ТЭМЭЭНИЙ ТУХАЙ МИНИЙ БОДОЛ
Сүүлийн жилүүдэд Дорнод аймагт тэмээн сүргийн тоо толгой эрс буурч байгаа тухай статистик үзүүлэлтүүдэд дурьдсан нь Дорнодчууд тэмээндээ анхаарал хандуулах цаг болжээ.
2012 оны мал тооллогын дүнгээр Дорнод аймгийн хэмжээнд нийт 5007 тэмээ тоологдож байсан бол 2013 онд 4714 болж даруй 293-аар цөөрсөн байна. 1980-аад оны үед арван мянга гаруй тэмээтэй байсан бол өдгөө 4714 толгой тэмээ тоолуулж. Зохиолч Л.Хэрээ гуай саяхан "Тал нутагт минь тавхайлах тэмээгүй болох вий” баримтат нэвтрүүлэгтээ тэмээний тоо толгойн хорогдлын талаар хөндсөн нь тэмээ цөөрч буйд зовнисон бус, тэмээгүй болох аюул ойрхон байгааг сануулсан, дөрвөн хошуу малтай гэж болохоос сэрэмжлүүлсэн, энэ тал дээр аймаг орон нутгийн удирдлага цаашид анхаарч тоо толгойг өсгөх тал дээр бодлого барьж ажиллах хэрэгтэй талаар өгүүлсэн юм.
Би бодлоо л доо, нэгэнтээ хорогдлын тухай ярьж байгаа юм бол, яагаад хорогдсон талаар хүн бүр л өөр өөрөөр тайлбарлах байх. Тэмээ хорогдох хэд хэдэн шалтгаан байдаг тухай өгүүлдэг. Үүнд махны гарц сайтай учраас нядалгаанд их хэрэглэдэг. Мөн түүнчлэн ачаа тээвэрт хэрэглэх шаардлага хэрэгцээ багассан. Бага оврын трактор, Портер, Бонго гэх мэтийн бага оврын ачааны автомашин өргөн хэрэглэгдэх, тэмээ шилэрч хол идээшилж явдаг хариулга багатай зэргээс шалтгаалан тоо толгой буурч байна гэж үзэж болох юм.
Тэгвэл тэмээг яаж өсгөх вэ? Тэмээн соёлыг хөгжүүлэх вэ? Энэ тал дээр аймгийн Засаг дарга С.Ганбат анхааралдаа авч "Тэмээ дэд хөтөлбөр” гарган ажиллаж байна. Мөн Сэргэлэн сумын засаг дарга Н.Гүррагчаа "Тэмээн соёлын хөгжүүлэх” жил болгон зарлаж тэмээн сүргийн тоо толгойг өсгөж үржүүлж байгаа малчдаа урамшуулж ажиллахаар болооод байна. Дорнод аймгийн хэмжээнд Сэргэлэн сум л тэмээний тоо толгой 2013 оны мал тооллогоор өссөн дүнтэй гарчээ. Өсгөсөн ботго тутамд урамшуулал олгох замаар ч юм уу, тэмээн толгойгоо өсгөсөн малчдад дэмжлэг үзүүлж тэмээн сүргээ өсгөх хэрэгтэй байна.
Тэмээ ер нь өөрөө их сүрлэг сайхан амьтан шүү дээ. Ачаанд оруулаад явахад 200-300 кг ачааг тэгнээд аччихна. Тэрэг, чарганд хөллөхөд 400-500 кг хүртэл ачаа даадаг. Тарга тэвээрэг нь гүйцэт тэмээ жинд явахдаа 3000 км хүртэл түүртэлгүй явдаг, жингийн цуваандаа 15-30 тэмээ явдаг гэхээр нилээдгүй ачааг шингээчихэж байгаа юм. Тэмээ нь замын хувьд ямар саад бартаатай замыг дөмөгхөн туулдаг гэж байгаа. Уул давааны налуу, өгсүүр гэх мэтийн бартаанд бол торохгүй явчихдаг, хүч алдана, айна гэсэн ойлголт байхгүй гэсэн үг. Ердийн хөсөг нь ачаа тээврийн хувьд зарлага багатай гэж ярьдаг. Жишээлбэл тэмээ портер хоёрыг харьцуулаад үзье л дээ. Даацын хувьд бараг л ойролцоо доо. Тэмээн тэргэнд 400-500 кг ачаа ачих боломжтой бол портер нь мөн төдий дайтай ачаа ачих нормтой. 100 км орчим замд тэмээ бол усалгаатай бол 7 хоног орчим ус уухгүйгээр явчихна. Харин портер бол 100 км-т багадаа л 10 л шатахуун зарцуулна байх. Нэг литр дизель түлш 1930 төгрөгийн үнэтэй бол 19300 төгрөг тээвэрлэлтэнд зарцуулна гэсэн үг. Гэх мэтээр тэмээ бол эдийн засгийн хувьд хэмнэлттэй тээвэр болж байна. Тэмээний ач тусыг тоочоод байх юм бол зөндөө л байна шүү дээ. Тэмээгээ өсгөж "Тэмээн соёл”-ыг хөгжүүлцгээе.
Г.Төмөрчулуун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих