Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.12.27/ хамтарсан хуралдааны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо хуралдсан юм. Энэ өдрийн хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн танилцуулгыг хийлээ. Нэр дэвшигч Гочоогийн Банзрагч 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1985-1995 онд нийслэлийн 43 дугаар дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. 1999-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд, 2002-2003 онд ХБНГУ-ын Байротын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2006 онд Байротын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 2001 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч Бямбын Мөнхтуяа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970-1980 Булган аймгийн Булган сумын дунд сургууль, 1981-1986 ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, 1996 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан болохыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулав. Нэр дэвшигч Бямбын Мөнхтуяа нь 1986-1988 онд Булган аймгийн прокурорын газарт дадлагажигч ажилтан, 1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст хууль тогтоомжийн фондын бүрдүүлэгч, 1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүгч, 1991-1992 онд Найрамдлын районы Ардын шүүхийн шүүгч, 1992-1993 онд Ажилчны районы шүүгч, 1993-2006 онд ХУД-ийн шүүгч, 2006-2011 онд БГД-ийн шүүгч, 2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014 оны зургаадугаар сараас өнөөг хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Танилцуулгатай холбогдуулан, нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Батнасан, О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, зарим зүйлийг тодруулан, шүүх засаглалын өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор саналуудыг хэллээ.
Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны долдугаар сарын 08-ны өдөр баталж, 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчлийн төрөл, тэдгээрт оногдуулах захиргааны шийтгэлийг нарийвчлан зохицуулсан. Тус хуулийн дээр зарим тодорхойгүй зохицуулалтын улмаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4956 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй, үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 4076 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй буюу үлдэгдэл 880 зөрчлийг шалган шийдвэрлэх боломжгүй, ямар нэг шийтгэл ногдуулаагүй байгааг танилцуулгадаа дурдав.
Иймд дээрх хуулийн зөрчлийг арилгах үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар зөрчилд ногдуулах хариуцлага оновчтой, хуулийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байсан юм. Хуулийн төслийн талаар илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон гэдгийг салбарын сайд танилцуулав. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасны дагуу Засгийн газрын хуралдаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар болон хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, Засгийн газраас дараахь арга хэмжээ авахыг Хууль зүй дотоод хэргийн сайд болон Засгийн газрын гишүүдэд даалгажээ.
Засгийн газраас даалгасны дагуу, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээл, сургалтад хамрагдсан албан хаагчдын санал, хүсэлт зэргийг нэгтгэн дүгнэж хуулийг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, сууриа илэрхийлсний дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 60 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Мөн тус хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус тогтоолын төсөлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын зургаан байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороонд санал, дүгнэлт хүргүүлсэн бөгөөд санал дүгнэлтүүдийг хуралдаанд оролцогчдод танилцуулан, Байнгын хороодоос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн "Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дутуу байгаа учир Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.
Хууль зүйн байнгын хорооны мягмар гарагийн хуралдааны төгсгөлд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийн асуудлыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавинзургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурорын орлогчоор Баяраагийн Амгаланбаатарыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Б.Амгаланбаатар нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль төгсөж баклавар, 2008 онд Монголын Үндэсний дээд сургуульд суралцаж эрх зүйн магистр, 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академи төгсөж удирдлагын менежер цол, боловсрол тус тус эзэмшжээ. Тэрээр 1993-2002 онд Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2002-2007 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2008 онд Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, 2012 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн прокуророор ажиллажээ. Б.Амгаланбаатар нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан талаар танилцуулгад онцолсон юм.
Танилцуулгатай холбогдуулан болон нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй бөгөөд уг асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.