М.ЦЭЦЭГ
УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог болох Дорнод аймаг олон нэр дэвшигчтэй гэдгээрээ онцлог. Тэр тусмаа энэ жилийн сонгуульд АН-аас олон хүн тус тойрогт нэр дэвших гээд хоорондоо уралдаж байна. Хоёрхон мандатын төлөө хэд, хэдэн хүн Дорнодод дэвших эрх авах гэж өрсөлдөж буй. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтын нэр явна. Тэрээр энэ парламентад Сүхбаатар аймгийг төлөөлөн суугаа ч дахин нэр дэвшихгүй гэдгээ өнгөрсөн жил зарласан юм. Хачирхалтай нь сүүлийн үед Дорнодод байн байн очиж, тэнд нэр дэвших сонирхлоо ил илэрхийлээд байна. Гол нь түүний тойрог солих болсон шалтгаан нь олны анхаарлыг татахаар. Чухам яагаад Сүхбаатарыг орхиж хил залгаа Дорнодод очих гэж байгаагаа өөрөө ч тайлбарлаагүй юм.
Аймгуудын Ардчилсан намын удирдлагууд дунд ганцхан эмэгтэй дарга байдаг нь Д.Цэрэнчимэг. Тэрээр Дорнодын Ардчилсан намын дарга бөгөөд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй. Түүнээс гадна энэ тойрогт горилж буй нэр дэвшигч эмэгтэй мэр сэр бий. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн сангийн дарга, 2012 онд УИХ-ын сонгуулиар тус тойрогт өрсөлдөж байсан Б.Мөнхцэцэг нар юм. Тэд бас л АН-ын лидер эмэгтэйчүүдийн тоонд багтдаг. Тус намаас ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар Дорнодоос дэвшинэ гэнэ лээ. Мөн УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл ч горилогчдын дунд явна. Нэр дэвших эрх олж авахаар нам дотроо үзэлцэж байгаа дээрх эрхмүүдээс хоёрт нь л боломж олдоно. Харин тэдэнтэй өрсөлдөх бусад, нам, эвсэл, бие даагч гээд олон хүн бий. Сайд М.Зоригтыг Дорнодыг зориод оччихвол 2008-2012 онд парламентад сууж байсан Ц.Шинэбаяр ч хуучин тойрогтоо очиж өрсөлдөх сурагтай. Одоо УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун лав тойрогтоо очиж, бие даан нэр дэвшиж таарна.
2012 онд Дорнодод МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс Ч.Хурц, Д.Дэмчигсүрэн нар дэвшиж байв. Мөн ИЗНН-аас "Хан брой”-г үүсгэн байгуулагч С.Отгонбаатар дэвшсэн юм. Тэрээр энэ удаад ч үзэх бололтой.
МАН-ын хувьд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, экс гишүүн Д.Одбаяр нар дэвшиж байлаа. Одоогоор энэ хоёроос өөр горилогч гэвэл "Багшийн хөгжил имидж” төвийн тэргүүн Ж.Болормаа гэх эмэгтэйн нэр МАН-ынхнаас дуулдана.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих