгнээд хэлээч?
-Модон хонин жил гарахад зурхайчид хаврын сардаа жаахан хүйтэвтэр байна гэж хэлж байсан. Өнгөрсөн жилийн хавар хүйтэн л байсан. Зундаа зарим газар хур бороо багатай байна гэж байсан. Тийм л байлаа. Зарим нутагт байгаль, цаг уурын асуудал хүндэрч магадгүй гэж байсан юм. Би ч хэлж байсан даа. Зүүн зүгийн нутгуудад цаг агаар хүндэрч магадгүй. Ертөнцийн зүүн зүг нь жаахан хэцүү байх нь гэж. Тэр ёсоор болж, зүүн аймгууд нэлээд асуудалтай байлаа шүү дээ.
Нөгөө талаар өвс, ногоо дунд зэрэг ургана. Халдварт өвчин гарна. Хулгай, дээрэм ихэсч магадгүй. Түшмэдүүдийн хувьд хямралтай гэж байсан. Зурхайд буусан зүйлс ерөнхийдөө л зөв талдаа байсан.Зурхай гэдэг зөвхөн монголчуудад зориулсан зүйл биш. Дэлхийн чанартай шүү дээ. Энэ замбуулин ертөнц дээр байгаа ерөнхий зүйлс энд тусч байгаа. Харьцуулаад аваад үзвэл зурхайн зурлагатай зурсантай таарч байгаа зүйл цөөнгүй л байгаа юм.
-Тун удахгүй гал бичин жил гарах гэж байна. Ирэх бичин жилийн өнгө ямархуу байх нь вэ?
-Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг нь учиртай. Тэр зурлагад гарсан дүр байдлыг номонд юу гэж үзсэн байгааг зурхайчид номынх нь дагуу гаргадаг ёстой. Үндсэндээ шороон үхрийн шинж, боовны үр, цасан чихрийн амт зэрэг зурлагуудаас дүгнэж байгаа дүгнэлт. Энэ бүхнээс үзэхэд, бичин жилд хаврын сардаа салхи шуурга ихтэй байх нь.
Тийм болохоор монголчууд, тэр дундаа малчид маань хаврын сард анхаарал, болгоомжтой байх нь гэж ойлгох хэрэгтэй. Мөн хуурайшилт их байх шинжтэй. Зундаа хур бороо зарим нутгаар багатай байх нь. Зарим нутгаар гантай жил болох нигууртай гэж зурлагад бууж байгаа.
Зурхайч нар жилийн өнгийг шороон үхрийн зурлагаар тооцож гаргадаг нь учиртай.
Үр, тариа, ургамал ногоондоо сайн анхаараарай. Тариаланчид маань арвай буудайгаа тарьж ургуулахдаа одооноос жаахан бодолтой, цаг уураа сайн шинжиж, зохицуулж ажиллах шаардлагатай гэсэн үг.
Мөн ургамлын гарц муу байвал малын тарга тэвээрэг өөрчлөгдөнө шүү дээ. Тийм болохоор монголчууд, сүсэгтэн олон минь лус савдгаа сайн тахих хэрэгтэй байна. Тэгвэл энэ байдал өөрчлөгддөг. Байгаль хангай дэлэгнэдэг. Тийм болохоор хангай дэлхийгээ тахиж шүтэх ажлаа сайн хийгээрэй гэж хэлмээр байна. Түүнээс гадна, малын өвчин эмгэг дэлгэрэх магадлал буй. Хүнс, хоол бол муудахгүй шинжтэй байна.
Хаад, ноёдын хувьд нэлээд хямралтай жил болох нь. Мөн бухимдал ихтэй жил байх нь. Дунд болон бага тушаалтан, ард иргэдэд ээлтэй, амгалан тайван жил болох шинжтэй байгаа юм. Жилийн өнгө ийм байна. Би хувьдаа боддог. Бид бүгдээрээ сайхан ерөөл тавих хэрэгтэй. Амны бэлгэ сайтай баймаар байна. Шинийн 1-ний өглөө бүгдээрээ байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлээд, идээ будааныхаа дээжийг өргөж, "Сайхан жил болоосой” гэж ерөөх хэрэгтэй. Лам хуврагууд нь лус савдгаа тахиж, орон нутгийнхан газар газрынхаа онцлогт тохирсон засал, тахилгаа хийлгэх хэрэгтэй шүү. Тэгвэл байгалийн өнгө өөрчлөгддөг жамтай. Үүнийг цаашдаа сайн бодож байх хэрэгтэй.
-Сар шинэ гарахаар л засал ном хийлгэх ёстой гэдэг. Заавал хийлгэх ёстой юу?
-Бүх хүн бэлгэ дэмбэрэл бодож, засал номоо хийлгэмээр байгаа юм. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сартай холбоотойгоор зурхайн зурлагууд нь өөр өөр байдаг. Монголчууд бүгдээрээ сайхан байя л гэж байгаа бол хүн бүхэн, дор бүрнээ заслаа хийлгэж байх ёстой юм байна гэдгийг олон жил ном үзэж байхдаа ойлгосон.
Энэ бол нэг хэсэг нь хийлгэдэг, нөгөө хэсэг нь хийлгэдэггүй орхидог зүйл биш юм байна. Бүр цаанаас стандарттай зүйл гэж ойлгож болно.
Урьдчилан сэргийлнэ, хамгаална. Мөн сөрөг үр дагавруудыг эерэг болгохын тулд засал хийлгэдэг. Тийм болохоор заслаа сайн хийлгэчих юм бол дор бүрнээ амар амгалан болно. Ард иргэд нь амар амгалан байвал улсын хөгжил ч гэсэн сайжирна биз дээ. Дор хаяад өвдөхгүй. Өвдөхгүй бол тэр айлын санхүүгийн боломж ч гэсэн нэмэгдээд ирнэ биз дээ. Яг үнэн чанартаа маш олон хорлогч байгаа. 380 ад тотгор. 1,080 гэг тотгор, 84 мянган муу нисванисын сэтгэл бидэнд байгаа. Тэр болгон тухайн жилээс хамаараад хүний ажил, амьдралд янз бүрээр нөлөөлдөг байхгүй юу.
Гэтэл хүмүүс "Энэ жил би засал хийлгэхгүй зүгээр л байна шүү дээ” гэж хэлдэг. Харин би ном үзэж байгаад нэг зүйлийг ойлгосон. Энэ бол худлаа гэдгийг ойлгож, мэдсэн. Тэр хүнд мэдэгдээгүй өнгөрчихсөн байж болно. Гэтэл биед нь элдэв зүйл суулгаад авчихдаг. Элгийг нь хорлох байсан бол хорлоно.
Ямар нэгэн өвчин тусгах нөлөө тэр жилд байсан байж гэж бодъё. Гэтэл
заслаа хийлгээгүй ч гэсэн зүгээр өнгөрчихлөө гэж бодтол тэр хорлолоо аль
хэдийнэ чамд хийчихээд, дараагийн нэг, хоёр жилд илрүүлж гаргаж ирдэг.
Тэр үед нь хүмүүс би энэ жил л ингэчихлээ гэж боддог. Энэ бол хүмүүсийн
том алдаа. Тийм болохоор жилийнхээ заслыг тухайн тухайн үед хийгээд,
элдэв барьцдаа арилгаж байх хэрэгтэй.
-Жил бүр онцгойлон засал хийлгэх ёстой хүмүүс байдаг даа. Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх ёстой вэ?
-Шинээр төрж байгаа нэг настай хүүхэд, 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай, хулгана жилтэй хүмүүс маш сайн анхаарч, засал номоо хийлгэх ёстой. Яагаад гэвэл, энэ хүмүүст гүймэг таараад байгаа. Есөн нүдний засал гэж байдаг юм. Тэр гүймэг гэдэг заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Энэ бол маш их хорлолтой гариг эрхсийн нөлөөлөл шүү. Үүнээс болж хүний амьдралд асар том алдаа эндэгдэл гардаг юм. Би олон жил хүнтэй харилцаж байгаагийнхаа хувьд үүнийг мэдсэн.
Тийм учраас Монголын ард түмэндээ сануулж хэлж байгаа юм. Дээрээс нь бартай хүмүүст дүнсэр гэдэг гариг эрхсийн нөлөөлөл гарч байгаа. Энэ бол харш жил гэсэн үг. Тэгэхээр дүнсэр таарсан бар жилтэй хүмүүс дүнсэрийнхээ заслыг маш сайн хийлгээрэй. Үүнээс болж хүний амьдрал, эрүүл мэнд, ажил үйлсэд нь олон муу нөлөө гарна шүү гэдгийг анхааруулъя. Мэдээж энэ жил жил нь орж байгаа хүмүүс заслаа сайн хийлгэх шаардлагатай. Дээрээс нь огторгуй, шороо, төмөр суудалд суусан хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.
Тэр дундаа төмөрт суусан хүмүүс осол аваарт орох, юмнаас унаж гэмтэх магадлалтай. Тийм учраас маш сайн засуулах шаардлагатай байна. Мөн гахай болоод могой жилтэй хүмүүст шишид гэдэг гариг эрхсийн нөлөөлөл таарч байгаа. Тийм болохоор шишдийнхээ заслыг сайн хийлгэх ёстой. Голдуу Ногоо дарь эх уншуулдаг юм.
Мөн мэнгэ голлож байгаа хүмүүс мэнгэний заслаа сайн хийлгээрэй.
Дээрээс нь дашзэвэг, найман гэгээнийг уншуулчих хэрэгтэй. Мөн мэнгэ голлож байгаа хүмүүс мэнгэний заслаа сайн хийлгээрэй. Энэ жил хоёр хар мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлож байгаа. Хоёр хар мэнгэтэй жилд төрсөн хүмүүс заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Ерөнхийдөө лам багш нараасаа асуугаад, тухайн жилийн зурлага өөрт чинь яаж тохирч байгаагаас шалтгаалаад тэр чиглэлийнхээ заслуудыг хийлгээрэй.
Засал хийлгэсэн төдийгөөр маш олон сөрөг үр дагавраас аврагддаг гэдгийг олон жил лам хүний ёсыг барьж, ном үзэж яваагийн хувьд хэлж байгаа юм. Үнэнийг хэлж байна, би. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг. Тэнэгийн ухаан үдээс хойш ч гэж бий. Үүн шиг хандаж болохгүй ээ. Гариг эрхсийн нөлөөлөл нь нөлөөлөөд, муу үр дагавар гарсны дараа одоо яах вэ гэж ирдэг хүмүүс их байдаг. Би үүнд их харамсдаг. Хэрвээ эртхэн засуулчихсан бол ийм зүйл тохиолдохгүй шүү дээ. Эртхэн засуулчихгүй яав даа гэж. Ийм л том алдаа хүмүүст байна. Тийм болохоор өөрт тохирсон засал номоо хийлгэчих хэрэгтэй. Тэгвэл амар амгалан болоод л ирнэ шүү дээ.
-Энэ жил "Галзууруулагч” хэмээх хонин жил дуусч байна. Гэтэл бичин жил нь "Муу нүүрт” гэсэн тодотголтой байх юм. Монголчууд үгийн утгыг их анхаарч, ханддаг. Тиймдээ ч "Муу нүүрт” гэдэг үгэнд эмзэглэж, муу жил гарах нь гэж бодоод байх шиг байна. Энэ тал дээр та тайлбар өгөөч?
-Энэ бол монголчууд зохиочихсон үг биш шүү дээ. Бүр эртнээс, гариг эрхсийн тухай зурхайн тооцоолон бодох ухаан гарахад л 60 жилээр нь 60 жилүүдэд нэр өгсөн байгаа юм. Тэгэхээр 60 жил болгон өөр өөрийн гэсэн нэртэй байх нь. Энэ жилийн гал бичин жил "Муу нүүрт” гэдэг нэртэй байгаа юм. Энэ нэрнээс болоод муу юм бодоод хэрэггүй. Яахав, жилийн юмаа мэдрүүлнэ шүү гэж л цаагуураа хэлээд байна шүү дээ. Нэг ёсны нэрээрээ сануулж байна гэсэн үг. "Би бол галзууруулагч гэсэн нэртэй, гариг эрхсийн нөлөөлөлтэй шүү.
Тэгэхээр үүнийгээ засаад залруулчихаарай” гэж байгаа юм. Сайн гараг эрхсийн нөлөөлөл бол хүнд ач буянаа өгч байгаа. 360 гаруй хоногт бүгдэд бичин жил муу нүүрээ үзүүлэх юм уу гэвэл үгүй шүү дээ. Сайн нүүр цаана нь байж л байгаа. Хэрвээ муу нүүрээ үзүүлбэл түүнийг нь аргалаад, тахил балин өргөөд, өөрт нь таалалтай юмыг нь өгөөд, тахьчих хэрэгтэй. Тэгвэл тэр чинь баярлаад, сайн нүүрээ үзүүлнэ шүү дээ. Гариг эрхсийн муу нөлөөллийг засал ном уншуулаад, өөртөө эерэг сайнаар эргүүлж болдог гэдгийг бурхан айлдаж. Үүнийг бид бодох хэрэгтэй.
-Манайхан "Бичин жилийн зуд” гэж тодотгож, айж цэрвэдэг. Мухар сүсэг юм уу эсвэл үнэхээр бичин жил болгон зуд болсноос болдог юм уу бүү мэд. Тэр дундаа энэ жил "Муу нүүрт” хэмээх бичин жил гарч байгаа учраас илүү их цэрвэж байх шиг байна?
-1950, 1960-аад онд бичин жилд нэг удаа зуд болсон байж болно. Гэтэл тэр жилийн бичин жилийн өнгө. Энэ жилийн гал бичин жилийн өнгө яг адилхан тохиож байгаа юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 60 жил дотор бичин жил таван удаа тохионо. Өөр өөрийн махбодьтой бичин жил гарна. Тийм байхад заавал өнгөрсөн бичин жилийн араншинг энэ жилийнх дээр авчирч наах гээд байгаа нь зүгээр л хүмүүсийн сэтгэлд байгаа л зүйл. Би тэр талыг огт бодохгүй байгаа. Сайхан зүйл болно.
Малдаа тарга тэвээрэг авахуулаагүй, ажилгүй, залхуу байсны гор. Бичин жилээс айгаад байгаа юм бол ажилсаг бай, бэлтгэлээ ханга, малаа сайн малла, хариул. Битгий шээснийхээ газар хураачихаад байгаад бай. Өвс ногоогоо бэлд, тэгж байж өвлийг даван туулна л гэсэн үг шүү дээ. Тэгвэл бичин жилийн зуд гээд айгаад юмгүй л болно.
-Сүүлийн хоёр, гурван жил нэгдүгээр сардаа сүрхий хүйтэрлээ. Хүмүүс цаг агаар их өөрчлөгдөж байна гээд л. Бичин жилтэй холбоод сүрхий юм яриад байгаа. Та зурхайч хүн болохоор байгаль цаг уурын энэ мэт араншинг ажиглаж л суудаг байлгүй?
-Энэ бүхнийг зүгээр л яриад өөрчилдөг юм биш. Зурхайн ухаанаар гарч ирж байгаа ертөнцийн араншин ч гэсэн тооцоолон бодох ухаанаар гарч ирдэг. Тооцоолон бодох ухаанаар гарч ирсэн эерэг болоод сөрөг талуудын сөргийг нь эерэг болгох тал дээр хүн бүр хичээх хэрэгтэй. Тиймээс л бүгдээрээ засал номоо хийлгэж. Газар орноо тахь.
Лус савдгаа баярлуул. Тэгвэл сайжирна гэдгийг ойлгочих хэрэгтэй. Тэгэхгүй дугуйрч суучихаад л худлаа яриад бүтэхгүй. Байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэхгүй бол "юм”-аа үзүүлнэ биз дээ. Бид ч гэсэн хүмүүст "юм”-аа үзүүлдэг шүү дээ. Даргынхаа үгэнд орохгүй нөхөрт дарга нэг арга хэмжээ авна даа. "Би чамд олон удаа хэлээд байхад энэ ажлыг хийсэнгүй. Одоо чамд арга хэмжээ авна” гээд л хариуцлага тооцдог доо. Түүнтэй адилхан байгаль дэлхий ч араншингаа харуулдаг.
Өөрөөр хэлбэл, гараг эрхсийн муу нөлөөлөл чинь биднээс нэг зүйл шаардаад байгаа байхгүй юу. "Намайг тахиад, баярлуулаад өгөөч” ч гэдэг юм уу. Эсвэл "Үүнийг битгий хорлоод байгаа ч. Чиний ийм муу үйл ажиллагаанаас болоод миний дургүй хүрээд, чам руу байгалийнхаа догшин авирыг илгээж байгаа шүү” гэж хэлж байна л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор муу зүйл бодохоосоо илүү байгаль дэлхийтэйгээ яаж эв түнжинтэй, нөхөрсөг харьцаатай амьдрах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.
-Ер нь сүүлийн үед манай монголчууд амны бэлгэгүй болчихсон. Дандаа л муу муухайг ярьдаг болчихсон. Энэ бүхэн нь гариг эрхсийнхээ муу нөлөөг дэвэргээд байна гэж ойлгож болохоор юм биш үү?
-Би хувьдаа ингэж ойлгоод байгаа. Ажилгүй, залхуу хүмүүс л их ярьдаг юм байна. Ажилтай, амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүст элдэв муу муухайг ярих зав байхгүй. Тэр хүмүүс л сайн явж байна. Харин залхуучууд муу муухайгаа яриад л, өөрийнх нь амьдрал ч доройтоод байгаа юм. Тийм болохоор бэлгэ дэмбэрэлгүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Өөрчилж болдог юм шүү гэдгийг бурхан хэлээд байна шүү дээ. Өөрчлөх аргуудыг нь зурлагаар зураад, хийдэг заслуудыг нь стандарт болгоод өгчихсөн байхад хэрэглэхгүй байж муу юм яриад яадаг байна аа. Тийм биз дээ.
-Монголчууд зөв бодолтой явбал болно гэдгийг зүйр үгээрээ л хэлчихсэн байдаг. Сайн явах санааных. Санаа зөв бол заяа зөв. Амны бэлгээс ашдын бэлгэ гэх мэтээр?
-Яг тийм шүү дээ. Сайхан сэтгэлтэй, зөв бодолтой, яриатай бай л гэж байгаа шүү дээ. Монголчууд бүгдээрээ сэтгэл үүсгэх хэрэгтэй. Сар шинийн өглөө л бүгдээрээ нэг сэтгэл үүсгэчихье л дээ. "Энэ жил сайхан болоорой. Баян хангай, лус савдаг та бүхнийг би хэр чадлаараа тахиж, баясуулна аа. Энэ сайхан бүхэн монголчуудад бүгдэд нь нөлөөлөх болтугай” гэж бодоод, сэтгэл үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр л үүнийг дагаад лус савдаг нь баярлаад, гариг эрхсийн нөлөөллүүд нь баясаад ирнэ.
Тэд чинь нэг ёсондоо бас л нэг гариг ертөнц шүү дээ. Хүн л ганцхан чухал, бусад нь чухал биш байж болохгүй. Үүнийг бурхан тайлбарласан. Эрдэнэт хүмүүний төрөл үнэхээр сор болсон төрөл гэдгийг нь хэлчихсэн. Зэндмэнэ эрдэнэтэй зүйрлээд хэлчихсэн. Гэтэл гариг эрхэс болоод тэр олон хорлодог зүйлийн нөлөөлөл нь байна.
Түүнийг ингэвэл засч болдог юм байна гэдгийг гэгээрлийн ухаанаар олоод, заслуудыг нь хэлээд, стандартыг нь хэлчихсэн байна шүү дээ. Гэтэл манайхан үүнийг хийхгүй байна. Ер нь засал хийлгэчихсэн хүн элдэв зүйлээс аврагдаад л байдаг юм. Их олон зүйлээс аврагдаж гардаг.
Сэтгэлийнхээ мунхаг, дутуу бодсон ухаантайгаа байж болохгүй.
Ингэж аврагдаж байгаадаа ч хүмүүс баярлах хэрэгтэй. "Заслаа хийлгээд сайхан боллоо, баярлалаа бурхан минь” гээд л залбираад, зөвийг бодоод явах хэрэгтэй. Ганцхан монголчууд биш нийт дэлхий даяараа сэтгэлийнхээ алдаа мадгийг засах юм бол амар амгалан ирнэ.
Сэтгэлийнхээ мунхаг, дутуу бодсон ухаантайгаа байж болохгүй. Холыг харсан, уужуу сайхан бодлоор явах хэрэгтэй. Бид энэ жил сүрхий хатуу болно гээд л яриад байна. Энэ жил л нэг их айхтар юм болоод дуусчихгүй шүү дээ. Гариг ертөнц хэдэн галваар оршин тогтоно. Тийм болохоор тухайн цаг үеийн тохиолуудыг даваад өнгөрчих л хэрэгтэй. Сэтгэл үүсгэнэ гэж нэг сайхан юм байна. Сайхан сэтгэлийг л үүсгэх хэрэгтэй.
-Шинийн 1-ний өглөө монголчууд сайхан сэтгэл үүсгээд босоход муу муухайг ялан дийлж болох нь ээ?
-Хүн бүр "Монголын ард түмэн бүгдээрээ эрүүл саруул, өвчин зовлонгүй байгаасай. Зовлон байгаа бол бүгд арилах болтугай” гэж ерөөж, залбирах хэрэгтэй. Мөн хувь хүн өөрөө ажилсаг байж, сайхан зүйлийг бүтээе. Монголчуудад нас буян ирээрэй. Айл болгон амар амгалан байг. Энэ олон эмнэлэгт байгаа өвчтэй хүмүүс зовлонгоосоо хагацах болтугай гээд олны тусч сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Олны тусыг бодож сэтгэл үүсгэхэд, тэр дотор нь өөрөө багтаад л явдаг.
Би бол ямар ч дайсангүй хүн гэж өөрийгөө боддог. Яахав, байгууллага удирдаад, хүнтэй харьцаж явахад ажил хийдэггүй нөхөртэй тааралдаад, янз бүрийн харилцаа үүссэн юм байгаа л байх. Гэхдээ би номоо уншихдаа зургаан зүйлийн хамаг амьтан гэж бүгдийг нь бодож уншдаг. Зургаан зүйлийн хамаг гээд бодоод уншихаар өнөөх ажил хийдэггүй, залхуу хойрго байсан нөхөр хүртэл дотор нь ороод явж л байгаа байхгүй.
Тэгэхээр тэр нөхөр бид хоёр найз нөхөд л болж таарна биз дээ. Би тэр хүний төлөө бас ном уншчихаж байгаа юм. Тийм болохоор надад ямар дайсан байх билээ. Бидний дайсан гэдэг чинь хувь хүний сэтгэлд байгаа л зүйл шүү дээ. Тийм болохоор сэтгэлээ баялаг болгох хэрэгтэй. Сэтгэл өөрөө их баян. Тэгэхээр сэтгэлийнхээ баяныг бусдад түгээ. Тэгсэн цагт сайн явна даа.
IKON.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих