Харин орчин үеийн хөлбөмбөгийн тэмцээн уралдаан Хөлбөмбөгийн холбоодын олон улсын зөвлөл (IFAB)-ийн баталсан дүрмийн дагуу явагддаг аж. Ингээд дэлхийн №1 спортын дүрэм он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж ирснийг сонирхуулъя.
1891 онд 11 метрийн торгуулийн цохилтыг санаачилжээ
1871-Хаалгач зөвхөн зөвшөөрөгдсөн тодорхой зай талбайд гараараа тоглодог болжээ. Өмнө нь хаалгач талбайн аль ч хэсэгт бөмбөгийг барьж болдог байв.
1872-Булангийн цохилтыг санаачилжээ.
1874-Илэрхий бүдүүлэг алдаа гаргасан тоглогчийг талбайгаас хөөх дүрэм гарав. Түүнээс гадна байр солихын өмнө 15 минут амардаг болжээ.
1875-Хоёрхон шонгоос бүрддэг байсан хаалганд хөндлөвч мод нэмэх санаачилга гарсан нь удалгүй ажил хэрэг болжээ. Энэ цагаас тайлбарлагч нарын үгсийн санд "хөндлөвч” хэмээх үг нэмэгдсэн юм.
1877-Тоглолтын цагийг 90 минут болгосон нь өдгөө ч мөрдөгдсөөр байна.
1883-Талбайгаас гарсан бөмбөгийг хөлөөрөө тоглолтод оруулдаг байсан бол толгой дээрээсээ хоёр гараараа оруулдаг болов.
1891-Торгуулийн талбайд алдаа гаргавал эсрэг багт нь 12 ярд буюу 10.97 м-ээс цохилт гүйцэтгэх эрх олгодог болгов. Түүнээс гадна индэр дээрээс тоглолтыг шүүдэг байсан ерөнхий шүүгч талбай дээр ажиллах болж, түүнд туслуулахаар шугамын шүүгчийн орон тоог бий болгов.
1924-Булангийн цохилтоос хаалганд шууд оруулсан гоолыг тооцдоггүй байсан дүрмийг хүчингүй болгосон.
1925-Отон тоглолтын дүрмийг мөрдөж эхэллээ.
1929-Хаалгач шүгэл дуугарангуут 11 метрийн цохилт гүйцэтгэх тоглогчийн зүг ухасхийдэг үзэгдлийг арилгахын тулд зөвхөн хаалганы нүүрний шугамын дагуу хөдөлгөөн хийдэг болгов.
1939-Хөлбөмбөгчид цамцан дээрээ заавал дугаар хаддаг болжээ.
1958-Талбай дээр гэмтсэн тоглогчийг сэлгэхийг зөвшөөрөв.
1970-Мексикт болсон ДАШТ-ий үеэр бохир тоглосон тоглогчдыг үйлдлээс нь шалтгаалан улаан, шар хуудсаар торгох аргыг санаачилжээ. Мексик- ЗХУ-ын тоглолтын үеэр Евгений Ловчев анхны шар хуудсын эзэн болсон байна.
1990-Отон тоглолтын дүрэм улам боловсронгуй болов. Өмнө нь хаалгач, хамгаалагч хоёрын өөдөөс гурав ба түүнээс олон довтлогч гарахыг хориглодог байсан бол энэ удаа шугам харгалзах болжээ.
1991-Аль ч тоглолтод дөрвөн шүүгчийг бэлэн байлгаж, талбайн шүүгч гэмтсэн тохиолдолд сэлгэдэг боллоо.
1992-Хаалгач өөрийн талын тоглогчийн дамжуулсан бөмбөгийг барихыг хориглов.
1994 -Телевизийнхний хүсэлтээр FIFA сэлгээний тоглогчид болон дасгалжуулагчдын байрлах бүсийг шугам татаж, шүүгчдийг тод өнгийн өмсгөлтэй болгожээ.
1995-Нэг тоглолтод гурваас ихгүй сэлгээ хийдэг болжээ.
2002-Хаалгач өөрийн бүсэд бөмбөгийг зургаан секундээс илүү барихыг хориглов.
Б.Энхжин
Засгийн газрын мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих