2011 онд төсөв болон мэдээллийн ил тод байдлын хууль шинэчлэгдсэнээр төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй байх шаардлагатай болсон.
Мөн сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн төсвийн хэмжээ нэмэгдсэн, орон нутаг төсвөө захиран зарцуулах эрхтэй болсонтой холбогдуулан төсвийн ил тод, нээлттэй байдлыг үнэлэн судалгаа хийжээ.
Нээлттэй нийгэм форумаас уг судалгааг хоёр жилд нэг удаа явуулдаг бөгөөд 21 аймаг болон Улаанбаатар хотын үйл ажиллагааг хамарчээ.
Ингэхдээ 2013 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл нийт 12 үзүүлэлтийн дунджаар үнэлсэн байна.
Судалгаагаар төсвийн ил тод байдал 36 хувьтай буюу хангалтгүй гэсэн дүн гарчээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс нэг хувиар илүү байгаа аж.
Аймгуудаас Хөвсгөл аймаг 55 хувьтай буюу хамгийн өндөр үнэлгээг авсан бол Баянхонгор аймаг 15 оноо авч сүүл мушгисан байна.
Мөн Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Дундговь, Төв, Увс, Хэнтий аймгуудын төсвийн ил тод байдлын үнэлгээ сайжирсан бол Улаанбаатар хот, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгийн үнэлгээ буурчээ.
Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын өнөөгийн түвшин
Нээлттэй нийгэм форумаас,
-Орон нутгийн төсвийн ил тод байдлын
талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, чиг үүрэг,
хариуцлагын тогтолцоог тодорхой болгох
-Эрх зүйн баримт бичигт төсвийн ил тод байдлыг тодорхой тусгах, тухайн орон нутагт тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх
-Орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах үүргийг удирдлагын төвшин бүрээр зааглан тодорхой болгох
-Орон нутгийн цахим хуудсан дахь төсвийн мэдээллүүдийг нэгдсэн загварт оруулан тогтмол мэдээлдэг байх
-Цахим хуудаст төсвийн мэдээллээр архив үүсгэх
-Төсвийн ил тод байдлыг оны эхнээс тасралтгүй хэрэгжүүлэх зэрэг бодлогын зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй гарсан хэдий ч зарим аймгуудад сайн жишээ байгааг ч дурдлаа. Жишээ нь, зарим аймагт орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны бие даасан цахим хуудас ажилладаг, Архангай, Хэнтий аймгууд хандив тусламжийг дэлгэрэнгүй тайлагнаж байгаа, худалдан авах ажиллагааны мэдээллийн самбар нийслэлд илүү сайн ажиллаж байгаа, Үнэлгээний хорооны ил тод байдал бүх аймагт нэмэгдсэн зэргийг дурдаж болно.
Р.Адъяасүрэн | GoGo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих