Шөнө дөл өнгөрчээ. Хааяа нэг намгийн зүгээс мэлхий вааглаж, тэнгэрт хуралдсан хэсэг бусагхан бараан үүлсийн зайгаар саран авхай болзоондоо яарсан морьт хөвгүүн шиг довтолгоно. Тэнгэрийн одод үүлэн цоорхойгоор анивчин гялалзаж зарим нэг нь үүрэглээд уначих шиг хаа тийшээ ганц нэг солир гялсхийнэ.
Надад ийм нэгэн учрал тохионо хэмээн би санаа ч үгүй явлаа. Оюутан ахуй насны гэгээн тунгалаг өдрүүдэд анхны хайрынхаа үгийг Бямбасүрэнд шивнэсэн үдэш хааяа нэг санагдавч одоо түүнийг санан дурсахын ч хэрэггүй болсон мэт сэтгэл хоосорчээ.
Тэр бид хоёр хилийн нэгэн буйдхан хотхонд тэр тусмаа цэрэг эрсийн ариун нандин үерхэл, нөхөрөл дунд эргэн учрах хувь тавилантай байж дээ. Ноднин намар хойно Бабушкины цэргийн сургууль дүүргээд нэг залуухан дэслэгч манай заставын захирагчаар ирж билээ.
Бага үд өнгөрч байхад газардсан шуудангийн онгоцноос би түүнийг тосч аваад байрлах байранд нь хүргэж өгөхөд хул шаргал намрын ялимгүй цэхэлзүүр салхи тэдний цонхон доорхи хөгшин улиасны навчисыг ганц нэгээр нь газардуулахыг ажсан тэрбээр яагаад ч юм нэг их уртаар дотуур санаа алдахыг нь ажаад "манай застав эрхэм даргад үл таалагдав бололтой" хэмээн санасан билээ.
Эр хүнд
ховорхон заяах хонин бор нүдэнд нь инээд гэрэлтсэн том давхраа
зурваслаж, хянгадуу шулуухан хамрынх нь баруун угалзанд үрлэн чинээ хөх
мэнгэ тогтсон дэгжин гэхэд үгээр зураглахын аргагүй нэгэн байв.
Би захирагчийн тэргийг жолооддог байлаа. Цэргийн насны хорин настай, хонгор зүстэй эрчүүд гэдэг амьдралын гэгээн өөдрөг бүхнийг бүсгүй хүний ажил үйлс, ханьдаа тавих анхаарал халамжтай холбон боддог хойно Түмэнжаргал дэслэгчийн гэргийг бид үлгэрийн далайд жаргамаар цэвэрхэн, гоо үзэсгэлэнд нь урлагийн Янжинлхам бурхан сөгдмөөр бүсгүй байгаа хэмээлцэн аз шоодон хэлэлцдэг байж билээ.
Урт намрын гэгэлгэн шар өдрүүд өвлийн шөнийн сар мэлмэрсэн үдшүүдэд цэрэг эрсийн цээжинд өнөөх л төрхөөрөө магтагдан хоногшсон захирагчийн гэргий нэг л өдөр шуудангийн онгоцноос хүүхдээ тэврэн буулаа.
Дэслэгч бид хоёрыг онгоцны буудалд дөнгөж ойртоход алс холын замд эцэж цуцсан юм шиг онгоцны том далбагар сэнс алгуурхан эргэлдсээр зогсоход нисгэгч залуу цонхныхоо нээлхийг сөхөн заставын номын санч эмэгтэй рүү гар даллан мэндчилж байгаа харагдана. Би машин дотроосоо эл бүгдийг харж сууж байв. Дайчдын ар гэрээс яваа бололтой хоёр хөгшин онгоцноос түрүүлэн буухад нь дэслэгч туслаж тэдний араас нь хүүхдээ тэюрсээр гэргий нь гарч ирэв. Түүний алхаа гишгээ, намба төрх нь надад нэг л танил санагдаж, миний сэтгэлд аяндаа л тодроод ирлээ. Би жолоогоо дэрлээд нүдээ анилаа. Аньсага аниатай ч тэр бүсгүй миний өмнөөс инээмсэглэн зүрхэн дээгүүр минь гишгэлсээр яваад машины хаалганы бариулаас атгаад авах шиг болов. Дуут дохио чарлах шиг болоход би цочин өндийлөө. Тийм ээ, тэр Бямбасүрэн мөн байв.
Би тэндийг гэрийнх нь үүдэнд буулгаад хөдлөлөө. Нэг хэсэг хаашаа ч юм давхиад зогсов. Бодогдох зүйл ч алга. Сэтгэл эзгүйрчээ. Бямбасүрэн хүний хүн болоод хилийн энэ буйдхан заставт хүрээд ирчихлээ гэж үү?!. Очиж, очиж олны хөлөөс алслагдсан, хүний нүдэнд тороод байх эм сүвтэй амьтангүй шахам газар шүү. Офицер ахлагчдынхаа хэдэн охид хүүхнүүдийг харсаар байгаад нүдний хор гарчихсан энэ хэдэн цэргүүдэд Бямбасүрэн одоо хэн болж харагдах бол.
Өнгөрсөн намрын шивээ, хялгана, дэрс хожуулын толгой бөхөлзүүлэн хаврын бүлээн салхи сэвэлзэнэ. Тэртээ толгодын оройд ганц бараан шувуу эргэлдэндег дээшээ хөөрч тэгснээ доошоо шумбан газар тэврэх нь үү гэтэл өндөр аван ниснэ.
Агаар
хүнд бөгөөд бүгчим санагдахад би тэрэгнэасээ гарч гараа алдлан тэнгэр
ширтэж хэсэг хэвтэв. Сэвэлзэх салхи хамрын нүхээр халуун төмрөөр хатгах
шиг хачин хуурай.
-Тэр ирчихлээ гэж үү?. Зүүд нойр, зүрх сэтгэл, мөч
бүхэнд би чинийхээ тухай бодохдоо өөрийн минь дурлал өөртөө л зөв үлдэж,
нэгэн цагт бусдын өмнө буруутан болох юм гэж санаа ч үгүй явсан даа.
Нулимс мэлтэрч шанаа даган урсах аж.
Тэнгэрийн хаяа улааран нар
ертөнцийн бөөрөнд шингэжээ. Заставын зүгээс "дизель" хөдөлгүүрт моторын
бөглүү дуун сонсогдож нэгнээ хань бараа татах шиг илчгүй сүүмгэр гэрэл
ёлтолзон асч эхлэв.
"Хилийн тэнгэрт одод сэрүүн хонодог" гэж ах минь
цэргийн албанаас халагдаж ирчихээд намайг дагуулан адуу манаж хонохдоо
ярьдаг байж билээ. Эр цэрэг, эмээлт морь, од гурав нүд цавчралгүй сэрүүн
хонодог Ховдын баруун хязгаарт алба хаах хувь заяандаа баярлахгүй хүн
хэн байх билээ гэж бас хөөрцөглөдөгсөн. Би өндийж суугаад нулимсаа
арчингаа нэг их уртаар санаа алдав. Гэвч дотор онгойх янзгүй. Бүх юм эль
хуль санагдаж энэ нутагт ер нь бүх юм хуучин, цагийг элээж, өнгөрснийг
сануулсан амьдралын тавилан төөрөг гэж байсан ч юм уу, үгүй юм уу гэмээр
уйтгартай. Хэн гэдэг хичнээн аавын хүүхдүүд энэ талын энгээр цэрэглэн
мордож Толбо нуурын тулгаралтаас эхлээд торгон хилийн Байтаг хүртэл
хаашаа, аль зүгт ямар холын аян дайнд мордож явсныг одоо хэн мэдлээ...
