Хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ОХУ
Эрдэнэт үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа монголын талд тэр дундаа
хувийн хэвшилд зарсан асуудал анхаарлын төвд байна. Энэ асуудалд санаа
зовж байр сууриа илэрхийлсээр байгаагийн хувьд хэлцэл бизнесийн
зарчмаараа явсан уу, хууль зөрчиж гаргасан шийдвэр байсан уу?
-"Эрдэнэт
үйлдвэр монголчуудад ирлээ, монгол хүн авлаа. Үүнд юунд нь уурлаад
байгаа юм"гэж үзэж байгаа хэсэг байна. Нөгөө талд яг ямар хуулийн зөрчил
байсан бэ, энэ үйл явц хууль зөрччихөв үү гэж харж байгаа хэсэг
байна. Энэ хэсэг Эрдэнэтийг Монгол хүн авсанд уурлаад байгаа юм биш л
дээ. Монгол хүн яаж авсан бэ гэдэг арга замд нь анхаарал хандуулаад
байгаа хэрэг. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Ядууст өгөх гээд хүний
мөнгийг хулгайлсан гэж ярьж болдоггүйтэй адил. Гэмт хэрэг бол гэмт
хэрэг. Эрдэнэтийн асуудал үүнтэй л адилхан. Сайн судалбал олон хуулийн
зөрчил бий. Жишээ нь Үндсэн хуулийн талаас авч үзье. Эрдэнэт үйлдвэр
хуучнаар ЗХУ, БНМАУ одоогийн нэршлээр Монгол Улс, ОХУ-ын хооронд хийсэн
гэрээтэй. Хүчин төгөлдөр үйлчлээд өнөөдрийг хүртэл явсан. Тэгвэл энэ
гэрээнд өөрчлөлт орох асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх учиртай. Энэ
үйл явц яагаад болсонгүй вэ.
Хоёрдугаарт,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8-р зүйлд газрын хэвлийн
баялагийн өмчлөх эрх нь УИХ-д байна гэж заасан. Эрдэнэт үйлдвэр Монгол
Улсын баялаг мөн. Энэ үйлдвэрийн хувь заяаг хэрхэн шийдэх нь УИХ-аар
хэлэлцэгдэж шийдэгдэх ёстой. Хэрэв УИХ-аар хэлэлцэгдээд Эрдэнэтийн 49
хувийг монголын аж ахуй нэгж авах гэж байна, Оросын талаас юмаа авцгаая
гээд санал хураалт явуулаад шийдвэрлэсэн бол хуульзүйн ямар ч асуудал
үүсэхгүй. Гэтэл Засгийн газар дур мэдэн шийдсэн, дээрээс нь Засгийн
газар Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар
кабинетаараа ажилладаг институци.
Тухайн үед
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, шадар сайд Д.Оюунбаатар нар
"Бидэнд мэдэгдэлгүй шийдсэн" гэж мэдэгдсэн. Засгийн газрын кабинет
зарчим хааччихав. Сэтгүүлч Ц.Оюундарь "Зууны манлай луйвар" хэмээх
нэвтрүүлэг бэлтгэж талийгаач Ш.Отгонбилэг агсныг буруутгаж байсан. Тэр
үед нийгэм даяараа "Ямар муухай луйвар болчихсон юм бэ" гэж жигшин
зэвүүцэж байлаа. Тэр Эрдэнэт маань шүү дээ. Одоо ч хэвээрээ л байгаа.
Тэндээс хэдэн мянган хүн амьдралаа залгуулж, Монголын эдийн засаг
тэжээгдэж ирсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуай энэ асуудлыг хүчтэй ярих
хүртэл чимээгүй шахуу байсан. Эндээс Монгол Улс ямар нийгэмтэй
болчихов ,яагаад муухайд нүд дасчихав" гэсэн бодол төрж байна л даа.
Гадны хуулийн фирм ажиллуулсан гэдэг тайлбар явж байна лээ. Би бардам
хэлнэ. Монголын хуулийг өөрсдийнх нь хуульчдаас илүү мэдэх нэг ч гадны
хуульч байхгүй.
"Эрдэнэтийн хувийг шилжүүлэхэд хууль бусаар оролцсон хүмүүстээ хариуцлага тооц"
-Шинэ
Засгийн газар уг асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулаад байгаа. Гэтэл
хуулийн ямар нэг гарц, цоорхой ашиглаад шийдчихсэн бол үр дүн байх
уу гэдэг эргэлзээ төрж байна?
-Ямар ч хуулийн
цоорхой ашигласан асуудал яригдахгүй л дээ. Харин Засгийн газар хуулийг
шууд зөрчиж хийсэн үйлдэл. Аж ахуй нэгж бол юу ч хүсч болно. Энэ
тохиолдолд хууль дүрмээ баримтлах газар нь төр өөрөө. Гэтэл Засгийн
газар нь нүдээ аниад хийчихсэн. Одоо энэ үйл явцыг буцаах, гэрээ
хэлцлийг өөрчлөх асуудал байхгүй. Бид нар хууль бусаар хөөгөөд
гаргачихсан Хан ресурсаа, Эрдэнэтийг улаан цайм барьцаалаад "Би хуурамч
гарын үсэг зурсан" гэж өөрийгөө илчлээд 100 сая долларын өрөнд
оруулчихсан Жаст-ын Батхүүгээ дийлэхгүй байгаа улс. Олон улсын шүүхийн
өмнө Монгол Улс нэг субьект. Тэнд Засгийн газар нь тэнэг байна уу,
хууль зөрчсөн байна уу хамаагүй. Оросын тал, монголын компани хооронд
хийгдсэн гэрээ хэлцлийг буцааж чадахгүй. Үүний төлөө мөнгө төгрөг үрээд
ч хэрэггүй. Шулуухан хэлэхэд энэ хэлцлийг өөрчлөхөөсөө өнгөрсөн. Харин
одоо энэ бүхнийг хууль бусаар зохион байгуулсан хүмүүстээ хариуцлага
тооцох ёстой. Монголын баялагийг хууль бусаар авсан шигээ хууль бусаар
захиран зарцуулахын эсрэг зогсох ёстой. Тавантолгойн орд газар гэж бид
сүүлийн арав гаруй жил ярьлаа. 1970-аад оноос ярьсан гээ биз дээ. Энэ
ордод 4 тэрбум долларын хөрөнгө оруулъя, Чалкогийн чинь өрийг төлье
гэдэг Энержи ресурс, Суммитома, Шиньхуа гээд гурван улсын консерциум
орж ирсэн. Гэрээ хэлцэл нь хийгдэх гэж байхад УИХ-аар оруулна гэсээр
одоо байгаа Тавантолгойгоо хар. Өр ширээрээ дуудуулаад байж байна. Үр
ашгаа өгч эхлээгүй Тавантолгойг УИХ-аар оруулна гэж явсан хүмүүс яагаад
40 жил идсэн Эрдэнэтийн хувь заяаг шийдэж чадсангүй вэ. Эндээс л
улстөрийн хариуцлага нэхэхгүй юм бол энэ их мөнгөн дээр хяналтаа
тогтоосон хүмүүсийг цаашдаа хэн дийлэх юм бэ.
-Эрдэнэтийн
49 хувийг худалдаж авсан компанийн гарал үүслийг нь шалгаад үзэхээр
цэвэр бизнесийн зарчмаар явагдсан хэлцэл гэхэд эргэлзээ төрж байгаа.
Жишээ нь үйл ажиллагаа явуулдаггүй шахуу, нэг сая төгрөгийн дүрмийн
сантай байсан компани гэнэт л хэдэн зуун саяар дүрмийн сангаа нэмээд
эхэлсэн нь хардлага төрүүлж байна?
-Бизнест янз
янзын тохиолдол байдаг. Манайхан оффшор гээд баахан шуугилаа. Бизнес
хийж байгаа хүн бага татвар төлөхийг хүснэ. Бага татвар төлөхийн тулд
оффшортоо бүртгүүлнэ үү, өөр хэн нэгний компанид мөнгөө оруулна уу нэг
их чухал биш. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан талыг огт
буруутгаж харахгүй байгаа. Хэн ч ашиг олохыг хүснэ. Ашиг олох гэж
байгаа этгээдэд хууль дүрэм үйлчилдэг, хууль дүрмийг нь төр сахиулдаг
байх ёстой. Энэ процессыг хууль зүйн асуудалтай ч гэдэг юмуу буруутгах
талаас нь харахгүй байгаа. Харин бидний итгэж явдаг төр, Засгийн газар
яагаад ийм шийдвэр гаргав гэдэгт учир байгаа юм. Саяхан АН-ын гишүүн нэг
найз маань "Ийм шийдвэр гаргаж байхаар иргэдэд тараасан 300 мянган
төгрөгөөрөө Эрдэнэтийн хувьцааг худалдаж аваад 49 хувиа ард түмэндээ
эзэмшүүлнэ гээд зарлачихсан бол манай нам ялах байсан" гэж ярихтай
таарсан. Тэр хүний зөв ч байж магад. Хүн бүрт өөр өөр бодол төрж
байгаа. Хуульч хүний хувьд надад бол яагаад Үндсэн хуулийн зарчим
алдагдсан гэж харагдаж байна.
-Засгийн
газарт хариуцлага тооцох ёстой гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Үүнийг дагаад янз бүрийн хардлагууд явж байна. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийг ч хардаж байна?
-Хэн ч харсан
энэ бол Засгийн газрын шийдвэр. Энэ хүн цаана нь байгаа гэх таамаглал л
яриад байдаг. Шийдвэр гаргасан процесс хуульд нийцсэн эсэхийг эцэслэн
тогтоохын оронд хууль зөрчиж цаана нь хэн нэг эзэн бий болгох гээд
байдгийг би гайхдаг. Үүний хор хохирол нь үндсэн асуудлаас олны
анхаарлыг холдуулаад, хардсан нэгэн рүү аваачаад байна. Хуульч хүний
үүднээс нүдэн дээр ил харагдсан процессыг л ярьж байна. Хэн нэгнийг
хардаж, нөлөө бүхий улстөрч, том бүлэглэл байгаа гэх зэргээр улстөржих
утгагүй.
-Геополитикийн асуудал ч яригдана гэх байр суурь бас бий. Үнэхээр хойд хөрш Монгол Улсаас нүүр буруулж байгаа бол яах вэ?
-Геополитикийн
талаас олон улсын харилцаа, түүх, дипломат ёс нэлээн сайн судалчихсан
хүмүүс байр сууриа илэрхийлээд байх шиг харагддаг. Улс орнуудын
хоорондын асуудал болгоныг геополитикийн үүднээс тайлбарлах нь
оновчгүй. Сүүлийн жилүүдэд ОХУ-ын талд Эрдэнэт ногдол ашиг төлөөгүй гэх
мэдээлэл гарч байгаа. Монгол Улсын Засгийн газар 51 хувийг эзэмшдэг,
ногдол ашиг гэхээр зүйл гардаггүй, мөнгө хуваарилдаггүй гэж. Хэрэв
үнэн бол ОХУ чамгүй хэмжээний үнээр өөрсдийн хувиа зарахыг хүсэх байх.
Би хувь хүнийхээ хувьд уг асуудлыг бизнесийн хэлцэл байсан болов уу гэж
харж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуай "Төр 51 хувийг эзэмшиж байгаа
хэрнээ компанийн үйл ажиллагааг удирдах, ТУЗ-ийн шийдвэр гаргахад нөгөө
талдаа нууцаар тушаал гаргах боломж олгосон" гэж мэдэгдсэн. Энэ бол
ноцтой асуудал. 49 хувийг эзэмшиж байгаа хувийн хэвшил зардал мөнгө
хэтрүүлэхгүй байх, зардлаа хэмнэх, дарга нарын тохироогоор явдаг олон
шахааны бизнесийг цэгцлэх гээд хяналтаа тавиад явна. Харин дээрээс нь
нэмээд 51 хувийг эзэмших эрх мэдлийг нөгөө талд өгчихсөн байсан гэдэг
асуудал ярьсан. Ийм бол холбогдох хүмүүс нь хариуцлагаа хүлээх ёстой.
"Эрдэнэтээр хоосон популизм битгий хийгээрэй"
-Үнэмлэхүй
ялалт байгуулчихаад байгаа МАН, сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан
УИХ, Засгийн газарт Эрдэнэтийн ашиг шимийг монголын ард түмэнд
үргэлжлүүлэн хүртээх чиглэлд ямар алхам хийх нь зохистой вэ?
-Эрх барьж
байгаа улстөрийн хүчин, Засгийн газрын гишүүд үүгээр дамжуулж улстөрд
битгий автаасай гэж хүсч байгаа. Эрдэнэтийн хувьцаанаас Эрдэнэтийн
ажилчдад хувь ногдол олгох ёстой, Монголын ард түмэнд хуваарилах ёстой
гэх зэрэг яриа гараад давалгаа үүсээд эхэлчихсэн явна лээ. Би бол
"Уучлаарай, тийм юм байхгүй ээ. Монголын төрийн мэдэлд байгаа 51 хувь,
хувьд шилжүүлээд авсан 49 хувийг ард түмэнд тараах асуудал яригдахгүй
ээ"гэдгийг хатуу хэлмээр байгаа юм. Улстөрийн өнцгөөсөө ард түмэнд зөв
харагдах гээд ямар нэг популист алхам хийхээс татгалзах хэрэгтэй. Мэдээж
49 хувийг эзэмшиж байгаа тал зардлаа бага байлгахыг хүснэ. Өмнө нь бол
Оросын талаас хяналт бага байсан. Бүгд мэдэж байгаа Эрдэнэтэд шахааны
бизнес цэцэглэсэн. Ганбөмбөлөг, 00-ийн цаас гээд. Энэ бүхнийг
цэгцлэхийг хувийн хэвшил эрэлхийлнэ. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийг
чухалчилна. 51 хувийг эзэмшиж байгаа Монголын төр шийдвэр гаргахдаа
эрхээ эдэлнэ. Ингэхдээ хувийн хэвшлээ илүү сайн сонсоосой, олон жил
Эрдэнэт үйлдвэрээр тэжээлгэж ирсэн төрийн албан хаагчдын түүчээг
таслаасай. Ийм л хоёр зүйлийг хийгээсэй. Би эдийн засгийн хүн биш.
Гэхдээ дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг хэн ч зохиож чадахгүй.
Тэгэхээр зэсийн үнэ, Эрдэнэтийн гаргаж байгаа баяжмалын хэмжээ, түүнд
зарцуулж байгаа хөрөнгө, үүнээс 51 хувьд ногдох ашиг, ашиг дээрээс орж
ирэх татвар битгий багасаасай. Харин өсөөсэй. Тодорхой хугацааны дараа
энэ үзүүлэлт өсвөл төрийнхөнтэй хуйвалдаж ямар нэг арга замаар
Эрдэнэтийг идэх гэж оролдохоо болино. Ингэж чадвал 49 хувийг худалдан
авсан аж ахуй нэгжид талархалтай хандаад эхэлнэ.
"ХҮН-ын задрал намын даргаас эхэлсэн"
-Эрдэнэтийн
асуудлыг ингээд өндөрлөе. УИХ-ын сонгуулийн өмнө Хөдөлмөрийн үндэсний
нам \ХҮН\ гэх шинэ нам мэндэлсэн. Та энэ намыг үүсгэн байгуулахад гар
бие оролцсон хүмүүсийн нэг. Олон нийт улстөрд шинэ залуу, мэдлэг
боловсрол өндөр залуусын нэгдэл гарч ирэх нь гэх хүлээлттэй байсан.
Харамсалтай нь санаснаар болоогүй. ХҮН-ын задралын шалтгаан яг юу байсан
юм бэ?
-Энэ процесст
оролцсон хүн болгон өөр өөрийн өнцгөөс тайлбарлана. Өөрийгөө зөвтгөнө,
бусдыг буруутгана. Ерөөсөө маргаан намын даргаас л эхэлсэн. Намын
даргаар сонгогдсон хүнийг бүртгүүлэе гэдэг, нөгөө хэсэг нь
бүртгүүлэхгүй, өөр хүн бүртгүүлнэ гэдэг. Ингэж л маргаан эхэлсэн.
Улстөрийн намын тухай хуулиар эхлээд намын даргаа сонгоод, дараа нь Дээд
шүүхэд бүртгүүлэх ёстой. Дарга сонгох процесс нэг, бүртгэл бол цаасны л
ажил. Олон жил ингэж явж ирсэн. Гэтэл даргаа сонгочихоод Дээд шүүхэд
очихоор хэсэг бүлэг нөхөд өөр дарга бүртгүүлнэ гээд зүтгэсэн. Дээд шүүх
бүртгэж өгдөггүй, гацаагаад байдаг. Үүнд МАН, АН-ын нөлөө их
хэмжээгээр орсон гэж үздэг. Хоёр, гурван удаагийн шүүх хурал болоход
шүүх бүртгээгүй. Маргаанд оролцсон талууд Ганбаатараас болсон гэнэ үү,
Ганболдоос болсон гэнэ үү надад сонин биш. Би залуу хүний хувьд энэ үйл
явцаас нэгдэл нягтралыг механикаар бутаргаж болдог гэдгийг ойлгосон.
Ерөөсөө л шүүхийн бүртгэлээр бутаргачихаж болдог юм байна. Одоо
намын даргаа өөрчилж, намаа шинэчлэхээр ярьж байгаа улстөрийн томоохон
хүчин АН-д би их санаа зовж байгаа. ХҮН-д тохиолдсон шиг маргаан АН-д
үүсвэл яах вэ. АН хуралдаад хэн нэгнийг дарга болголоо, хэсэг бүлэг
нөхдүүд өөр газар хуралдаад хэн нэгнийг дарга болголоо. Хоёулаа
бүртгүүлэхээр Дээд шүүхэд ирнэ. Эндээс л асуудал дахиад эхэлнэ. ХҮН-д
тохиолдсон шиг зүйл болохыг үгүйсгэхгүй.
-Харамсалтай санагддаг уу?
-Үнэхээр
харамсалтай. Ямар ч шийдвэр гарсан олонх, цөөнх гэж байдаг. 100 хувь
шийддэг улстөрийн хүчин хаана ч байхгүй. Харамсалтай нь цөөнх нь
олонхтойгоо очиж маргахаар асуудлыг гацаачихдаг. Ийм байдлаар явбал
цаашид Монгол Улсад улстөрийн намын төлөвшлийг яриад ч хэрэггүй. АН-ын
дарга сонгох процессоос айгаад л сууж байна. Юу л болдог бол доо.
-Гэхдээ мохоогүй биз дээ. Орон зай харагдаж байна уу?
-Улстөрд шинэ
салхи оруулах гэсэн эрмэлзэлтэй олон залуусын нэгдэл одоо ч байгаа.
Гуравдагч хүчний орон зай одоо ч байгаа.Тохиромжтой цагийг хүлээгээд
байж байна. Та анзаарсан бол өнгөрөгч сонгуулиар бие даан нэр дэвшигчид
өндөр санал авсан. Хэдэн мянгаар тоологдох тэр саналууд харамсалтай нь
гудамжинд үлдсэн. Гэхдээ саналаа өгсөн хүмүүсийн итгэл найдвар байж л
байгаа. Шинэ үеийг хүлээсэн хүмүүсийн сонголт байсаар байна.
-Та яриандаа ХҮН-ыг бутаргахад хоёр том намын нөлөө байсан гэж хэллээ. Энэ тухай жаахан тодруулахгүй юу?
-Сонгуулийн
ерөнхий хороо ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй гэдэг шийдвэр гаргасан.
Сонгуулийн ерөнхий хороог угаасаа л хоёр намын нөхдүүд бүрдүүлдэг.
Шүүмжлэлтэй зүйлүүд байгааг хүлээн зөвшөөрнө. Маргаанаа шийдэж
чадаагүй, процессыг зөв зүйтэй явуулаагүй гэх зэргээр. Нөгөө талаас биеэ
даасан, өөрийн үнэт зүйлтэй залуусын дуу хоолой улам багасч байна.
Залуучуудад ерөөсөө л хоёр сонголт өгч байна. Хоёр хаалга нээлттэй
байна. Нэг нь МАН, нөгөө нь АН. Чамд сурсан мэдлэг, өсч хөгжих боломж
байгаа бол аль нэгийг сонгож олж ав. Өөр сонголт байхгүй гэж тулгаж
байна. Хаалга татаад оронгуут сахилга бат дэг журам, даргынхаа үгнээс
гарахгүй байх гээд шаардлага тулгарна. Энэ чинь тийм амар зүйл биш шүү.
Өөрийгөө хүндэлдэг, өөрийн оршихуй, үнэт зүйлтэй хүн ийм сонголт
хийхийг хүсэхгүй. Өөр хүнд наалдаж, түүндээ дасан зохицож, тэгээд ажлаа
хийнэ гэдэг хэцүү. Эхлээд өөрийнхөө үнэт зүйлийг уландаа гишгэчихээд
дараа нь яаж хамгаалах юм. Эрүүл зөв сэтгээд, салбартаа юу хийж чаддагаа
үзүүлж яваа залууст боломж байгаа гэдэгт эргэлздэггүй.
"ХҮН сонгуульд оролцсон бол үр дүн өөр гарах байсан"
-Таны
хувьд олон хүн амтай, өрсөлдөөн ширүүн тойрогт өрсөлдсөн. Магадгүй
намынхаа нэрээр дэвшсэн бол үр дүн арай өөр гарах байсан гэж боддог
уу?
-Үнэндээ би бие
дааж нэр дэвшсэндээ баяртай байгаа. Сурталчилгааны хугацаанд
уулзалтууд хийгээд явж байхад иргэд бие даагч хүнтэй илүү чөлөөтэй
асуудлаа ярьж байгаа нь анзаарагдсан. Дээрээс нь бие даагч хүн намын
бодлого яриад байхгүй иргэний төлөө явна даа гэсэн бодолтой байгаа нь
мэдрэгдсэн л дээ. Тэгэхээр одоо намын нэрээр нэр дэвшсэн эсэх тийм ч
чухал биш. Миний хувьд бие даан нэр дэвших шийдвэрийг нэлээн эрт
гаргасан байсан. Энэ шийдвэртээ сэтгэл хангалуун байгаа. Би жишээ нь
3000 хүний санал авсан. Энэ маань 3000 хүнд өртэй болсон гэсэн үг л дээ .
Эрх мэдэл нь олдоогүй ч үүрэг нь үлдсэн. Үүний төлөө миний хийж чадах
зүйл бол хэнээс ч айлгүй, хэний ч дарамтанд оролгүй үгээ хэлж, байр
сууриа илэрхийлж явах. Намын тухайд бүртгэл нь Дээд шүүхэд хэвийн
хийгдээд улстөрийн нам гэдгээрээ сонгуульд оролцсон бол сонгуулийн үр
дүнд гарцаагүй нөлөөлөх байсан гэж боддог.
-Таны
төлөө саналаа өгсөн 3000 хүний санал гудамжинд гарсан ч өөрийн чадах
зүйлээ хийнэ гээд саяхан Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа
үзүүлэх төв нээсэн байна лээ. Төвөөр иргэдийн хөл ихтэй юу?
-Хүмүүс шударга
ёсоор хамгийн их дутагдаж байна. Хөрөнгө чинээгээр, нийгмийн
гарлаараа маш их ялгаварлагдаж байна. Бас хууль шүүх, төрийн
байгууллагатай харилцах учраа олохгүй байна. Үүнийг шийдэх нэг л арга
зам бий. Тэр бол хуулийн арга зам. Гэвч иргэд арга хэрэгслээ мэддэггүй.
Тиймээс л арга хэрэгсэл нь, бамбай нь болох юмсан гэдэг бодлоор төвөө
байгуулсан. Иргэд маань олноороо ирж , туслалцаа хүсч байна. Цаашдаа улс
орон даяар ийм төв байгуулагдаасай гэдэг бодолтой яваа. Эхний ээлжийн
санхүүжилт, үйл ажиллагаагаа өөрөө хариуцаад явж байна. Мөнхөд ийм
байдлаар үргэлжлэх боломжгүй. Үнэхээр төлбөрийн чадваргүй хэсэгт нь үнэ
төлбөргүй үйлчилгээгээ хүргээд, чанартай үйлчилгээг олон нийтэд үзүүлэх
зорилго тавьж байна. Товчхондоо Гандантэгчинлэн хийдэд 20 мянган
төгрөгөөр уншуулах номоо Дашчойлон хийдэд 2000 төгрөгөөр уншуулахтай л
ижил зарчмаар ажиллахыг зорьж байгаа. Төвөөр үйлчлүүлсэн хүмүүүсийн
бүртгэл, мэдээлэл, хүмүүст ямар хуульзүйн асуудал тулгарч байгаа
талаарх судалгааг хийж байна. Тодорхой хугацааны дараа маш том
мэдээллийн баазтай болно. Төлбөрийн чадваргүй юмуу хууль зүйн туслалцаа
авч чадахгүй байгаа хэсэгт ямар хуульзүйн асуудал тулгарч байгааг
мэддэг, арга замыг нь тодорхойлдог, судалгаатай, мэдээллийн баазтай
газар манайхаас өөр гарахгүй. Үүнийг эрх баригчид ашиглаад, улстөрөө
хийгээд иргэдэд ашигтай бодлого шийдвэрийг гаргадаг болох нь манай
төвийн зорилго. Энэ чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй.
"АН-ын ялагдлын шалтгаан нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан явдал"
-Нэгэнт
та бид хоёр өргөн хүрээнд ярилцаж байгаа учраас улстөрийн шинжтэй
асуулт руу эргээд оръё. Та АН-ын гишүүн байсан. Өнгөрөгч сонгуульд АН
үнэмлэхүй ялагдал хүлээсэн шалтгааныг хэрхэн харж байгаа вэ?
-Хүн болгоны
мэдэж байгаа шалтгаан бол сонгуулийн систем. Гарцаагүй нөлөөлсөн. АН-ын
авсан саналыг пропорцианальд хуваавал АН хавьгүй олон суудал авах
тооцоо гарна. Миний өрсөлдсөн тойрогт нэгт МАН, хоёрт АН, гуравт бие
даагч Алтангэрэл орж байгаа юм. Гурвуулаа нийлээд 15 мянган хүний санал.
Тэр дундаас АН-ын санал 5000. Үүн дээр Алтангэрэлийн 3000 санал нийлээд
8000 болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 8000 хүний санал хаягдчихаж байгаа
юм. Үүн шиг манай тойрогт хаягдсан АН-ын 5000 хүний саналыг бусад
тойргуудад ялагдсан нийт сонгогчдод хуваавал өндөр дүн гарнаа даа.
Дээрээс нь пропорцианаль системээр явуулаад намын жагсаалт орж ирсэн
бол байдал өөр байх боломжтой. Баянзүрх дүүргийг томоор нь авч үзвэл
маш олон мянган хүн АН-д саналаа өгсөн нь харагдана. Томосгосон тойргоор
өрсөлдсөн бол Баянзүрх дүүргээс хоёр суудал авах боломжтой байсан.
Нөгөө нэг хүчин зүйл нь АН-ын дотоод хагарал гэж олонх нь ярьж байгаа.
Миний хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан үйл явц АН-ын
ялагдлын хамгийн том шалтгаан гэж итгэдэг.
-Үндсэн
хуулийн цэцийн даргыг огцруулан байж жижиг тойргоор сонгуулиа явуулсан
гэхээр АН өөрсдөө л өөрсдийнхөө толгойг залгичихсан юм шиг санагддаг?
-АН-ын эрх
барьж байх үедээ гаргасан шийдвэрээс хамгийн их эгдүүцүүлсэн нь Үндсэн
хуулийн цэцийн даргыг УИХ-аар хэлэлцүүлж огцруулсан явдал. Амарсанаа
багш хууль зүйн салбараас төрсөн хоёрхон академичийн нэг. Мэдлэг
боловсрол, дадлага туршлагаар нь Амарсанаа багшийг дөхөж очих хүн
монголын үе үеийн хуульчид дунд цөөн. АН-ыг эрх барьж байхад Хууль зүйн
сайдаар ажиллаж явсан хүн. Ийм байхад эксэл, lexus-570 гэдэг эвлүүлэг
гаргаж ирээд буруу ойлголт өгсөн. Хүмүүс юмыг их амархан мартах юм. Тэр
ад үзээд байсан lexus-570 нь одоо ч байж л байгаа. Тэр машин
Амарсанаагийн өмч ч биш. Энэ бүх хар мэдээллийг хүчээр хийсний
дараагаар пропорцианаль системийг үгүйсгэсэн шийдвэрийг цэцээр
гаргуулсан шүү дээ. Дэлхий нийтийн жишиг, эрхзүйн соёл гэж бий. Бид тэс
ондоо хууль хэрэгжүүлээгүй. Надад бол сонгуулийн хуулиа яаж өөрчлөх нь
тийм ч чухал байгаагүй. Харин тэр өвгөн эрдэмтнийг муухай харагдуулах
гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилготойгоор балбаж, албаны
машинаар түрүү барьж суудлаас нь зайлуулсан нь үнэхээр эмгэнэлтэй
харагдсан. Ийм үзэгдэл дахиж монголын хууль зүйн тогтолцоонд битгий
гараасай билээ.
"Эрүүгийн хуулийг хүчингүй болгох вий гэж хардаж байгаа"
-Сонгуулийн
үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газар өмнөх УИХ-аар батлагдсан
хэд хэдэн хуулийн төслийг татсан нь олны шүүмжлэлд өртүүлээд байгаа.
Үнэхээр хуулиа хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаагүй байв уу, эсвэл өмнөх
Засгийн газрын баталсан хуулийг хэрэгжүүлэх сонирхол алга уу?
-Нийтлэлч
Баабар 1990-ээд оны сүүлээр "Өөрөө л гоол оруулахгүй бол уурлаад л яваад
байдаг хүүхэд багт байдаг" гэж хэлсэн байдаг. Өөрөө л гоол оруулахгүй
бол баг нь хожих эсэх нь хамаагүй. Уг нь ийм зарчмаар ажиллах хэрэггүй л
санагддаг. Нэгэнт оноо тоологдчихсон зүйл дээр нэмж гоол оруулаад олон
онооны зөрүүгээр хожихоо бодно биз дээ. Нөгөө талаас мэдээлэл үнэн зөв
эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Жишээ нь ТҮЦ машиныг хурааж байна гэдэг
мэдээлэл цахим ертөнцөөр явсан. Хэрэв үнэн бол үүн шиг эмгэнэлтэй зүйл
үгүй. ТҮЦ машиныг улам олон болгоно гэж ярих нь зүйд нийцнэ. Эрүүгийн
хууль бол бидний гарцаагүй дагаж мөрдөх учиртай хууль. Би эрүүгийн
эрхзүйгээр мэргэшсэн мундаг хүн биш. Гэхдээ энэ хууль бидэнд дэвшил
авчрах байсан гэдгийг ойлгох хэмжээний болчихсон, энэ салбарт дандаа
хүний төлөө ажиллаж ирсний хувьд шинэ Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх
шаардлагатай гэдэг дээр итгэлтэй байгаа хүний нэг. Харин хуулийг
хойшлуулах болсон шалтгааныг ганцхан МАН-тай холбож байгаагийн эсрэг
бодолтой байгаа. Хууль зүйн яам хуулийн төслийг боловсруулах,
хэлэлцүүлэхэд маш их хугацаа зарцуулсан.
Харин эрх барьж
байсан АН яагаад хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг
хангалгүй сонгуультай золгосон юм бэ. Зун шүүх, шийдвэр гүйцэтгэл гээд
холбогдох байгууллагууд амардаг. Гэтэл хүмүүсээ сургахад дор хаяж 3-6
сарын бэлтгэл шаардлагатай. Энэ ажлаа огт хийгээгүй нь үнэн шүү дээ.
Бэлтгэл ажлыг хийгээгүй гэх шалтгаанаар МАН хуулийг дараа жилийн
зургадугаар сар болтол буцаасан. Тэгвэл яагаад одоо бэлтгэл ажлаа
эхлүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Ирэх жилийн
зургадугаар сар болоход хуулийг хүчингүй болгохоор зэхэж байгаа бол
харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бусад хуулиа
дагаад хойшлохоос аргагүй болсон. МАН хойшлуулалгүй шийдэх боломжтой
зүйлийг зориуд гацаасан гэж бодохгүй байна. Харин хойшлуулахдаа
бэлтгэлээ хангуулъя гээд 12-р сарын 31 байж болсонгүй вэ. Яагаад хэн ч
энэ талаар ярихгүй, сонирхохгүй байна вэ. Би шүүгч нартай уулзахад
"Хууль хэрэгжих юмуу даа" гэсэн ойлголттой явна лээ. Жишээ нь Шилжилт
хөдөлгөөнийг хязгаарлах ял буюу хөлний гав. Үүнийг хийхийн тулд улс
төсөв батлаад хөлний гав нь ирэх ёстой. Төсөвийн асуудал яригдахад ирэх
жилээс хэрэгжүүлэх Эрүүгийн хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой төсөв
яригдахгүй байна вэ. Эндээс хуулийг хэрэгжүүлэхгүй байх сонирхол байна
уу гэх хардлага төрж, санаа зовж байна.
-Та
саяхан өөрийн цахим хуудастаа төрийн алба жинхэнэ мөн чанараараа явж
чадахгүй байна гэж бичсэн байсан. Засаг төр солигдох тоолонд дээр
дооргүй халаа сэлгээ хийдэг муу зуршил тогтоод удлаа. Ийм байдлаас аль
ч засгийн үед ангижрах шинж алга?
-Бидэнд хууль
байхгүй биш, хуулиа хэрэгжүүлэхгүйн зовлон л байна. Хуулиа хэрэгжүүлдэг
бол ийм зовлон үүсэхгүй. Өнөөдөр маш олон хүн над дээр, хууль зүйн
туслалцаа үзүүлэх төвд "Ажлаасаа халагдлаа. Үндэслэлгүй халлаа" гэж
хандаж байна. тохиолдол болгон дээр хууль зөрчиж байна. Төрийн албатай
холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиа мөрдсөнөөр засах
боломжтой. Харин албан тушаалыг мөнгөөр, танил тал, эрх мэдлээр
далайлган авч байгаа гэх асуудал бол тусдаа. Төрийн албаны зөвлөлийн
гишүүдийг чөлөөлсөн. Би иргэн Алтангэрэлийн хувьд энэ шийдвэрийг Үндсэн
хуулийн цэцэд өгсөн. Ямар ч хэвлэлийн хурал хийгээгүй, нийтэд зарлаагүй.
Үүгээр би ямар нэг оноо авахыг зориогүй. Гомдол гаргаад хоёр сар шахуу
болж байна. Процессын дагуу гомдлоо шийдвэрлүүлье гээд л явж байна.
Төрийн албанаас хэн нэгнийг халаад тэр хүн нь шүүхдээд эргээд ажилдаа
томилогдоход цалинг нь төр гаргаж өгнө. Тэр хүний ажлын байран дээр
ажилласан нэгэнд бас цалин өгнө. Өөрөөр хэлбэл төр хоёр хүнд цалин төлж
байна. Тэгвэл төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас халах буруу
шийдвэр гаргасан албан тушаалтнаас зардлыг гаргуулдаг санхүүгийн
сахилгатай болчихвол маш олон асуудал цэгцэрнэ. Дээрээс нь төрийн албыг
мөнгөөр наймаалцдаг асуудал байж болохгүй. Ийм зүйлийг жигшин зэвүүцэх
ёстой.
-Тэгвэл өндөр албан тушаалд ах дүү хамаатан садан, өөрсдийн хүүхдүүдээ томилдог гэдэгтэй санал нийлэх үү?
-Энэ хүнд
асуудал шүү. Сүүлийн үед өрнөөд байгаа томилгоо тойрсон асуудал дээр нэр
нь дурдагдаад байгаа хүмүүсээс зарим нэгийг нь танина. Жишээ нь
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Төрийн банкны захирлаар
томилогдсон гэж сонссон. Угаасаа л энэ салбартаа олон жил ажилласан
туршлагатай хүн ш дээ. Ах нь гишүүн байлаа гээд ямарваа нэг ажил эрхлэх
эрхээ хасуулж болохгүй биз дээ. Харин шууд удирдлагад нь ажиллаж байгаа
хүн байвал асуудал болох байх. Манай дээд төгсөлтийн Анхбаяр гэж залуу
байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү. Миний мэдэх хэд хэдэн хүн албаны
шугамаар харилцаж байсан гээд ажил мэргэжлийнх нь ур чадварт ам сайтай
юм билээ. Илтэд мэдлэг боловсролгүй, илтэд өөр салбарын хүн байвал
шүүмжилж болно. Миний хүү хуульч болно гэвэл би адилхан мэргэжилтэй байж
болохгүй гэж хязгаарлаж болохгүй биз дээ. Энэ асуудалд наанатай
цаанатай хандмаар санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
24tsag.mn