XX зуунд Монголчууд нийт олноороо даншиг наадмыг зохион байгуулж нааддаг байжээ. Даншиг наадам нь хоёр жилдээ зохион байгуулдаг байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. XX зууны даншиг наадмыг зориуд тодотгох болсны учир нь Богд гэгээнтний түмний эх Алаг морь даншиг наадамд долоо түрүүлж, нэг аман хүзүүдсэн гарамгай амжилтыг үзүүлсэн байдаг. Энэ түүхт хурдан хүлгийн бодит фотозургийг холын газраас олж цогцолбор хөшөө бүтээх тухай яриа олны дунд гарсан тул энэ талаар ярилцахаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, ХХ зууны манлайуяач Данзаннямын Даваахүүг урьсан юм.
-Та сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна.Тарган сайхан өвөлжиж байна уу?
-Богд гэгээнтэний Алаг морины түүхэн фото зураг таньд байна гэж дууллаа. Энэтухай?
-Богд гэгээнтний Алаг гэж даншиг наадамд долоо түрүүлж, нэг аман хүзүүдсэн амжилтаараа XX зууны манлай хүлэгт өргөмжлөгдсөн түмний эх хурдан хүлэг байдаг. Энэ хурдан хүлгийн түүх, удам угшил,үүнийг уяж хурдлуулж байсан уяачийн талаар тодруулах юмсан гэж хичээнгүйлэн боддог байлаа. Тэгээд түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунд энэ талаар хэлж, чи энд тэнд явж олон газрын архив уудалж байдаг хүн. Богд гэгээнтний Алаг морины зургийг мэдэж яваарай гэж захиж байсан. Тэгтэл Богд гэгээнтний Алаг морины 1904 оны наадмын үеийн фото зургийг Санктпетрбургийн архиваас олж өглөө. Монгол нутагт азарга уралдсаны 100 жилийн ойд зориулж, 1999 онд бичсэн "Хүлэгчийн нууц” номондоо Богд гэгээнтний Алаг морийг зураач Ламын гэгээний төрсөн эмэгтэй дүүгээс гарсан Аюушийн Батболд гэх зураачаар зуруулж, уг номондоо оруулж байлаа. Анх Батболдод хэлж зуруулахдаа Алаг морь юм байна дөрвөн хөл нь цагаан байж магадгүй гэж төсөөлөөд зуруулсан чинь одоо байгаа бодит зураг дээрээ дөрвөн хөл нь цагаан байсан шүү.
-Та сая энэ хурдан хүлгийн түүх, удам угшлийг тодруулах юмсан гэж хичээнгүйлэн боддог байлаа гэж хэлсэн?
-XX зуунд даншиг наадамд 7 түрүүлсэн их насны морь тэр бүр байдаггүй. Нэг их насны морь даншиг наадамд 7 түрүүлнэ гэдэг тухайн үедээ аварга амжилт юм. Зарим жилд Монголчууд даншиг наадмыг 2 жилд нэг удаа хийдэг байсан баримт байдаг. Богд гэгээнтэний Алаг морийг уядаг байсан Жасын хэмээх хөх Дондог гэж алдартай сайн уяачийн талаар домог мэт ярианууд одоо ч уяачдын дунд яригддаг. Адуучин, уяач айлын хүүхэд тул бүүр 10-аад настайгаасаа энэ хүлгийн тухай сонсож байлаа. Учир манайхаар ирсэн хүмүүс хурдан морь, хурдан адуу л ярьсан хүмүүс байцгаадаг байсан.Энэ хүмүүсийн яриан дунд Богд гэгээнтний Алаг гэж гарамгай хурдан хүлгийн тухай олонтоо сонсож байсан. Богд гэгээнтний Алаг морийг Хэнтий аймгийн Хэрлэн голын урьд талд "Хэрээ гөхөл” гэдэг газрын унага гэж зарим нь ярьдаг байлаа. Зарим нь болохоор зүүн зүгийн хурд гэж хуучилдаг байлаа. Бас Жасын хэмээх хөх Дондогуяач нь захаас худалдаж авсан гэдэг ч яриа байдаг юм. Ийм түүхтэй морины бодит фото зургийг олж залуу хойч үедээ үлдээх юмсан гэж их бодож явдаг.
-Зургаас харахад Алаг морийг монгол эмээлтэй хүүхэд унаад олны дунд байх шиг байна. Бүдгэвтэр зураг байна шүү?
-Уг зураг нь бүдгэвтэр тул яг бодит зургаас нь тодруулж, томруулж Монгол түмэндээ хүргэх нь зөв байх гэж бодоод зураач Дашдэмбэрэлээр зуруулсан. Энэ тодруулж зуруулсан зургаа барималч хүнд өгч макетийг нь хийлгэж байгаа.
Алаг морины хөшөөг босгох уу?
-Босголгүй яахав. Анх ганц Алаг морины хөшөө босгох тухай бодож байлаа. Тэгтэл энэ санаагаа олон хүмүүст танилцуултал Богд гэгээнтний энэ хөшөө цогцоороо байх нь зүйтэй гэцгээсэн. Цогцоороо гэдэг нь Богд гэгээнтэн, хатан Дондогдулам, уяач Жасын хэмээх их хүлэгч Дондог, хурданы морины хүүхдийн хамтаар хийж байж цогц болох юм билээ. Энэ ажлыг сэдэж, санаачлаад явж байна. Ажил урагштай байгаа шүү. Богд гэгээнтний цогцолбор хөшөөг хийж бүтээх ажил бол нийт Монголын уяачдын үйл хэрэг дээ.
-Хөшөөг хаана байрлуулах вэ. Бодвол Богдын музейн ойролцоо юу?
-Анх Богдын музейн өмнө байвал зүгээр болов уу гэж бодож байлаа. Олон хүмүүстэй уулзаж санаа бодлыг нь сонссон чинь уралдаж байсан Хүйн мандлын дэнжид байвал утга төгөлдөр болно гэж зөвөлцгөөсөн.
-Одоогийн улсын наадмын хурдан морины уралдаан болдог Хүй долоо худагт гэсэн үг үү?
-Тийм ээ. Хүй долоон худагт хурдан морины уралдааны газар босгох нь зүйтэй байх.Богд гэгээнтэн морины уралдааныг үздэг байсан гэх газар байдаг юм. Тэр газарт хөшөөг босгоход их тохиромжтой юм билээ. Хүй долоон худаг бол Монголын эрийн гурван наадам хийж байхаар уужим цэлгэр, дээр нь домог түүхтэй эртний наадмын газар нутаг шүү дээ.
Хүй долоон худагт том бүтээн байгуулалт хийж, Монгол наадам, аялал жуулчлалын тусгай бүс байгуулахаар болсон. Энэ газрын хүмүүстэй уулзав уу?
-Хүй долоон худгийг хариуцдаг "Монгол наадам цогцолбор”-ын удирдлагуудтай уулзаж санал солилцсон.
-Цогцолбор хөшөө хэдийд бэлэн болох вэ?
-Би морины хөшөө босгож сайн хүн болох гээд байгаа хүн биш юм. Нэгэн зуунд хурданы манлай болж мөнхөрсөн Богд гэгээнтний Алаг морины түүхийг залуу үедээ үлдээх гээд өвгөн миний бие зүтгэж байна. Богд гэгээнтэн бол улсын хаан. Улсын хаан хүн хурдан морь уяж ард түмэнтэйгээ нааддаг байжээ.Тийм учраас улсын хаан ч гэсэн энэ монгол өв соёл, морьтны соёлоо тээж явдаг ухаалаг уламжлалтай байжээ. Энэ бүгдийн бодит түүх бол Богд гэгээнтэний Алаг морины түүх юм. Энэ учраас цогцолбор хөшөөг босгох нь уяачийн хувьд би хийх ёстой ажлаа хийж байна. Цогцолбор хөшөөнийхөө талаар Гандантэгчилэн хийдийн хамба лам Чойжамц гуайд дуулгасан юм. Хамба маань сайхан хүлээж авсан. Ямартаа ч их үйлс эхэлсэн. Цогцолбор хөшөө бүтэх цагтаа бүтэж бэлэн болох гарцаагүй.
Ярилцсан Г.Нарантуяа
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
- See more at: http://www.unen.mn/content/68473.shtml?alias=unen#sthash.bcsuGl0y.dpuf