Намайг байрандаа орвол цэргүүд захирагчийн гэргийг ам булаалдан магтаж, застав маань нүд хужирлаж суух сайхан бэртэй боллоо хэмээн шуугилдаж байв. Тэд бас хоёр жилийн өмнө зарласан "Үнэнч бүсгүй-миний эхнэр" тэмцээндээ өөр өөрсдийнхөө хайртай охид бүсгүйчүүдээ шалгарна гэлцэн мөрийцөх нь дуулдах бүлгээ. Тэр тэмцээн гэгч нь ийм учиртайсан. Түүнийг "эцэг" Жагаа л анх сэдсэн юм. Хүний араншин их сонин, санаанд оромгүй юм их болно шүү. Тэр биднийгээ бодвол хэдэн оймс илүү элээж, эхнэр авч, хүүхэд тэвэрсэн амьдралд бүрэн "данслагдаж" өрх толгойлсон нэгэн л дээ. Тэгэхэд бидний дунд "аав цэрэг" олон байсан даа. Өдөр нь бид цэргийн байран доторхи савлуурт "сонс" эргэж дээд амжилтын төлөө шуугилдаж байтал Жаргалсайхан дуудаж (оныхоо хэдэн цэргийг) чимээ шуугианаа аяд гэснээ татаж байсан тамхиныхаа ишийг шалан дээр хаяж дээрээс нь гишгэлснээ
-Орчин
үед хөөрхөн, сайхан хүүхэн шалгаруулаад байдаг болж. Бүгдээрээ харин
үнэнч бүсгүй шалгаруулах уу? гэв. Түүний сэтгэлээс хэдхэн хоногийн өмнө
цэнхэр дэлгэцээр түүчээ тогоруу шиг цэмцэгнэн алхалж, инээд цацсан гоо
бүсгүйчүүдийн төрх өнөө хэр гарахгүй зовоох тул ийн "хийх ажил"-тай
болсон янзтай харагдав. Гэвч бид маргалдсаар тэр оройг өнгөрөөв. Маргааш
нь Жагаа дахиад л өнөөх шаардлага болзлоо бидэнд танилцуулалаа. Тэгээд
биднээс судалгаа авч үерхдэг охидтой нь гараа өргөөдөхөө гэж тулгав. Бид
хэн нь эхэлж гар өргөх нь вэ гэсэн гэсэн шиг нэгнээ ажин хэсэг
тээнэгэлзэхэд би түрүүлж гар өргөлөө. Төдөлгүй Говь-Алтайгаас ирсэн
малчин цэрэг Сүхбатаас бусад нь бүгд өргөв. Магадгүй охинтой үерхэж үзэх
нь бүү хэл хайрын захиа ч бичиж үзээгүй амьтад бидний дунд байсан ч
бусдаасаа ичсэндээ худлаа гар өргөж байсныг би тэгэхэд гадарлаж л байсан
даа.
-За тэгэхээр бүгдээрээ энд алба хаах гурван жилдээ хайртай охид
хүүхнүүддээ захидал бичихгүй гүрийцгээнээ. Энэ хугацаанд бидэнд хайртай
нь, амьдралд үнэнч нь биднийг халагдаж очих хүртэл хүлээж байх биз.
Тийм биз дээ. Хугацаатай алба дуусна. Хуйхтай үс ч ургана шүү дээ. Харин
тэднээсээ ирсэн захидлуудыг хамтдаа уншиж байя. Хэн юу гэж бичих нь
бидэнд сонин байна биз дээ. Бүгдээрээ цэргээс халагдаж очоод нэгэндээ
урилга явуулж хуримандаа урьцгаая. Энэ бол бас нэг тангараг болно. Би
одооноос бодож байгаад "Үнэнч бүсгүй-Үүрдийн хань" гэсэн цом хийнээ. За,
ямар байна гэж тэр хэлэв.
Өглөгч нигүүлсэнгүй, чөлөөтэй нийтлэг төрхтэй түүний энэ үгийг сонссон цэргүүд нэг хэсэгтээ ацан шалаанд орж дуугарч ч чадсангүй. Амьдралын хөл толгойг ухаарах насанд хүрээгүй тэд юу ч гэх билээ. Бас өөрөөсөө ч нууж, үнэн сэтгэлээсээ хэн нэгэнд тэсгэл алдталаа дурлаж түүнийгээ хүсч мөрөөдөж, хэн нэгнээс харамлан нууцласан хэзээ ч бүтэхгүй хайр тээсэн залуус бидний дунд олон байсан болохоор Жагаагийн болзлыг гар өргөн дэмжсэн гэдгийг хожмоо би мэдсэн билээ.
Энэ өдрөөс хойш бидний ар гэртээ бичсэн захидлууд заставын бичээч дээр задгай голдуу очиж дугтуйлагддаг болов. Би Бямбасүрэнд анхныхаа ч захиаг бичиж амжаагүй, амжаагүй ч гэж дээ дугтуй олдохгүй түүртэж явсаар энэ өдөртэй золгосон байв. Өнөөдөр гэвч хоёр жил өнгөрчээ. Гэтэл юусан билээ. Надад хэлэх үг хэн нэгэнд буруу зөвийг өгөх сэтгэлийн тэнхээ алдарчээ.
Шөнө дундаас эхлэн бороо оров. Хаврын анхны бороо ийнхүү шөнө хугаслан өдөржин шивэрч байсныг өдий насандаа үзээгүй санагдана. Цэргийн байрны цонхны хүйтэн нойтон шилэнд духаа наан зогсож байхдаа би Бямбасүрэнг л бодож байлаа. Гэнэт хаа нэгтээ тогоруу дуугарах шиг болов. Нар дагуулан ирж, нар дагуулан буцдаг тэнгэрийн шувууд, Орчлонд онож жаргадаггүй юмаа гэхэд алдаж ухаарах хайр гэж хаана вэ? Амьдралын харгуйд бүдэрч, зовлон гуниг үзээгүй омголон халуун сэтгэлд минь хаяа үдэш хүүхдээ тэврэн "салхилуулж" явах захирагчийн гэргий тэртээ Чандмана хайрхан шиг торолзон торолзсоор нэг мэдэхүйл уйлж бүлцийсэн нүдээр намайг ширтэн зогсох шиг санагдана.
Заставын захирагч хилийн манаа
шалгахаар өглөө эрт мориор явсан тул би байрнаасаа гарч гүйгээд тэдний
үтаэнд очлоо. Намайг зопиг муутайхан хаалгыг нь тогшин орвол Бямбасүрэн
цонхоо дэрлүүлэн тавьсан намхан цагаан ширээгээ тохойлдоод усан бороонд
ханасан уул толгодыг ширтээд зогсож байв. Тэр намайг цэргийн байрнаас
гарч гүйгээд орж ирэхийг харсан бололтой. Би тэгж л тааварлав. Гэвч
намайг хараад зовсон бололтой уруул хөдөлгөх төдий мэндлэлээ. Тэр
элгэндээ гараа зөрүүлэн эвхсэн хэвээр нэг хэсэг гиюүрсэн мэт зогссоноо
гэнэт санасан юм шиг мухар ногоон сандал над руу ойртуулан
-Алба амгалан уу? суугаач дээ! хэмээн сандарч гэрэвшсэн өнгөөр хэлэв.
Тахим
шүргэсэн тасам хар гэзгээ мөрөө шүргүүлэн тайрч, бие барьсан цоохор
даашинз өмсчээ. Түүнийг цай аягалах зуур би тэдний гэрийг нүд гүйлгэн
харав. Сайн тохижиж амжаагүй бололтой. Зүүн ханандаа модон тавцан
байрлуулж дээр нь цэргийн албаны бололтой хэдэн ном, эсрэг хананд нь
хувцасны өлгүүр хаджээ. Хүүхэд нь нөгөө өрөөнд үе үе шулганан ярих нь
тоглож буй бололтой.
-Юу л хийж байна даа гэж намайг асуухад тэр
цаашаа харан талх зүсэж байснаа миний үгнээс айхтар цочив бололтой
талхаа хальт даран чимээ гаргаснаа
-Чамтай энд учрах юм гэж
зүүдэлсэнгүй явлаа хэмээн тэс өмнөө юм хэлэнгээ чичиргэнэн шуухитнах нь
уйлж байна уу гэлтэй. Тэгснээ надаас нулимсаа нуух мэт хэдэн хором
чимээгүй зогсож байснаа нэг их дороос санаа алдангаа нулимсаа баруун
гарынхаа эрхий, ядам хоёр хурууныхаа завсраар хөнгөхөн арчаад тавагтай
талхаа миний өмнөх ширээн дээр авчирч тавиад нөгөө өрөөнөөс гарч ирсэн
хүүгээ өвөр дээрээ авч миний дэргэд суулаа.
-Цай уугаач дээ?
-Зүгээр болно оо!
-Надтай уулзах гэж ирээ юу?
Би түүнийг ингэж асууна чинээ санасангүй. Дэмий л аль түрүүнээс хойш гартаа үнгэн суусан малгайгаа оролдож
-Тийм ээ! Чамтай уулзах гэж олон өдөр бодлоо. Тэгээд
Бид хоёр нэг хэсэг чимээгүй сууцгаалаа. Тэр дахиад л санаа алдснаа хүүгийнхээ зулайг үнэрлэн
-Чамаас
захиа харж хоёр жил болсоон. Хүүхэдтэй хүүхэн тулаад ирсэн амьдралд
хөлөө жнйгээд хаа ч хүрэх юм билээ. Чамайг ангийнхаа хөвгүүдээс
ганцаараа саналаараа цэргийн албанд элсээд явчихаар чинь амьдралын
хатуужил үзэж эр хүн болох гэж дэндүү яарч дээ л бодож байснаас надаас
холдох гэхдээ явсныг чинь даанч ухаарсангүй. Намайг яаж ангийн болоод
сургуулийн залуусын басамжилсан харц, охид хүүхнүүдийн доог шингэсэн
хүйтэн инээдэн дор дотор арзагнуулсан үгийг тэсэж сургуулиа дүүргэснийг
чи мэдэхгүй. Өдөр хоногоор томрох хэвлий дэх хүүгээ би болдогсон бол
шахаад ч хамаагүй гаргачихсан хэмээн бодож, уйлж явсан үе бий. Энэ
залууг би чиний хэмжээнд хайрлаж чадахгүй ч намайг гэсэн сэтгэлийг нь
сэвтээчихгүй шиг амьдрах юмсан гэж бодож явлаа. Гэтэл энд ирээд миний
сэтгэл санаа битүүхэн айдаст автдаг болчихлоо. Зэлүүд буйдхан газар,
эрвийж сэрвийсэн их бага бууны ам, үе үе бэлэн байдал шалгасан
түгшүүрийн бүрээ, эр нөхрийнхөө өвөрт хэрнээ чамайг бодох минь хүртэл
надад хэцүү байна гэснээ аль түрүүн өвөр дээр нь нойрссон хүгээ тэврэн
бослоо.
Миний омог бардам зан, Бямбасүрэнд бурууг тохож явсан минь хаачваа. Би үг ч дуугарч чадсангүй тэднийхээс гарлаа.
Алсдаа
сүр бараатай толгодын энгэрээр их зам хөврөн хөвөрсөөр заставаас алсарч
голын урсгал пшг салаалжээ. Застав энд суурьшаад олон жил болсон
болохоор энэ замаар хүн амьтан ч их зорчсон нь асуултгүй тодорхой.
Гадуураа тэг горьтог татсан эл газар амьдралын нэг өдөр ийн өнгөрч бүрий
болсон ч бороо шивэрсээр авай.
Хэд хоног нэг л дүнсгэр өнгөрч намайг
уйтгар гунигаа тээж ядан явтал захирагч дуудуулсан байв. Миний сэтгэл ч
палхийгээд явчихав. Бямбасүрэн л бүгдийг нөхөртөө ярьж орхиж дээ л
саналаа. Гэтэл захирагч намайг "хүү"-гээ харж байгаач эхнэр бид хоёр
дайчдын зохиох үдэшлэгт орох гэсэн юм гэлээ. Тэр орой би өөрийнхөө
тэгсэн атлаа дэслэгч Түмэнжаргалын "хүү"-г саатуулж суухдаа хаашаа ч юм
бэ аваад зугтчихмаар хачйн бодолд орооцолдож өөрийгөө зүхэж суулаа.
Надад даанч энэ торгон хилийн зурвасыг орхиод явчих эрх бий гэж үү!
Бурхан минь.
-Цэрэг ах аа, цэрэг ах аа? хэмээн хүүгийн минь шулагнан
дуудах энхрий нялх дуу миний зүрхийг хором хормоор базалж тэвчиж суухад
бэрхтэй болоход гэнэт эл бүх хэргийн бурууган болох Жаргалсайханыг нам
цохиод алчихмаар санагдаад байж сууж чадахгүй болов. Би хүүгээ
унтуулчихаад гадагш гарав.
Туулай цагаан сарны дор бөн бөн
уянгалах үлээвэр хөгжмийн эр хонгор аялгуу шөнийн анир цалгиаж, дайчид
хөөр баяраа багтааж ядан байна уу гэлтэй улаан булангийн үүдээр орж
гаран хөлхөлдөх нь харагдана. Жаргалсайханыг дуудуулбал тэрээр "Би
захирагчийн гэргийтэй бүжиглээд чамтай уулзах зав алга" гэж хэлүүлжээ.
Хэд дахин дуудуулж гэмээнэ тэр нэг их төвөгшөөсөн амьтан гарч ирлээ.
-Юу болоов, хүүхдийн асрагч гуай гэж тэр тохуутай нь аргагуй инээх аж.
-Нааш ир! гэж би түүнийг харанхуйд дагуулан очоод заамдаад авлаа.
-Юу болоо вэ? гэж тэр дахин асуув.
-Юуны чинь юу болоов гэнэ ээ, Май чи ингээд миний амьдралыг сарниа чи!
Хар
тэнхээгээрээ би түүний баруун шанаанд дэлсэхэд тэр огтын сащандгүй
байсандаа сарвасхийн ойчлоо. Уурласан, гомдсон, агдсандаа болоод түүнийг
нэлээдгүй балбаж орхижээ. Нэг мэдэхэд дарга цэрэггүй биднийг тойрон
хүрээлж намайг түүнээс арайхийн салгав.
-Яаж байгаа юм бэ, чи? гэж Бямбасүрэн надаас айсан янзтай гараас минь татаж байсныг бүүр түүрхэн санах юм.
Сахилгат орсон хойноо л жаахан ухаан цэгцрэв. Гэвч нэг л гомдолтой, ер нь ингэж амьд явснаас үхчихье байз, хэний төлөө гэж амьд яваа юм гэсэн цухал нэгэн гомдол ч гялсхийв. Гэвч удтал суусны эцэст дотор жаахан онгойж үхэх нь байтугай хар буруу санамгүй эх орон, ээж аавтайгаа санаж баахан уйлав. Би хэнд гомдох юм бэ? Миний нүдэнд Бямбасүрэнг анх сангийн аж ахуйд харсан задгай галын дэргэдэх үдэш, урт нарийхан шилбэ, ажлын томдсон гутал, гайхаж тэвдсэндээ надаас бишүүрхэн хуруугаа ноцолдуулан зогссон хоёр жижигхэн гар л харагдаад байв. Тийм ээ, оюутны намар би туунийгээ ингэж л анх харсансан. Намайг ажиглаад байгааг мэдэрсэн тэрээр жижигхэн гараараа шанаа тулан тонгойж үл ажиглагдам бүлцгэрдуү нүдээрээ намайг ч гэсэн жуумалзан харж байсансан. Анхны харцаар биесээ олно гэдэг л тэр байх.
Намайг долоо хоногийн дараа сахилгаас гаргаж
хамт олны дунд баахан шалгааж хатуу сануулга өгөөд Жаргалсайхан бид
хоёрыг хүчээр шахам гар бариулж андын журам сахиулав. Ингээд даргын
жолоочоос мултарч хилийн манаанд ээлжгуй гурван удаа гарах шийтгэл
хүлээж, байрны жижүүрээр томилогдлоо. Нэг өдөр цэргийн байрны гадаа
Бямбасүрэн ирчихсэн дуудуулжээ. Тэр өнгөрсөн энэ хэд хоног надтай хамт
сахилгат хамт хоригдсон юм шиг айхтар цонхийж царай дарсан баДв. Цагаан
саа хөвөрдсөн хар пансан алчуур гартаа атгаж, нэлмэгэр цагаан цув
өмсчээ. Бид хашааны гаднах цэцэрлэгт орлоо. Урь ханхалж, чийг даасан
зөөлөн салхи сэвэлзэж бор борхон хэдэн болжмор модын мөчир дамжин
жиргэлдэнэ.
-Би явах боллоо гэж тэр нэг хэсэг чимээгүй гутлынхаа
хоншоороор газар зуран зогссоноо сэтгэл рүү минь ус цацах шиг палхийтэл
хэлэв.
-Хаашаа
Тэр хариу хэлэлгүй задгайлж тавьсан үсээ хэв
эвдрээгүй нарийхан хуруугаараа арагш илэнгээ нэг их уртаар санаа алдан
уруул шилэмдэн хоолой зангируулав.
-Юу болоов?
-Зүгээр л...би
өөрийгөө ч ойлгохгүй мунгинаж явна. Гэхдээ ойлголцох цаг ирэх байлгүй
гэж хачин тайван, ихээ намуухан атлаа сэтгэл сэртхийлгэм аялгаар хэлснээ
баяртай ч гэсэнгүй эргэв.
Захирагч хүүгээ тэвэрч Бямбасүрэнгийн чемодантай хувцсыг барьсаар шуудангийн онгоцны газарддаг талбай өөд алхалж яваа харагдана.
-Бямбаа... гэхдээ миний дуу гарсангүй.
Амьдралд
байж боломгүй гашуунаас гашуун хайр гэж байдаг бол тэр нь Түмэнжаргал
дэслэгч бид хоёрт тохиожээ. Би яагаад ч юм гэнэт дэслэгчийг өрөвдөх
сэтгэлд автав. Хэдхэн хоногийн өмнө надтай уулзаж даргын хувьд бас эр
хүний сэтгэлээр ярилцаж байхдаа
-Чи манай эхнэртэй санхүүгийн
техникумд хамт суралцаж байсан гэл үү? Манай хүн чамайг сурлага сайтай
хүүхэд байсан. Гэтэл гэнэт л саналаараа цэрэгт яваад өгсөн чинь энд
ирчихэж гээд л яриад байсан. Тэр маань гэртээ баахан уйддаг бололтой,
энд түүнд таарч тохирох ажил ч алга. Чи манайхаар оржгарч байгаарай гэж
ирээд л мөрөн дээр минь алгадаж зогссонсон.
Би цэцэрлэгийн
жижигхэн төмөр сандал дээр хадуулчихсан юм шиг хөдөлгөөнгүй суусаар
байв. "Эцэг" Жагаа над руу айсуй. Тэр миний зүг ирж явахдаа халаасаа
тэмтрэн тамхи гаргангаа над руу нэгийг сарвайв. Би тамхи татамгүй байв.
Шүдэнзээ шархийлгэн зурж тамхиныхаа шингэн цэнхэр утааг хий хоосон
агаарт шившин үлээнгээ
-Заставын бэр маань ингээд яваад өгдөг байжээ.
Өчигдөр орой Бямбасүрэн надтай уулзсан юм. Их ч юм ярьсан. Би чамаас
хэдэн оймс илүү элээсэн хүн ш тээ. Бүгдийг ойлгосон. Би ч гэсэн тэнэг юм
сэдэж та хоёрт "гай" болсноо хэлсэн л дээ. Бямбасүрэн харин эндээс бүр
явчихаж байгаа юм билээ. Найз хүүхэндээ "Аавын чинь бие маш муу байна.
Хурдан ир" гээд цахилгаан бичээрэй гээд хэлчихсэн гэсэн. Тэр нь ирсэн юм
байлгүй дээ. Харин тэр чамд үнэн сэтгэлээсээ хайртай юм билээ шүү
гэлээ.
Зэргэлээ залгилан торолзох Чандмана уулын тэртээгээс шуудангийн нисдэг тэрэг хүчит сэнсээ исгэрүүлэн гарч ирлээ.
Би босоод тэдний араас гүйлээ. Амьдралыг гэгээн мөртэй туулахсан гэвч дундаршгуй зовлон, дуусашгуй жаргал гэж бас байдаг ажээ.
Ардын уран зохиопч П.БАДАРЧ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих