Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлеөлөгчид энэ сарын 5-8 ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд чуулдаг Олон Улсын Атомын Энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцоод ирсэн.
Тэгвэл энэ хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гарчээ. "Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах" зорилготой МОМ5019 төслийн малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150 мянган еврогийн нэмэлт санхүүжилтийг Олон Улсын Атомын Энергийн агентлагийн Техникийн хамтын ажил-лагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад уг төсөл нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 2012-2014 онд хэрэгжүүлж байгаа долоон төслийн нэг юм. Одоогийн байдлаар УМЭАЦТЛ-д Атом шингээлтийн спектрометр, "VP100" уур үүсгэгч систем, лабораторийн 2 татах шүүгээ, "МАRS Xpress", "ХР-1500 Рlus" төхөөрөмж, судалгаа, шинжилгээнд ашиглах урвалжууд, мэргэшсэн хүний нөөц зэргийг бэлтгэхэд зориулж 147,9 мянган еврог санхүүжүүлээд байгаа юм байна.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2445
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих