МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарын нэр холбогдсон авилга, хээл хахуулийн хэрэг Монголд албан тушаалтнууд ажлын местээ ашиглаж хэрхэн баяждагийг ямар нэг тайлбаргүйгээр нотлоод өгсөн. Өөрөөр хэлбэл, төрөөс яаж тэрбумтан төрдгийн бодит жишээ болсон хэрэг. Мөн төрд алба хашиж байгаа, тэр дундаа тодорхой албан тушаалтай бол авилга авсан ч аргалж болдгийн баталгаа болох нь тэр.
Тэд ямар хэрэг үйлдсэн бэ?
МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-ийн зөвшөөрлийг олгохгүй удах, хясан боогдуулах аргаар хахууль авсныг хууль хяналтынхан нэгэнт тогтоосон. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: “Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг оруулж, гаргах болгондоо МХЕГ-аас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ” гэсэн байдаг.
Гэнэтийн шалгалтаар юу илрэв?
ТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг.
Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгосон юм.
Н.Баярсайхан: Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн
Тэрбээр авлига авсан тухайгаа шүүхэд мэдүүлэхдээ “Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан” хэмээн ярьсан байдаг. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ.
Анхан шатны шүүх юу гэж шийдэв?
Иргэн Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Онон, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарын 25 хүнийг хахуулийн хэрэгт гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ. Ингэхдээ Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэв?
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Гурав дахь шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн,ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатаар хэлэлцүүлэхээр буцаасан эхний таван хүн МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, байцаагчид байна. Харин Д.Төмөрбаатар нь удаа дараа хахууль өгсөн байгаа. Тэрбээр 60 гаруй удаагийн үйлдлээр 330 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Энэ зургаан хүний ял хөнгөдсөн байна гэж УДШ үзсэн. Үлдсэн 19 хүн нь хахууль өгсөн иргэд, компанийн ажилтнууд байгаа. Энэ хүмүүсийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ажээ. Анхан шатнаас энэ 19 хүний хоёрыг нь цагаатгаж, 17-д нь торгуулийн ял буюу 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял, нийтийн албан ажиллах эрхийг хоёр жил хасах нэмэгдэл ялын хамт оногдуулсан юм. Өөрөөр хэлбэл, хахууль авсан төрийн албан хаагчдын ял бол хүнд байх ёстой гэж үзсэн.Хахууль өгсөн иргэдийн хувьд бол торгоход болно гэж үзсэн гэсэн хэрэг. Шүүх хурал дээр хахууль өгсөн иргэдийн өмгөөлөгч нар “Мөнгө нэхээд, ажил нь явахгүй байсан болохоор өөр аргагүй байгаагүй” гэж ярьсан байдаг.
Тэдэнд ямар ял оноох зүйл ангитай байсан бэ?
Тэдэнд эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн Хуулийн
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.
Тэд үнэхээр хахууль авахаас өөр аргагүй амьдралтай байв уу?
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нь бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авсан атлаа ямар нэгэн ял шийтгэлгүй үлдсэн хүн. Э. Аззаяа гэх авилгач эмэгтэй энэ албан тушаалдаа 2016 оны есдүгээр сарын 16-ны өдөр томилогдож байжээ. Харин түүнтэй хамтран бусдыг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг байсан Н.Баярсайхан түүнээс яг нэг өдрийн өмнө нь хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Ажлын өрөө болон орон гэрээс нь, тэр бүү хэл, оймсноос нь үлэмж их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, юань, төгрөгөөр толгой толгойгоороо гардаг энэ хоёр хүн үнэхээр хахууль авахаас аргагүй амьдралтай байсан уу. Тэгвэл тэдний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг харцгаа.
Эрдэнэбаярын Аззаяа нь баривчлагдахынхаа өмнө АТГ-т гаргасан ХОМ-тээ:
“2016 онд өөрөө 11.7 сая төгрөг, харин гэр бүлийн хүн маань 72.4 сая төгрөгийн орлого олсон, 575 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, мөн гурван ширхэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй хэмээн мэдүүлж байжээ. Мөн эзэмшихээр авсан таван га газар, гэр бүлийн зориулалтаар өмчилсөн таван газраа нийт 73 сая төгрөгөөр үнэлжээ. Бусдаас авсан зээл нь 46.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, банк санхүүгийн байгууллагад есөн сая төгрөгийн хадгаламжтай” гэсэн байдаг.
Н.Баярсайхан 1.35 тэрбумаар үнэлэгдэх зургаан үл хөдлөх хөрөнгөтэй
Найдангийн Баярсайханы АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ:
“Нэг тэрбум, 354 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, хоёр ширхэг үйлчилгээний зориулалттай оффистой. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашин, зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум хэмээн тогтоосон 568 ам.метр газартай. Нийт 54 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, 86.2 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн бусдаас 58 сая төгрөгийн авлагатай, ямар ч банк санхүүгийн байгууллагад өр зээлгүй байсны зэрэгцээ “Хай Фай медиа групп” ХХК-ийн 50 хувь, “Хай фай рекордс” ХХК-ийн 50 хувь, “Эм жи эл констракшн” ХХК гэх барилгын компанийг 100 эзэмшдэг” гэжээ.
Тэрээр МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өргөж байжээ
Найдангийн Баярсайхан 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Түүний нэг төгсөлтийнхнөөс нэрлэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, одоо АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, Хуульчдын холбооны захиргаа, Эрхзүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Д.Сүнжид зэрэг 137 хүн бий. Авлигач Н.Баярсайхан хэдийгээр АН-ыг засаглаж байх үед анх төрийн албанд орсон боловч хэзээ хэнд хэрхэн хандив өргөхөө мэддэг хүн байж. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль болох үед МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өгсөн байна.
Н.Саранчимэг
Эх сурвалж: medee.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих