
Би өнгөрсөн зун Монголд очив. Гадаадад 9 жил амьдарсны дараах монголд очсон анхны аялал болсон юм. Улаанбаатар хотод маш олон зүйл өөрчлөгджээ. Зам тээвэр, машинууд, барилга байшин, хүмүүс гээд л... Гэтэл надад маш олон хүн бараг айл бүрт бөө бий гэж ярив. Учир нь монголын байгаль алт, зэс, нүүрс олборлолтоос болж ихэд сүйдэж, гол горхи ширгэх болсон хэмээн тайлбарлав. Найз маань "Тэр ч бөө, энэ ч бөө чи болгоомжтой байгаарай” гэж анхааруулж байв.
Бөөгийн хоёр төрөл бий. Сайн буюу цагааны бөө, муу буюу харын бөө. Цагааны бөө үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө нэхдэггүй, муу нэгний нөлөөнд автсан хүмүүст туслах нь тэдний үүрэг гэж үздэг.
Би нэгэн өсвөр насны цагааны бөө охинтой уулзсан юм. Тэр 18-хан настай хэрнээ 9 жил бөөлсөн. Түүнийг хүн бүр Аниа гэж дууддаг. Энэ түүний жинхэнэ нэр биш учир нь түүний жинхэнэ нэрийг хэлэх нь хүмүүст хориотой байдаг. Аниа гэдэг нь монгол хэлээр ахмад эгч гэсэн утгатай үг юм.

Аниа утсаар ярьж байна

Сүнсийг дуудахын тулд Аниа 20 кг шахуу жинтэй бөөгийн татлага өмсөх ёстой. Бөө бүр туслагчтай байдаг. Аниагийн хувьд 9 жилийн турш бөөлөхөд нь ээж нь тусалж байна. Ээж нь Аниаг татлага, бүс, бусад эд зүйлсийг өмсөхөд тусалдаг. Мөн сүнс бөөгийн биед нь орж ирэх үед уух архи, нүдэх хэнгэрэг, суух хивс зэргийг бэлдэх ёстой.


Сүнсийг дуудахаасаа өмнө Аниа бөөгийн татлагаа өмсөөд гадаа гарч тэнгэр, байгалиа аяга сүүгээр адисладаг. Тэнгэр бол бөөгийн бурхан юм.
Аниаг сүнс дуудахыг харах сэтгэл хөдлөм туршлага байлаа. Эхлээд тэр аман хуур тоглож эхэлсэн, дараа нь хэнгэрэгийн цохилтод бүжиглэж эхэлсэн. Арваад минутын дараа хивс дээрээ сууна.
Аниа сүнсээ олмогц хүмүүсийн эрүүл мэнд, ажил төрөл, ерөнхий төлөв, амьдралынхаа талаар асуусан асуултад хариулахад бэлэн болдог.
Бүр цаашилбал бөө нар үхсэн хүнийг энгийн амьдралд оруулах, өвчин болон муу зуршлаас ангижруулах хүчтэй байдаг.

Аниагийн биед сүнс ормогц тэр хөгшин эмэгтэй хоолойгоор ярьж эхэлсэн. Туслагч бөөд архи болон сүү өгөв. Ихэвчлэн сүнс бөөд юу уухыг хүсч байгаагаа хэлдэг. Заримдаа сүнс аяга сүү уухыг хүсэх нь ч бий. Үргэлжлүүлээд тамхи татна. Аниа архи ууж, тамхи татдаггүй, энэ бүхнийг сүнс хүсдэг. Туслагч сүнснээс охиных нь биеийг орхиж явахдаа архи, тамхи авахыг хүсч байгаа эсэхийг асуудаг. Сүнс биеээс нь гармагц Аниа архи уухаа больдог.
Одоо Аниа шавь бөөгийнхөө хувцсыг өмсөж байна. Тэр маш олон шавьтай бөгөөд тэдэнд хэрхэн бөөгийн мэдлэг олох талаар зөвлөгөө өгдөг. Гэтэл маш сонирхолтой хэрэг болов. Түүний нэг шавь нь өмнөд солонгосруу явахдаа бөөгийн эд зүйлээ монголд үлдээсэн байна. Шавийн ээж хүүгээ сайнгүй байгааг олж мэдээд хувцсыг Аниад өмсүүлж түүний сүнсийг дуудуулж байна.

Сүнс зөвхөн архи уухыг хүссэн бөгөөд хүчтэй тамхи татахыг хүсчээ. Хачирхалтйа нь эрэгтэйн сүнс Аниагийн биеийн орхисны дараа хүү нь ээждээ бие нь сайжирлаа гэсэн мессеж илгээжээ.
Энэ нь бөө нар бидний биед юу тохиолдохыг мэддэг юм шиг санагдав.
Аниа өөрийнхөө биеэс хөлд орж буй хүүгийн сүнсэнд шилжив. Бяцхан хүүгийн сүнс Аниагийн биед ормогцоо тараг нэхэж, өөрийнх нь сүнсийг дуудалгүй зөвхөн хөгшин эмэгтэйн сүнсийг дуудсан хэмээн гомдоллов.
Сүнс Аниагийн биеийг орхисны дараа тэрээр гэртээ хэдэн өдөр энерги цуглуулж эсвэл бие нь өвдөж өнгөрдөг байна.
Энгийн үед Аниа бол гадагшаа гарч хөгжилдөх дуртай охин. Тэр гоё хувцаслаж, аз жаргалтай байхын хүсдэг. Гэхдээ Аниаг нийтлэг охин байж болохгүй гэсэн хязгаар байдаг. Түүний сүнс байнга дагаж явдаг бөгөөд Аниаг алдаа гаргуулахыг хүсдэггүй.
Гурван жилийн дараа Аниа сүнс дуудахаа болино. Бөөгийн ертөнцөд мөнх тэнгэрт 12 жил зүтгэсэн бол өөрийнхөө сүнсийг чөлөөлөхийг зөвшөөрдөг аж.

2011 оны дөрөвдүгээр сарын 14. Нийтлэгч Б.Жавхлан, орчуулсан Д.Идэр

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3579
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих