Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Оксфордын их сургуулийн төгсөгч М.Чимэддоржтой ярилцлаа.
-УИХ-ын сонгууль ойртож, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Та эдийн засагч хүний хувьд энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт юуг тусгах шаардлагатай гэж бодож байгаа вэ?
-Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол зөвхөн сонгогчдын саналыг авахын тулд бэлтгэдэг цаас төдий зүйл биш. Хэрэгжүүлэх, үр дүнг нь хэмжих боломжтой хөгжлийн зорилтууд байх ёстой. Харамсалтай нь манай улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмжих ч боломжгүй, хэрэгжих ч боломжгүй хэт гоёчилсон тунхаг төдий зүйл байдаг. Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр хэдий чинээ муу байна улс төрчдийн харизмыг сонгохоос аргагүй болдог. Энэ нь улмаар популизмыг гааруулж, ардчиллын чанарыг муутгаж байдаг зүй тогтолтой. Дэлхий нийт өмнө тулгарч байгаагүй шинэ сорилтуудын өмнө байна. Сүүлийн саруудад тархаад байгаа коронавирус цар тахлын хэмжээнд хүрлээ. Улс орнууд вирусийн аюулыг хэрхэн давах талаар харилцан адилгүй арга хэмжээ авч байна.
Коронавирусийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогоо эргэн харахыг шаардаж байна. Нөгөө талаар манай эдийн засаг улам бүр глобал эдийн засгийн нэг хэсэг болон хувирч байна. Бидний гол экспортын бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, ноолуур, зэс нь бүгд дэлхий нийтийг хамарсан өртгийн сүлжээний нэг хэсэг. Тийм ч учраас бид дэлхий ертөнцөөс тусдаа орших аргагүй.
Энэ бол зөвхөн сонгуулийн асуудал ч биш ойрын ирээдүйд манай макро эдийн засгийн болон аж үйлдвэрийн салбарын бодлого ямар байх вэ гэдгийг дахин эргэн харах ёстой. Дээр нь манай улсын гадаад өр үлэмж нэмэгдэж, эдийн засгийн голлох салбарууд улам өрсөлдөх чадваргүй болж байна. Ирэх дөрвөн жил Монгол улсын засгийн газрын гадаад өрийг дахин санхүүжүүлэх шаардлага гарч байгаа.
Гэтэл төсвийн алдагдал нэмэгдэж, өмнө нь төсөөлж байсан төсвийн орлого тодорхойгүй болж байна. Дээр нь ганц санхүүжүүлэгч Олон Улсын Валютийн Санг хөөгөөд гаргачихсан. Дүгнэвэл, ойрын жилүүдэд Монгол улсын дундаж давхрага ширгэж, ядуурлын эгнээ тэлэх аюул нүүрлэлээ.
Тиймээс төсвийн алдагдлыг бууруулах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах зайлшгүй шаардлага бий. Зөвхөн энэ оны төсийн тодотголоор зогсохгүй, цаашид төсөв санхүүгийн сахилга бат чухал болж байна. Энэ үүднээс авч үзвэл улс төрийн намуудын элдэв байшин барилга барьж, үнэгүй үйлчилгээ үзүүлэх амлалтаас илүү төсвийн үрэлгэн зардлыг бууруулах зорилтуудтай мөрийн хөтөлбөр улс оронд хэрэгтэй байна. Сонгогчид хэрсүү болсон, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг уншихдаа ч улс орныг өрөнд оруулах зүйлсийн цуглуулга бичсэн улс төрийн намуудыг дэмжихгүй байвал улс оронд хэрэгтэй гэдгээ ухамсарлаж байгаа гэж итгэж байна.
-Тэгвэл Засгийн газраас коронавирусийн эдийн засгийн сөрөг үр дагаварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг юу гэж үзэж байна вэ? Та яаралтай авах арга хэмжээ санал болговол юуг зөвлөх вэ?
-Вирусийн тархалт дэлхийн эдийн засгийн идэвхижлийг үлэмж сааруулаад байна. Дэлхий нийтээр үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүний эрэлт буурч байна. Үүнээс улбаалаад түүхий эдийн хэрэглээ буурна гэсэн үг. Энэ нь манай эдийн засагт шок болж орж ирнэ.
Тодруулбал, голлох экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ буурч, экспортын хэмжээ ч буурна. Дээр нь дотооддоо хөл хорио тогтоосон нь мөн л компаниудад хүнд цохилт болж байна. Эдгээр шалтгаанаар манай улсад ажилгүйдэл гаарч, ядуурал нэмэгдэнэ. Тиймээс эдийн засагт учрах дарамтыг бууруулах хамгийн чухал алхам бол компаниудын үйл ажиллагааг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах явдал.
Харамсалтай нь Засгийн газар сумын соёлын төвөөс эхлээд төрийн байгууллагын олон арван байшин барилга барих, зайлшгүй шаардлагагүй ширээ сандал худалдан авахад төсвийн хөрөнгө оруулалт хийх төсөв баталчихсан. Энэ бол сонгуулийн төсөв. Өнөөдрийн байдлаар төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болоод байна. Цаашид нэмэгдэх биз. Цаг алдалгүй ээлжит бус чуулган зарлаж төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Юуны өмнө тэвчиж болох зардлуудыг танах, хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талдаа дунд бага орлоготой иргэдийг хамгаалах арга хэмжээ чухал байна.
Одоогийн байдлаар вакцины судалгааны ажилд ахиц гарч байна. Амьтан дээрх туршилт амжилттай болж, клиникийн туршилт эхэлж байна. Ирэх оны эхээр вакцин зах зээлд гарна гэж тооцвол чилийсэн арван сар бидний өмнө байна. Хөл хорио тогтоох замаар тархалтыг бууруулах арга хэмжээ авч байна.
Гэхдээ одоогоор тархалтыг зогсоож чадна гэсэн итгэл төрүүлэхгүй байна. Үр дүнтэй байлаа ч ирэх зургаан сарын хугацаанд манай эдийн засаг сайжрахгүй. Энэ хугацаанд дундаж давхрагаа доош нь алдахгүй, бага орлоготой айл өрхүүдээ хүнс тэжээлийн дутагдалд орохоос хамгаалсан цогц арга хэмжээ авах хэрэгтэй.
Юуны өмнө дундаж, бага орлоготой өрхүүдийн орлогыг хамгаалах чиглэлээр санхүүгийн нөөцөө зарцуулах ёстой. Түүнээс биш бизнесийн байгууллагуудыг дэмжих нэрээр том компаниудад мөнгө хуваарилах нь чоно борооноор гэтэж байгаагаас ялгаагүй зүйл болно. Өнөөдөр манай хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн тэн хагасаас илүү нь үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Вирусийн тархалтын эсрэг арга хэмжээнд хамгийн их өртөж байгаа нь энэ салбар байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд дотооддоо хяналтаас гадуур өвчлөлгүй, хилээ бүрэн хаасан үед бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоож байгаа нь буруу. Энэ нь маш олон ажлын байрыг эрсдэлд оруулж байна. Өнөөдрийн байдлаар вирусийн халдвар илэрсэн бүх хүмүүс хяналтанд байгаа үед бизнесийн байгууллагуудыг аль болох хэвийн ажиллах нөхцлөөр хангах хэрэгтэй. Тэгвэл ажлын байруудыг хамгаалж, өрхийн орлогыг тасалдуулахгүй байх боломж бүрдэнэ.
Юуны өмнө жижиг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн батлан даалтын санг бий болгож, бизнесийн үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай. Ингэж байж жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Манай нийт хөдөлмөр эрхэлж байга хүмүүсийн бараг ерэн хувь нь хорь хүртэл ажилтантай аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгааг бодолцох ёстой.
Харамсалтай нь засгийн газар малчдын орлогыг хамгаалах нэрийн дор ноолуурын компаниудад гурван зуун тэрбумын хөнгөлөлтэй зээл олгох гэж байна. Энэ нь малчдад орлого болж очно гэх баталгаа байхгүй. Худалдаа, үйлчилгээний салбарт энэ хэмжээний мөнгөөр зээлийн батлан даалт хийж, хүүгийн хөнгөлөлт үзүүлэхэд ноолуурын салбараа хэд дахин олон хүний ажлын байрыг хамгаална.
Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийн санг зузаатгах, тэтгэмж олгох хугацааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг наад зах нь зургаан сар хүртэл уртасгах шаардлага гарч байна. Ялангуяа зөвхөн нэг хүн ажил эрхэлдэг өрхүүдийг онцгой анхаарах хэрэгтэй, тэдэнд маш хүнд цохилт болно. Ийм гэр бүлүүдийн орлогыг хамгаалж чадвал аюулт өвчин өнгөрсний дараа түүний нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг бууруулж чадна.
"Улс төрчдийн эзэмшдэг тендер, концесс авдаг, төрийн сангуудыг тонодог компаниуд бол хяналтгүй эрх мэдлийн бойжуулсан үр могой нь"
-Улс төрийн намуудын рэйтинг урьд хожид байгаагүй доогуур байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-Монголын улс төрийн намууд үндсэндээ бүрэн хувьчлагдсан. Улс төрийн намуудыг төрөөс хулгай хийдэг авилгач компаниуд, авилгач улс төрчид хувьчлаад авчихсан. Зонхилох улс төрийн намуудын дотоод засаглал ялзарч, зөвхөн мөнгөтэй хүмүүсийн хяналтанд бүрэн орсон. Жирийн намын гишүүдийн үзэл бодол, дуу хоолой нам дотор үгүй болсон гэж хэлж болно. Энэ бол улс төрийн намууд сүйрч байгаа гол шалтгаан.
Цаашид ч шинэчлэгдэхгүй бол иргэд энэ хоёр намыг сонгохгүй. Хүмүүс боловсорч, гадна дотны мэдээллийг шууд хүлээн авч боловсруулж чаддаг болсон. Сонгогчид улс төрчдөөс бодлого нэхэж, авилгалыг жигшиж байна. Гэтэл улс төрийн намуудын удирдлагад байгаа хүмүүсийн олонхи нь зохион байгуулалттай авилгын хэрэгтэй нэр холбогдсон байхад яаж ч гуйгаад, мөнгө тараагаад ч тэднийг сонгохгүй. Орчиндоо дасан зохицож чадаагүй ямар ч систем мөхдөг нь жам.
-Тэгвэл улс төрийн намуудыг өөрчлөхөд юу хийх ёстой вэ?
-Улс төрийн намыг зөвхөн дотоод хүчин зүйл нь өөрчилнө. Гишүүд нь өөртөө итгэдэг, өөрсдийн үзэл бодолтой түүндээ тууштай зогсож чаддаг бол өөрчлөгдөнө. Харин гишүүд нь мөнгө, эрх мэдлийн төлөө цуглаж, түүнийхээ л төлөө тэмцэлддэг бол ийм намууд мөхөж алга болох нь тодорхой. Өөр нэг хүчин зүйл нь улс төрийн системийн шинэчлэл. Бид ардчилал байна, хүмүүс сонголтоо хийж байна гэж бодоод байдаг.
Гэтэл өнөөдөр Монголд бодлогоороо өрсөлддөг улс төрийн нам байх боломжгүй тогтолцоотой болчихлоо. Улс төрийн намуудын тухай хууль дөрвөн удаа төслийн хэмжээнд бэлтгэгдээд УИХ-ын босгыг давсангүй. Хүн бүр улс төрийн намууд авилгын үүр уурхай, авилгачдын орогнох газар болж хувираад байгааг мэдэж байгаа. Гэтэл улс төрчид яагаад улс төрийн ялзарсан системээ өөрчлөх ганц ч алхам хийхгүй байна гэж бодож байна. Хариулт нь маш энгийн. Өнөөгийн улс төрчид бол энэ ялзарсан системийн үр шимийг хүртэгчид. Тиймээс өөрчлөхийг хүсдэггүй.
-Та Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн бас Ардчилсан намын шинэлчлэлийн ажилд гар бие оролцож явсан хүн. Танай намын дарга С.Эрдэнэ Ардчилсан Нам бол шинэчлэгдсэн, фракцгүй нам болсон гэж удаа дараа мэдэгдэж байсан. Танай нам шинэчлэгдэж чадсан уу?
-Ардчилсан нам өөрчлөгдсөн, гэхдээ шинэчлэгдээгүй.
-Яагаад та ингэж дүгнэх болов?
-Улс төрийн нам нь тодорхой хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Учир нь улс төрийн нам бол төрийг байгуулдаг суурь институци. Тийм ч учраас улс төрийн намын дотоод засаглал бол ардчилсан тогтолцооны амин сүнс, тулгуур багана нь. Гэтэл манай улс төрийн намын тухай хуулиар намуудын дотоод засаглалын асуудлыг нь зохицуулж өгөөгүй. Ийм нөхцөлд манай ардчилсан намын хэсэг залуус намаа шинэчлэх үүднээс хуулиар зохицуулаагүй харилцааг намын дүрмээр зохицуулах оролдлого хийсэн. Харамсалтай нь энэ дүрмийг нь хэсэг бүлэг хүмүүс уландаа гишгэсэн. Тэд өнөөдөр намыг удирдаж байгаа. Тодорхой хэлчихье. С.Эрдэнэ, түүний тойрон хүрээлэгчид Ардчилсан намын дүрмийг олон удаа зөрчиж, намын дотоод сонгуулийг мөнгөний хэрэгсэл болгож хувиргасан.
Түүгээр ч зогсохгүй намын дүрмийн төслийг өөрчилж намын Их Хурлын төлөөлөгчдөд бүрэн танилцуулж хэлэлцүүлэхгүйгээр батлуулсан. Энэ бол өөрөө эрх зүйт ёсонд харш. Цаашилбал үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг намаас хасдаг, намын дотоод сонгууль болох төрийн сонгуульд нэр дэвшигчдэд мөнгөний шалгуур тавьдаг гээд дурьдахад л нам шинэчлэгдсэн гэж хэлэх үндэс байхгүй биздээ. Ёстой сахил хүртээд шал дордов гэдгийн үлгэр болсон.
-Эрх баригч намын хувьд таны дүгнэлт?
-Би тэр намын дотоод асуудлыг мэдэхгүй. Гэхдээ Ардчилсан намаас дор ялзарсан гэдэг нь Монголын төрийг бүхэлд нь зарах гэсэн оролдлого хийсэн жаран тэрбум, УИХ-ын гишүүд нь үгсэн тохирч төрийн санг тоносон зэргээр батлагдаад байгаа шүүдээ. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн олонхи нь эрүүгийн хуулийн ямар нэг заалтаар хэрэг хариуцагч болох нь цаг хугацааны л асуудал.
Ирэх сонгууль гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдчихсон хүмүүс дахин гишүүн болж хамгаалалтанд орох гэсэн сонгууль болно гэдгийг бид бодолцох ёстой. Би энд улстөржөөд байгаа юм биш шүү. Бүхэлдээ Монголын парламент эрх зүйн чадамжтай байх уу үгүй юу гэдэг асуудал учраас хэлж байгаа юм шүү. Хулгайч нарыг ордонд суулгаад байж болохгүй биздээ.
-Тэгвэл эрх баригч Монгол Ардын Намын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр ямар түвшинд хэрэгжсэн гэж бодож байна вэ?
-Энэ асуултанд хариулахын тулд мөрийн хөтөлбөр угаасаа байсан уу гэдэг асуулт гарч ирээд байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө талаас илүүг нь сонгуульд ялсныхаа дараа баталсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт тусгаагүй. Өөрөөр хэлбэл зөвхөн санал авах зорилгоор сонгогчдод танилцуулчихаад манай Засгийн газар хэрэгжүүлэхгүй гэсэн.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хэсгийг нь уншихаар хэмжих боломжгүй тунхаглалууд. Ядуурлыг бууруулна гэсэн. Харин бодит байдалд ядуурал нэмэгдсэн, ядуурлыг тооцдог арга нь л өөрчлөгдсөн. Энэ бол зорилт ч биш, мөрийн хөтөлбөр ч биш. Бодвол авилга буурсан нэг тоо танилцуулах байлгүй, сонгуулиас өмнө. Манай улс өнөөдөр хамгийн эрчимтэй авилгажсан улсуудын жагсаалтыг тэргүүлж байгаа шүүдээ.
-Манай нийгмийн хавдар авилга болоод байна. Та авилгатай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж үздэг вэ?
-Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав. Төр өмчгүй бол авилгачид юу гэж төрд шавах вэдээ. Төр компани байгуулж бизнестэй хутгалдаж, хувийн өмчийг хураан төрд авч байхад авилгачид тийшээ шавах нь аргагүй. Төр өмчгүй болчихвол, өмчөө хувьчилчихвал авилгачид тийшээ цувах нь багасна. Ялангуяа томоохон орд газрууд, төрийн эзэмшилд байгаа компаниуд, төрийн банкийг хувьчлах хэрэгтэй. Бүр болохгүй бол зүгээр ард түмэндээ хувьцаа болгоод тараагаад өгчих. Дараа жилээс нь л авилга буурна.
Төр элдэв сан байгуулж хувийн хэвшилд урамшуулал нэрээр мөнгө тараадагаа болих хэрэгтэй. Ил гарсан нь л ЖДҮХ сан болохоос биш цаана нь тариалан эрхлэлтийг дэмжих, мал аж ахуйг дэмжих гээд хэдэн арван сангаар олон зуун тэрбумаар тоологдох хөрөнгийг төр хуваарилж байна. Үүнээс үүдээд дарга нарын компаниуд салбар салбарынхаа яамдыг хувьчлаад авчихсан. Компаниасаа үндсэн цалингаа авдаг ажилчидаар яамдууд дүүрчихээд байна.
Бас нэг авилгын гол эх сурвалж бол төрийн худалдан авалт. Дэлхийн бүх улс орнууд тендерийг авилга үүсэх эрсдэл өндөртэй үйл ажиллагаанд тооцож худалдан авах ажиллагааны экспертүүдийн хяналт зөвлөмж дор, ил тод явуулдаг. Өнөөдөр эрх мэдлийг мөнгөжүүлж байгаа компаниудын олонхи нь тендер, концесс авдаг. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн эзэмшдэг тендер, концесс авдаг компаниуд бол хяналтгүй эрх мэдлийн бойжуулсан үр могой нь. Одоо буцаад төрөө идэж байгааг бид хараад л сууна. Гэхдээ энэ тогтолцоо удаан үргэлжлэхгүй. Монголчууд энэ тогтолцооны эсрэг нэгдэж, нурааж чадна. Тийм нийгмийн хөрс ч бүрдэж байна.
-Та гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх эрхтэй гэж байр сууриа илэрхийлсэн байсан. Үүндээ намын даргынхаа хэлсэн үгийг, залуучуудын байгууллагаа шүүмжилсэн байсан. Үүнийг танай намын дотоод улс төрийн тэмцэл илэрч байгаа хэлбэр гэж дүгнэх хүмүүс байна.
-Намаас том үндэсний эрх ашиг гэж бий. Улс төрөөс илүү үнэт зүйл гэж бий. Намын дотоод асуудалтай ямар ч холбоогүй. Энэ бол халдвартай хүн зөөх тухай асуудал биш. Энэ бол үнэт зүйлсийн тухай асуудал. С.Эрдэнэ дарга үндсэн хуулийн суурь зарчим, Ардчилсан намын үзэл баримтлалын эсрэг зүйл ярьсан. Би үзэл бодлоо илэрхийлсэн, тийм эрхтэй.
Ер нь төр түшилцэнэ гэдэг иргэдийнхээ төлөө ажиллахыг хэлдэг юм. Монгол Улсын Их Хурлын гишүүн болмогцоо Монгол Улсын төрийн сүлдний өмнө Монгол Улсын Үндсэн Хуульд үнэнч байхаа тангаргалдаг. Ингэж тангараг өргөсөн хүн Үндсэн хуулийн эсрэг юм яриад явж байна гэдэг өргөсөн тангарагаасаа няцаж байгаатай ялгаа юун.
Би Ардчилсан залуучуудын холбооны гишүүн биш. Нас хэтэрсэн. Залуучуудын байгууллага бол залуучуудыг л төлөөлдөг байх ёстой. Дарга дагаад далдайж яваа бол сонгогдсон хүмүүсийнх нь асуудал. Би мэдэхгүй. Харин Ардчилсан намын олон залуучууд миний хэлж ярьсныг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа шүү.
-Та энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх үү?
-Одоогоор шийдээгүй байна. Ингээд ярилцлагаа өндөрлөх үү?
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Өдрийн сонин