Монгол Улсын үндэсний их баяр наадам саяхан өндөрлөж, хайртай бөх нь түрүүлсэн нэг нь өөрөө аварга болсон юм шиг л баярлан, “Хүй долоон худаг”-ийн соёолонгийн тоосоор хийморио даллаж, хүн бүгд л наадсан шиг наадаж, баярласан шиг баярлан бас нэг жилийн наадмыг үдлээ. Харин Өвөр Монгол оронд өнөөдөр “Наадам” гэдэг “наадам” төдий л биш, соёлын үйлдвэрлэлийн нэгэн чухал бүтээгдэхүүн болоод байна.
“Наадам”-ын соёлыг сурталчлан, бүс нутгийн хэмжээнд наадам зохион байгуулахыг дэмжиж, наадмаар дамжуулан аялал жуулчлалын хөгжил, орон нутгийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, олон үндэстний ард түмэн хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор ӨМӨЗО сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж байна. Улмаар өнгөрсөн жилийн зунаас “Өдөр бүхэн наадамтай” төслийг хэрэгжүүлэн, “Тал нутаг дахь наадмын болзоо” сэдвийн эргэн тойронд аймаг, хотууд өргөн хэмжээний наадмуудыг зохион байгуулснаар “Наадам”-ын утга сэдэв өргөжин, олон “өнгө төрх”-тэй болсон төдийгүй бүс нутгийн эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх “шинэ үүрэг”-ийг үүрэглэх болжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард миний бие ажлын хоёр андтайгаа нутаг дамжин наадам хэсэх “нандин” үүрэг авч Хөххотоос мордож байсан бол өнөө жил “хотын наадам”-аар хэсэх томилолт авлаа. Намайг бага байхад нутгийн ахмадууд “Найр дамжин наадам хэслээ” гэж бөх ах нарыг л зэмлэдэг байсан санагдана. Харин сэтгүүлч бүсгүй болчихоод өөрийгөө ингэж наадам дамжин хэснэ чинээ санаагүй явжээ.
- Биднийг бага байхад найр наадам их л цөөхөн байсан. Юм цөөхөн байхдаа л илүү үнэтэй, хүлээлттэй байдаг. Өнөө цагт найр наадам олшроод, зугаа цэнгэл нь арвидаад, цаг зав, мөнгө төгрөгөө дэмий үрэх болж гэж хэсэгтээ ахмад настнууд таагүйцэж явсан бол наадам зохион байгуулагч талаас малчдыг хоол хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэлтийг дэмжсэнээр их удалгүй энэхүү боломжийг олон малчид ашиглах болж, өөрсдийн брэндээ бүтээсэн нь ч бий.
Бүс нутгийн хувьд наадам зохион байгуулах нь хөрөнгө оруулалтын шаардлагыг нэмэгдүүлэх, хэрэглээний эрэлт хэрэгцээг дэмжих, үндэстний өвөрмөц бүтээгдэхүүнийг сурталчлах, ажлын байр бий болгох гэх зэрэг давуу талуудыг бүтээдгээрээ орон нутгийн эдийн засгийн орлогын нэмэгдэлд илүү их үр нөлөө үзүүлдэг байна.
“ӨМӨЗО-ны Тал нутгийн наадам”-аар жишээлэхэд тус арга хэмжээ нь нэгэнт Өвөр Монголын соёлын аялал жуулчлалын брэнд болон хөгжиж, 35-р наадам буюу энэ жилийн наадам нь 07-р сарын 19-нд Шилингол аймгийн Шилийнхотод нээлтээ хийв. 2023 онд болсон ӨМӨЗО-ны Тал нутгийн 33-р наадмын үеэр Шилийнгол аймаг нь давхардсан тоогоор нийт 500 мянга гаруй гаднын жуулчин хүлээн авч, наадмын хугацаан дахь аялал жуулчлалын орлого 1.1 тэрбум юаньд хүрсэн байв.
Өнгөрсөн жилийн Тал нутгийн 34-р наадмын үеэр Шилийнгол аймаг нь мөн цагаан идээний брэндийн нэр нөлөөг нэмэгдүүлж, малын ашиг шим, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын замыг өргөтгөх зорилготой “Наадам + цахим худалдаа” сэдэвчилсэн үйл ажиллагааг зохион байгуулж, “Шилийнголын ховор бүтээгдэхүүн” цахим тавцанг ашиглан шууд нэвтрүүлэг хийн, Шилийнгол аймгийн орон нутгийн онцлогт бараа бүтээгдэхүүнийг цахимаар борлуулж, нийт 670 мянган юанийн орлого бүтээсэн байна.
Наадам нь энэ жишээгээр эдийн засгийн орлого бүтээх алтан боломжийг бий болгодог бол сүүлийн үед наадам болохыг хүлээхийн оронд харин наадам зохиох шинэ чиг хандлага гарч байгааг дурдахад мөн таатай байна. Үүний нэгэн жишээ бол яах аргагүй “Хотын наадам” юм.
Хөх хотын хувьд хотын бэсрэг наадмууд нь өнгөрсөн зун анх “мэндэлж”, өнөө жил болоход ар араасаа төрөн, “Чак”, “Ардын наадам” гэх мэтчилэн олон нэр төрлөөр “ам бүл” олуул болжээ. Наадмын үеэр бөхийн барилдаан, урлагийн үзүүлбэр зохион байгуулдгаас гадна, хоол хүнс, хувцас гоёл, гоо сайхан, айраг цагаа гээд худалдаа дэлгүүр бага бус ирдэг нь Хөххотын монголчуудын хувьд дээл хувцсаараа гоёж, дэнж хотойтол наадах сайхан аз завшаан болжээ.
Хотын бэсрэг наадмын нэгэн онцлог бол идэр залуучуудын оролцоо. Хөххотод ажиллаж, амьдарч байгаа монгол залуучуудын хувьд цаг зав гаргаж нутаг буцан наадам үзэх боломж хүн бүхэнд төдийлөн олдоод байдаггүй. Улмаар энэхүү “Хотын наадам” нь тэдэнд наадам үзэх, амралтын хоёр өдрөөр хүүхдүүдээ агаарт гаргах, уламжлалт соёлыг харуулах, наадмын дэнжид айраг ууж, “наадмын хуушуур” идэх чимх мөрөөдлөө биелүүлэх боломжоор хангасан байна. Ялангуяа, Хөх хотод бизнес эрхэлдэг залуучуудын хувьд бараа бүтээгдэхүүнээ зарахаас илүү брэнд тэмдгээ сурталчлах алтан боломж болсон байна.
Хөх хотын зөөлөн салхинд илбүүлж, Далан харын дулаан нөмөрт бүүвэйлүүлсэн хотын монгол наадам ийнхүү хурсан олны сэтгэлийг бүлээцүүлэн, уламжлалт наадмын өнгийг хадгалж, хотын залуучуудын амьдралд хөөр баяр нэгээр нэмж байгаа нь юутай сайхан.
Зохиогч: | Нийтлэл: С.УРЬХАН |
Найруулагч: | Ц.УРАНТУНГАЛАГ |
Эх сурвалж: | СОЛОНГО |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих