
Төр, нийгмийг зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг Цагдаахийнхан өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрээс нь баривчилсан. Шүүхээс түүнийг 14 хоногийн хугацаагаар цагдан хорих зөвшөөрөл өгч, сэжигтнээр тооцоод буй. Гэхдээ энэ явдал 17 жилийн тэртээ С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эсэхийг хуулийн болон хууль сахиулах нэг ч байгууллагын хариуцлагатай албан тушаалтан мэдэгдээгүй байгаа юм.
Д.Булганыг 1998 оны гуравдугаар сарын 9-нд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хамааралтай байж болзошгүй хэмээн цагдан хорьж шалгаад, нэлээд хэд хоногийн дараа сулласан байдаг. Энэ удаагийнх Д.Булганыг баривчилсан хоёр дахь тохиолдол боллоо. ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хошууч Б.Баатархүү "Д.Булганыг баривчилсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хоёр өгүүлбэр л хэлэв. Гэвч Д.Булганыг С.Зоригийн хэрэгт холбоотойгоор баривчилсан. Тэр ч байтугай цагдаа, тагнуулынханд худлаа мэдүүлэг өгч байсан, төөрөгдүүлсэн гэх таамаглал ард иргэдийн дунд тархаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр зарим мэдээллүүд тархаад байна.
Дашрамд дурдахад, Д.Булган энэ хэрэгт холбоотойгоор баривчлагдсан 13 дахь хүн болж байгаа юм. Өдийг хүртэл С.Зоригийг хөнөөсөн хэргээр н.Энхболд /хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир /хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /Армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар, "ард” Батсүх, Францаас хулгайлан авчирсан Д.Энхбат гэх мэтээр 12 хүнийг цагдаа, тагнуулынхан хорьж шалгасан байдаг. Ингээд С.Зоригийн хэрэгтэй холбоотой баримтуудыг нэгтгэн хүргье.Гэрэл зургийг болоод шүүхийн задлан шинжилгээний хариуг "Өглөөний сонин"-оос авсан болно.
С.Зориг агсны биед хийсэн задлан шинжилгээний хариу
1998 оны 10 дугаар сарын хоёрны шөнө Монголын ард тvмэн хайрт хөвгvvдийнхээ нэгийг алдсан билээ. Энэ аймшигт аллагын дараа ард тvмэн "Монголын ирээдvйн Ерөнхийлөгчийг алчихлаа” хэмээн гашуудаж байв. Улмаар шүүх эмнэлгийн задланг даруй эхлүүлж тухайн өдрийн маргааш нь буюу 10 дугаар сарын 3-ны үүрийн 4 цагт задлан эхлүүлж, 18 удаа хутгалуулж, аминд хүрэхүйц ноцтой хэд, хэдэн шарх авсныг нь тогтоосон байдаг бөгөөд Шүүх эмнэлгийн задланд Л.Энхболд оролцож, нэр бүхий 4 шинжээч туслагчаар оролцжээ.







С.Зоригийн хэргийн талаар гэрчүүд юу гэж мэдүүлж байв
Гэрч 1: Алуурчны ам зургийг харсан даруйдаа хоёр хоногийн өмнөөс эргэлдээд байсан залуутай төстэй байсныг санажээ
Нэгдүгээр гэрч бол С.Зориг агсны байрны зүүн талд байрлах 33-р байранд оршин суудаг нэгэн эмээ. Тэрбээр 1998.09.29-ны мягмар гаригийн өглөө нэг залуу гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байхыг харсан байна. Эхний удаа нэг их анзаараагүй ч үдээс хойш ач хүүгээ сургууль руу нь гаргаж өгөхөөр гарч ирэхэд мөн л зогсож байсан аж. Орой хүүгээ тосохоор гарахад нь ч мөн л зогссон хэвээр байсан гэх. Тиймээс гайхсан эмээ яагаад энд өдөржин зогсоод байгааг нь асуухад "Би хүн харж байна аа” гэж хэлжээ.
Маргааш нь буюу 1998.09.30-ны орой 18 цаг арай болоогүй байхад эмээ ачтайгаа талийгаачийн байшингийн булангаар гараад, гэр рүүгээ ирж явтал нөгөө залуу, өчигдрийн хувцастайгаа аптекийн үүдэнд зогсож байснаа эмээг харуутаа хаалганы араар ухарч далд орсон байна. Тэгэхэд л анх эмээд ямар нэгэн муу совин татаж, сэжиг төрсөн гэдэг. Энэ аймшигт хэрэг гарсны дараа С.Зоригийг бусдын гарт хэрцгийгээр алуулсан талаар сониноос олж уншсан төдийгүй сонин дээр гарсан алуурчны ам зургийг харсан даруйдаа хоёр хоногийн өмнөөс байрных нь ойр хавиар эргэлдээд байсан өнөөх залуутай их төстэй байсныг санасан байдаг.
Эмээ сэжиг бүхий залууг дүрслэхдээ: Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуу, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюк, ботинктой, догшин, ширүүн биш жирийн л нэг байдаг хүн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн яриатай.
Гэрчүүдээс авсан анхны ам зураг

Гэрч 2: Бөглүүдүү дуутай, байдаг л царайтай, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан
Хоёрдугаар гэрч бол С.Зориг агсны байрны хойд талд байрлах тавдугаар байрны оршин суугч залуу. Тэдний байрнаас С.Зориг агсны байрны цонх маш тод харагддаг аж. Энэ залуу мөн л өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр гарахдаа, өдөр ч бас уг сэжиг бүхий залууг харсан байдаг. Бүр нэг удаа ч биш даваа, лхагва, пүрэв гаригт байнга харжээ. Тэр залуу орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдүгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны үүдэнд гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан гэх бөгөөд "Хэнийг хүлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар” гэж хэд хэдэн удаа загнахад "Би хүн хүлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна” гэж хэлсэн гэдэг.
Энэ өдрүүдээс хэд хоногийн өмнө буюу 1998.09.27-нд тавдугаар байранд оршин суугч залуугийн гэрийн хаалгыг хулгайч хөшсөн байсан тул тухайн үед сэжиг бүхий өнөөх залууг хулгайчийн хамсаатан байх гэж сэжиглэжээ. Улмаар хэсгийнхээ цагдаад хэлсэн ч тоогоогүй байна. Хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нөгөө хүн мөн байна гэдгийг мэдсэнээ тэрбээр ярьсан байдаг.
Гэрч залуугийн хаалгыг хөшсөн гэх энэ байдал нь цагдаа ямар хугацаанд ирж болохыг мэдэх, гэмт хэргээ үйлдсэний дараа оргон зайлж болох хугацааг тандах хэлбэр байсан байж болох тухай хуулийн нэгэн ахмад ажилтан таамаглан ярьж байсан удаатай аж.
Гэрч залуу сэжиг бүхий залууг дүрслэхдээ: Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргүй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан.
Гэрчүүдээс авсан хоёр дахь ам зураг

Гэрч 3: Зоригийг алсан гэх хүний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй
Гуравдугаар гэрч бол тавдугаар байрны зүүн булангийн нэг давхарт байрлах, гаднаа тагт бүхий (одоо энэ эмийн сан байхгүй болжээ) эмийн сангийн худалдагч. Сэжиг бүхий өнөөх залуу түүнийг аптекаа нээх үед гадна тагтны үүдэнд зогсож байсан гэх бөгөөд өдөржин зогссон байдаг. Айж эхэлсэн эмийн санч "Хөөе, чи наанаа юу хийгээд байгаа юм бэ, яах гээд байгаа юм бэ?” гэхэд толгойгоороо эргэж хараад мөн л "Хүн хүлээж байна” гэх хариулт хэлсэн байдаг. Ингээд орой 16-17 цагийн үед алга болчихсон байсан гэх бөгөөд цонхоор хартал талийгаачийн байрны зүүн урд байдаг цэцэрлэгийн тэндээс аптек байрладаг байшингийн баруун өнцөг рүү гүйж байсан аж. Эмийн сангийн худалдагч орой 19 цагийн үед аптекаа хааж байхад тавдугаар байрны баруун захын орцны өмнө зогсож байсан гэдгийг гэрч бүсгүй ярьсан байдаг.
Эмийн санч сэжиг бүхий залууг дүрслэхдээ: Зоригийг алсан гэх хүний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй. 169-170 орчим см өндөртэй, эрэгтэй хүний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн өмдтэй, жижигхэндүү үстэй, үсээ зүүн гар тийшээ налуулж самнасан, ерөнхийдөө, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нүдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр биш, нүдний шилгүй, овойж товойсон булчин, шөрмөсгүй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргүй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгүй, үсэрхэг хүн биш, айхавтар айлгахаар төрхгүй, тийм содон бус хүн байсан.
С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 11 хэрэг

Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор өгүүлье.
1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүнийг буруутнаар тогтоож чадаагүй. Эхнэр нь зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй "Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу "маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
4. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа. Сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бүр лавшруулан шалгахыг хүссэнгүй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл "энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч "энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.
8. Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгөөр алуулсан. Түүнийг Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мөрөн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
11. Тухайн үед "Нөгөөдөр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгүүлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. Үнэндээ сэтгэхүйн хувьд асуудалтай болсон гэдгийг хүмүүс хэлдэг. Зүгээр байсан хүн, басхүү энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хүн яагаад гэнэт сэтгэхүйн өөрчлөлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэл хэт айлган дарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгүй гэдгийг түүнтэй нэгэн гэрчийг нүүрэлдүүлэхэд нь дуу хоолой, гар хөл нь чичирч, хөлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дүгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мөр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгүй гэдэг өчиг өргөөд лам болсон байж болох. С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой гэдгийг нэг биш нэлээд хүн хэлж байлаа.
Тэгвэл бидэнд энэ хэрэгтээ холбоотой нэмэлт мэдээлэл ирсэн юм. Тодруулбал, эл хэргийг УМБГ, ТЕГ шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл нэг биш хоёр ч байгууллага С.Зоригийн хэргийн мөрөөр ажилдаа гарсан байна.
Мөн тухайн үеийн баримт болох бичлэгтэй хуурцаг гарч ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Үүнийг батлах ганцхан хүн нь Д.Булган төдийгүй хаанаас захиалгатайг нь мэдэх хүн нь ч Д.Булган. Тиймээс Д.Булганы аюулгүй байдлыг хангахын тулд баривчилж буй юм шиг дүр эсгээд хамгаалалтандаа авсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Х.Маргад