Төрийн түшээ Юндэн парламентад улиран сонгогдсоныхоо хойтон жил
авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдов. Гурван жилийн өмнө гадаадын нэг
компаниас овоо хэдэн зуутын боодол доллар "бэлгэнд" авчихсан юмсанж.
Гэвч хэрээ мянган жил болсон ч хараараа, хэрэг зуун жил болсон ч
цайрахгүй гэдэг шиг АТГ-ын үнэрч ноход түүний халуун мөрөөр яг оржээ.
Гишүүн Юндэнгийн хэрэг нэлээд асуудал дагуулав. Нэг бүдрэхээрээ долоо
бүдэрнэ гэгчээр Юндэнгийн нам сонгуульд ялагдсан болохоор түүнд авралын
хантааз өмсгөх ачтан олдсонгүй. Намынх нь лидерүүд хүртэл түүнээс
зугтааж, нуруугаа харууллаа. Хэзээ мөдгүй л Юндэнгийн эрхийг түдгэлзээд
шоронд хийх тухай шар хэвлэлүүд шуугив. Дараа жилийн сонгууль хүртэл
даанч хол байна даа гэгчээр төрийн түшээ маань "нарс"-ны дулаан хөвөнтэй
хувцас, ноосон ороолт бээлий, бакель, ял хар малгай бэлдлээ. Хэзээ
мөдгүй ачигдах тэр нэгэн гунигт хар өдрийн өглөө Юндэнгийн амьдралыг
ёстой орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Мань эр загасчилж яваад
уургандаа чирэгдэж гол руу татагдан орохдоо голын чанх дундах том хаданд
тархиа нидрүүлэн ухаан алджээ.
Юндэнг Хараа голд загасчилж яваад үхсэн тухай шуугианыг хамгийн хурдан, хамгийн шударга, хамгийн шуурхай телевиз монгол даяар цацлаа. "Онцгой байдал, цэрэг цагдааг дайчлаад ч талийгаач Юндэнгийн цогцос нь олдохгүй байна" гэж олон телевизүүд дөгөөв. "Тэр яаж олдох вэ дээ. Цаадуул чинь хөөрхийг баталгаатай цааш нь харуулсан байгаа" гэж сонин сайтууд цэцэрхэв. Радиогоор Юндэн гишүүний сонсох дуртай дуунууд эгшиглэж, эхнэр хүүхдийг нь төр хамгаалтанд авлаа. Нэг үгээр талийгаачийн учир битүүлэг үхлийн шуугиан монголчуудыг нойрноос нь сэрээв. Хэдхэн хоногийн дараа АТГ-т шалгагдаж байсан Юндэнгийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, харин түүнийг анх мөрдөж илрүүлсэн комиссар залуу хэрэгтний ширээнд суув. "Ая аа, манай намын лидер Юндэнг төрийн оролцоотой нухах гэж эртнээс төлөвлөж байлаа" хэмээн намынх нь дарга нар хэдэн орой зурагтаар уйлж, үсээ зулгаан орилов. Мань эрийн хөшөөг живж сураггүй алга болсон Хараа голын эрэг дээр яах ийхийн зуургүй сүндэрлүүллээ. Хөшөөний дор "Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ" гэсэн шүлгийн мөр зурайна.
Баруун гартаа загасны уурга, зүүн гартаа том тул загас тэвэрсэн Юндэнгийн хүрэл хөшөө үнэхээр сүрлэг харагдана. Хөшөө босгосон өдөр "Юндэн сан" байгуулав. Юндэнгийн намтар түүх, сонин хэвлэлд ярилцлага өгч байсан материалаар "Хэрвээ Юндэн амьд байсан бол Монгол улс арай ч ийм байхгүй" гэсэн урт гарчигтай ном хэвлэгдэн гарлаа. Мэдээж энэ ном долоо хоногийн дотор бестселлер болов. Ийнхүү төрийн түшээ Юндэн агсны туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийн эрэл хайгуульд уран бүтээлчид хэсэг бүлгээрээ уралдан мордов. Эхлээд түүний эдэлж хэрэглэж байсан бүхнээр музей байгуулан, дараа нь "Юндэн маань амьд бурхан байсан юм" гэсэн таньж мэдэх хүмүүсийн ярилцлагаар баримтат кино, хэд хэдэн боть ном гаргав.
Анх эхнэртээ бичиж байсан хайрын захиа, оюутны сурлагын дэвтэр, өдрийн тэмдэглэл, зурвас, гарын үсэг, тэр байтугай намынхаа даргад зарим нөхдөө матаж байсан бичмэл зэрэг нь үнэд хүрэв. Сүүлдээ мань эрийн эхнэр хүүхэд, ах дүү нартаа гар утаснаасаа бичиж байсан хувийн чанартай ярианы мессежээр хүртэл боршуур гаргасан гээд бод. Сураггүй алга болсон Юндэнг мөнхжүүлэх аянд урлагийнхан хүртэл ханцуй шамлан нэгдэв. Эрхэм гишүүний туулж өнгөрүүлсэн амьдралаар монголдоо номер нэг гэгдэх продакшн "Эгэл хүний энгийн амьдрал" нэртэй детектив кино бүтээжээ. Энэ кино ашиг орлогоороо ганцхан сарын дотор "алаад" өгөхгүй хаачихав. Театрын найруулагчид ч яаж зүгээр суух вэ! Юндэнгийн тухай драмын жүжиг тавилаа.
Сүүлдээ "Юндэн" дуурь, "Юндэн" сонгодог бүжгэн жүжиг тоглогдов. За тэгж байтал нөхөн сонгууль зарлагдав. Юндэн бүтэн өнчин асрамжийн газар өссөн тул намынх нь бага хурлаас талийгаачийн эхнэрийг сонгуульд өрсөлдүүлж 99,9 хувиар ялав. Үлдсэн 0,01 хувь нь саналын хуудсаа буруу зурсан сонгогчид байсан гээд бод.
Ингээд дууссан гэвэл эндүүрэл. "Би Юндэнгийн нууц амраг байсан", "Тэр миний анхны хайр", "Юндэнд би охин насаа алдсан", "Би түүний нууц хүүхэд" гэх олз ашиг хайсан луйварчид хүртэл гэнэт гарч ирэв. Энэ үед Юндэн Хараа голын нэгэн айлд хэд хоног ухаангүй хэвтэж байгаад сэргэжээ. Анх тэр радиогийн нэвтрүүлгийг сонсоод өөрийг нь нас бараад мөнхжүүлэх аян орон даяар эхэлснийг мэдрэв. Нийслэл хот ортлоо сонин, сэтгүүлээс өөрийг нь "бурхан" болгоод хэрхэн тахин шүтэж байгааг олж мэдлээ. Гэрийнхээ хонхыг дарвал эхнэр нь хаалгаа тайлж өгөв. Юндэн ам нээж "Би амьд байна" гэвэл эхнэр нь "Муу хүн үхдэггүй гэсэн үнэн юм. Тонил цаашаа" гээд хаалгаа хаачихав. Юндэнг нас барсан тухай "цуннамийн мэдээлэл"-д Нийслэл хот живж байхад түүний үгийг сонсох нэг ч хүн таарсангүй. "Амьддаа бие биеэ хайрла!" гэж мань эр бархиран хараав гэнэ.
ФЕЛЬЕТОНЫГ Д.БУЯН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих