
Ардчилсан нам улс даяараа "нам тавиулж”, улс төрийн бүрэн ялагдал хүлээлээ. Уг нь бол өнгөрсөн 4 жилд Ардчиллынхан багагүй зүйл бүтээн байгуулсан юм шүү. Улсын хэмжээнд 116 цэцэрлэг, 78 сургууль, 19 дотуур байр, 25 спорт цогцолбор шинээр барьж, 11 аймагт иж бүрэн оношлогооны төв байгуулан, 2600 км гаран хатуу хучилттай замаар 7 аймгийн төвийн нийслэл Улаанбаатартай холбосон гэдэг бол бага ажил бишээ. Хөшигтийн хөндийн нисэх буудал, Буянт-ухаа 1,2-р цогцолбор, гэр хорооллын дахин төлөвлөлт, өчнөөн олон жижиг дунд үйлдвэрүүд гээд яривал их юм бий. Эрх зүйн хүрээнд ч гэсэн төсвийн ил тод байдал, шилэн данс, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль, ипотекийн 5%-н зээл гэхчилэн ард иргэдийнхээ эрх ашгийг бодсон шийдвэрүүд зөндөө л байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар ч юм бас дутаагүй. Стратегийн ордуудыг ард түмэнд хүртээгээгүй, Оюу болон Таван толгойн хэрэг, офшор данс, С.Баярцогтын Хятадын Монгол, хүргэн Дэнзэнгийн хэрэг гээд багагүй юм бий. Ардчиллынхан гудамжинд лааз өшиглөөд, жагсаал хийгээд явж байхдаа бие биедээ их сайн, эвтэй гэж жигтэйхэн. Эрх мэдэл аваад, жаахан дээшээ гараад ирэхээрээ томчуул нь бие биеэ барьж идчих гээд, шорон орон руу туугаад байх нь хэцүү. Идэж уухаа булаацалдаад, ёстой нөгөө "чинийх долоо, минийх долоохон” гээд л заамдалцаад эхэлдэг юмуу хаашаа юм. Хараад байхад Ардын намынхан тун ч эв гувтай хувааж иднээ. Эхий нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дээ. Ард түмэнд ер аль нь ашигтай юм болоо. Аль нь ч байсан, загас толгойноосоо эхэлж өмхийрдгийн адил улс төрийн нам мянга мянган гмшүүдээсээ бус харин урагшгүй, амин хувиа хичээсэн, сувдаг шунахай удирдагчдаасаа, эрх мэдэл эд хөрөнгийн төлөөх тэдний өөр хоорондын тэмцлээс болж уруудаж доройтдогийг бид сайн мэднэ.
Орон нутагт ч ялгаагүй. "Санаа нь сааранд, салтаа нь шаварт” хэдэн нөхдүүд өнгөрсөн 4 жилийн турш Ардчилсан нам дотор хэрэлдэж хэмлэлцэн, "чи дарга бол би ч дарга” гэж дайрч давшлан, ихээхэн далчигнацгаасныхаа горыг амсчихаад сууцгааж байна. Бас хашраагүй сумын сонгуульд үзэлцэнэ гээд шавхайд унасан нэрээ ч умартаад шавж дэвж явцгааж байна. Голдуу хүний мөнгөөр хүүдэгнэж, сонгуульддаг хүмүүс сургамж юундаа ч авах билээ дээ. 2016 оны УИХ-ын болон аймгийн хурлын сонгуулиар Б.Мөнхцэцэг, М.Зоригт нарыг зулгаасан, одоо АПУ-ийн Батчимэгийн мөнгөөр найрлаж, уралдах санаатай байх. Аймгийн Ардчилсан намын нэр төрийг шавхайд хутгаж хаясан, намын дүрэм журмыг уландаа гишгэж байсан нөхдүүд улсууд ихээхэн хөгжиж яваа биз.
Үнэн шударгыг нулимаж, ёс дүрмээ умартсан эдгээрт "хүн ёс дагадаг, нохой яс дагадаг” гэдэг зүйр үгийг сануулчихъя.
Ард түмний төлөө, Ардчиллын төлөө юм хийе, үйлс бүтээе гэвэл өчигдөр ч, өнөөдөр ч ард түмнийхээ дунд орж ажиллаад, зовлон бэрхшээлийг нь хөнгөвчлөхийн тулд эрх баригчдаас шаардах, шүүмжлэх, жагсах, цуглах, олон ажил зохион байгуулж болох байсан. Заавал би төлөөлөгч болно, дарга болно гээд байх хэрэг юу байнаа. Тэгэхээр цаад зорилго нь өөр байгаа нь илт. "Тунгалаг тамир” кинон дээр цахиур Төмөрийн хэлдэг шиг ёстой. "Эд өөдтэй юм хийхгүй ээ”. Ер нь өнгөрсөн жилүүдэд аймаг, сумын иргэдийн төлөөлөгч болж Ардчилсан намаас хуралд сууж байсан нөхдүүд ард олны төлөө юу хийсэн юм бэ? Юу амталж, юунд амташчихаад заавал төлөөлөгч болно, эрх мэдэлтэй болно гээд зуурч зүүгдээд байгаа юм бол!
"Ардчилал” гэдэг бол Ардчилсан намын нэр барьсан хэдэн хүний өмч биш. "Ардчилал ”бол Үндсэн хуулиндаа тусган баталгаажуулсан Монголын ард түмний өмч, эрхэмлэх зарчим, үнэт зүйл. Ардчиллын төлөө 1990 оноос эхлэн бид тэмцэхдээ ард түмний оюун санааг гэгээрүүлэх, улс орныхоо хөгжлийн зам зарчимыг, тодорхойлохын төлөө явсан. Гэтэл өнөөдрийн ардчилагч, улс төрч хэмээн нэр дэвшигч цөөн нөхдийг харахад зөвхөн хувийн эрх ашиг, албан тушаалын төлөөх тэмцэлд улайран зүтгэгч гэсэн имиж харагдаад байна. Ардчилсан намаа ялагдуулчихаад, шатсан тогооныхоо хусман дээр ноцолдох эдгээр үл бүтэх этгээдүүдээс Ардчилсан намаа цэвэрлэж авах цаг иржээ. Ардчиллаа аварч, цэвэршүүлж, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө мянга мянган гишүүд, дэмжигчдийгээ санал нэгдэхийг уриалъя!
Ардчилсан Холбоо, Намыг Дорнод аймагт үүсгэн байгуулагчдын нэг Л.Сүхбаатар