Украины албаныхны мэдээлснээр өнгөрсөн сарын 20-нд гал зогсоохыг зарласнаас хойш Киевийн армийн 27 алба хаагч амь үрэгдэж, 69 цэрэг шархаджээ. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагчидтай хийж буй тулааныг түр намжааж, гал зогсоох хугацааг зургадугаар сарын 30 хүртэл хүртэл сунгаад байсан юм. Гэвч Украины Засгийн газраас гал зогсоохоор зарласан хугацаанд зүүн хэсгийн Донецк, Луганскийн Оросыг дэмжигчид Киевийн армийн эсрэг гал нээж, цэргүүдийн амийг хөнөөсөн юм.
Европын холбооны зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украины Засгийн газар болон зүүн хэсэг дэх Оросыг дэмжигчдийн хоорондох зөрчлийг зохицуулахыг шамдуулж байгаа юм. Энэ дагуу В.Путин П.Порошенкотой утсаар ярьж гал зогсоох хугацааг уртасгахыг ятгажээ. Түүнчлэн Оросын төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын парламентад өргөн барьсан Украинд цэрэг оруулах хүсэлтээ эргүүлэн татсан байна.
Украины зүүн хэсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 420 гаруй хүн амь үрэгдээд байна. Мөн мөргөлдөөний улмаас 100 гаруй мянган хүн ОХУ руу дүрвээд байгаа аж.
М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих