Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд дахин мөргөлдөөн үүслээ. Энэ сарын 7-ноос эхлэн ХАМАС бүлэглэл Израил руу агаарын болон хуурай замын өндөр зохион байгуулалттай дайралтыг гурав дахь өдрөө хийж буй. ХАМАС бүлэглэлийн удирдагчид "Аль-Акса шуурга" хэмээн нэрлэж буй дээрх цэргийн ажиллагааны үеэр тэд Израилын цэргийн албан хаагчид, энгийн иргэдийг барьцаалж, хил орчмын хэд хэдэн суурин бүсийг эзлэн авсан байна.
ХАМАС еврейчүүдийн Симчат Тора хэмээх үндэсний томоохон баярын үеэр Израилын өмнөд, хойд хилээр долоон чиглэлээр нэвтэрч дайрсан. Одоогийн мөргөлдөөн өмнө нь болж байсан мөргөлдөөн, зөрчилдөөнүүдээс хамгийн өргөн хүрээг хамарсан нь хэмээн эх сурвалжууд мэдээлж буй. Харин Израилын талаас энэ халдлагыг цэргийн ажиллагаа биш ХАМАС Израил улс, түүний ард түмний эсрэг дайн зарласан үйлдэл гэж үзлээ. Тодруулбал "ХАМАС бүлэглэл Израил улс болон түүний иргэд рүү үхлийн аюултай, гэнэтийн дайралт хийлээ. Юуны өмнө Израилын суурин, бүс нутгуудад нэвтэрсэн алан хядагчдаас цэвэрлэх тушаал өгч, нөөцийн дайчдыг өргөнөөр дайчлахыг тушаасан. Тэд энэ үйлдлийнхээ төлөө урьд хожид байгаагүй хэмжээний төлөөс төлөх болно" гэж тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху анхааруулав.
Нөхцөл байдалтай холбогдуулан Израилын Ерөнхий сайд Беньяамин Нетаньяху үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулж, ХАМАС бүлэглэлийн эсрэг "Төмөр сэлэм" нэртэй цэрэг дайны ажиллагаа зарласан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус мөргөлдөөний улмаас Израилын талаас 1000 гаруй хүн амиа алдаж, 3500 гаруй хүн шархадсан бол Палестинд 850 гаруй хүн амь насаа алдаж, 4000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
ХАМАС БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ХЭН БЭ
ХАМАС гэдэг нь "Харакат аль-Мукавама аль-Исламия" үгний товчлол юм. Палестины эсэргүүцэх байгууллага гэж нэрлэдэг ХАМАС бүлэглэл нь Египетийн "Исламын ахан дүүс" хөдөлгөөний Палестин дахь салбараас салаалан үүсгэн байгуулагдсан. Палестины шашны зүтгэлтэн Шейх Ахмед Ясин 1987 онд Палестины бослогын үеэр бусад ахан дүүсийн хамт тус бүлэглэлийг үүсгэн байгуулж, үзэл санааны удирдагч нь болсон.
Шейх Ахмед Ясин Каирын их сургуулийн англи хэлний тэнхимийг төгссөн. Шейх Ахмед Ясин их сургуульд байхдаа англи хэл, уран зохиолоос илүүтэйгээр Исламын шашны радикал урсгалыг сонирхдог байжээ. 1988 онд ХАМАС анхны тунхаглалаа зарлаж, Израилыг устгаж, Палестины түүхэн нутаг дэвсгэрт Исламын улс байгуулахыг уриалсан.
Байгуулагдсан цагаасаа хойш тэд Израилаас гадна Палестины засгийн газартай сөргөлдөж ирсэн. Тэд 2007 онд Газын зурваст хяналтаа тогтоосноос хойш тус бүс нутаг өдийг хүртэл 100 хувь ХАМАС бүлэглэлийн хяналтад байдаг.
Израил-Палестины зөрчил, мөргөлдөөн маш урт хугацаагаар үргэлжилж буй. Иерусалем хотыг аль аль тал нь өөрсдийн эцэг өвгөдөөс өвлөсөн ариун дагшин газар гэж үздэг бөгөөд энэ мэт хилийн маргаан, шашны ялгаа хоёр талын зөрчил мөргөлдөөний гол шалтгаан юм. Газар дундын тэнгисийн зүүн эрэгт орших дэлхий дээрх цорын ганц еврейн улс бол Израил юм. Харин Израилын мэдэлд орших нутаг дэвсгэрт араб зон олон Палестин гэсэн тусгаар улс байгуулахаар хагас зуун жил тэмцэж ирсэн. Еврей болон ислам шашинт арабуудын хоорондох улс төрийн цуст тэмцэл XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед үүсчээ.
1947 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор Палестиныг гурав хуваан нэгийг нь Еврей, нөгөөг нь Араб Улс, Иерусалем хотыг засаг захиргааны онцгой бүс буюу холимог улс байхаар заасан юм. Түүхт Иерусалим холимог хэсэгт багтсан нь хоёр талд аль алинд нь таалагдсангүй. Ингээд 1967 онд израилчууд гэнэт дайн зарлаж Газын зурвас, Иерусалемыг бүхэлд нь эзэлснээр Палестин бүхэлдээ эзлэгдсэн. Харин 1987 онд Палестиныг чөлөөлөх зорилготой ХАМАС бүлэглэл байгуулагдав. 1993 онд хоёр талын удирдлага уулзан, тайван замаар газар нутгийн маргаанаа шийдэх оролдлого хийсэн ч үр дүнд төдийлөн хүрээгүй байна. 2001 оноос Газын зурвас дахь мөргөлдөөнүүд улам хурцадсан.
ХАМАС БҮЛЭГЛЭЛИЙГ ХЭН, ИЗРАИЛИЙГ ХЭН ДЭМЖИЖ БАЙНА ВЭ
Ерөнхийлөгч Ибрахим Раиси мэдэгдэхдээ, Иран улс палестинчуудын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж байна хэмээгээд Израилыг бүс нутагт олон жилийн турш аюул учруулж байгаагийнхаа хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байна. Ираны Гадаад хэргийн яамнаас Палестины ХАМАС бүлэглэлд баяр хүргэж, тус цэргийн ажиллагаа нь эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, зэвсэгт ажиллагааны талбарт шинэ хуудсыг нээлээ гэжээ.
Ираны удирдагчийн зөвлөх, хошууч генерал Рахим Сафави мөн ХАМАС-ын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж, ФАТХ буюу Палестиныг чөлөөлөх ардын фронт ижил байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Сирийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Газын зурвас Израилыг ялахад ойрхон байгааг мэдэгдэж, "сионист терроризмтой тэмцэж буй" ХАМАС бүлэглэлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадсан явдалд Катарын Гадаад хэргийн яам Израилыг буруутгав.
БНХАУ, Египет, Турк, Саудын Арабын эрх баригчид аль нэг талыг илт дэмжихээс татгалзаж, харин талуудыг гал зогсоож, энхийн ширээний ард суухыг уриалав.
Харин АНУ, Европын холбоо, Украйн, Гүрж болон Европын холбооны бусад улсууд Израилыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. АНУ тус бүс нутагт хөлөг онгоц, нисэх онгоцнуудаа байрлуулаад байгаа бөгөөд Израил руу нэмж зэр зэвсэг илгээхээ мэдэгдээд байна.
ЭНЭ МӨРГӨЛДӨӨНӨӨС ХЭН "ХОЖИХ" ВЭ
Энэ удаагийн дайралтыг зохион байгуулахад Иран улс ХАМАС-т тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэнд эргэлзэхгүй байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв. Мөн Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус ХАМАС бүлэглэлд Израилын эсрэг довтлох төлөвлөгөөг боловсруулахад тусалсан гэж WSJ мэдээлэв. Ираны талаас ХАМАС-ын үйл ажиллагааг дэмждэг хэдий ч цэргийн ажиллагаанд ямар ч холбоогүй хэмээн дээрх мэдэгдлүүдийг эрс үгүйсгэж буй.
Тэгвэл Иран ХАМАС бүлэглэлтэй ямар холбоотой вэ. Ираны Исламын хувьсгалт гвардийн корпус 1990-ээд оны эхэн үеэс эхлэн ХАМАС-ын дайчдыг санхүүжүүлж, сургаж, зэвсэгээр хангаж ирсэн. Тухайн үед ХАМАС Ираны нийслэл Тегеран хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээсэн юм.
ХАМАС бүлэглэл Сирийн иргэний дайнд Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг дэмжихээс татгалзсанаас хойш 2012-2017 оны хооронд Ираны талаас санхүүжилт, хамтын ажиллагаагаа зогсоодог. Мөн ондоо талуудын харилцаа дахин сэргэнэ.
2020 онд АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Иран ХАМАС болон Палестины Исламын экстремист бүлэглэлүүдэд жил бүр 100 сая гаруй ам.долларын санхүүжилт үзүүлдэг байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэхдээ, уг халдлагын ард Иран байгааг нотлох баримт хараахан байхгүй хэдий ч Иран олон жилийн турш Израилтай дайсагнасан харилцаатай байсаар ирсэн бөгөөд бүс нутаг дахь жихадист бүлэглэлүүдэд санхүүжилт үзүүлсээр ирсэн гэлээ.
Ираны оролцоо байгаа хэмээн хардах гол хүчин зүйл нь Саудын Араб, Израил улс хооронд дипломат харилцаа сэргээх яриа хэлэлцээ нөлөөлсөн байж болзошгүй хэмээн олон улсын шинжээчид үзэж буй юм. Израил, Саудын Арабын харилцааг сэргээх яриа хэлэлцээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зуучлалын дор явагдаж буй. Хэрэв тус яриа хэлэлцээ амжилтад хүрсэн бол Израилын Арабын бусад орнуудтай харилцах харилцаа мэдэгдэхүйц сайжирч, шинэ түвшинд гарах байсан юм.
Израилын төр улсыг хүлээн зөвшөөрдөггүй, Еврейн улсыг устгахыг албан ёсоор уриалсаар ирсэн Иранд дээрх яриа хэлэлцээ огт "таалагдахгүй" байгаа нь ойлгомжтой. Иран, Израилийн дипломат харилцаа 1979 онд Иранд болсон Исламын хувьсгалын дараа зогссон.
Мөн хүчирхэг хоёр хөрш болох Саудын Араб ба Иран улс бүс нутагт давамгайллаа тогтоохын тулд хоорондоо тэмцэлдсээр ирсэн билээ. Шашны урсгалуудын хоорондын зөрчил нь хэдэн арван жилийн турш үргэлжилж буй хоёр талын сөргөлдөөнийг хурцатгасаар байгаа юм. АНУ-ын засгийн газрын зүгээс Саудын Арабт дэмжлэг үзүүлдэг бол Ираныг үхлийн аюул гэж үздэг израильчууд Ираныг тогтоон барих гэсэн саудчуудын хүчин чармайлтыг мөн ямар нэгэн байдлаар дэмждэг.