2022 онд хүний цуснаас бичил хуванцар анх удаа илрүүлжээ. Харин одоо бид өдөр тутам олон төрлийн хуванцар хэрэглэх болсноор бичил хуванцар хаа сайгүй байна.
Бидний биед өдөрт 52 мянган бичил хуванцар гаднаас ордог байж болзошгүй. Учир нь хоол, ундаанаас гадна агаарт ч бичил хуванцар бий.
Таван миллиметрээс бага хэмжээтэй хуванцрууд шүлс, цус, эхийн сүү болон элэг, бөөр, тархи, дэлүү, яснаас ч илрэх болов. 1990 оноос хойш хүний бие дэх бичил хуванцрууд зургаа дахин нэмэгджээ. Ялангуяа АНУ, БНХАУ, Ойрх Дорнод, Хойд Африк болон Скандинавын иргэдийн биед эрс нэмэгдсэн байна. Гэвч үүний бидэнд үзүүлэх эрүүл мэндийн нөлөөг тогтоох нь их хэцүү.
Энэ оны эхээр эрдэмтэд хүн дээр туршилтаа эхлүүлжээ. Лондон дахь Imperial College-ийн судлаач Стефани Райт "Өнөө үед бараг хүн бүр хуванцар ашиглах болсон тул туршилтад хамруулах боломжтой маш олон хүн бий. Бид туршилтад оролцож буй хүмүүсээс хуванцар саванд хийсэн цай ууж, хоолоо хуванцарт саванд халааж идэхийг хүсдэг. Дараа нь бичил хуванцрын хэдэн хувь нь хайлж цус руу орсныг, цусны дээж авч хэмжиж байна. Туршилтад хамрагдсан иргэдийг 10 цагийн турш ажигладаг. Бичил хуванцрууд бидний биед хэрхэн тарж, хаана цуглаж байгааг олж тогтоох зорилготой" гэжээ.
Энэ судалгааг өмнө нь амьтад дээр хийсэн ч хүн дээр анх удаа хийж байна. Энэ оны сүүлээр үр дүн нь гарна. Судлаачид бидний бие бичил хуванцрыг устгаж чадахгүй гэж таамаглажээ.
2024 оны сүүлээр хятадын судлаачид үений мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн яснаас бичил хуванцар илрүүлсэн аж. Тэд хүний яс, булчинд бичил хуванцар орвол булчингийн эс томрохыг саатуулж, улмаар тухайн хүн дасгал хөдөлгөөн хийхэд хүндрэл үүсгэж болзошгүй гэж таамаглажээ.
2024 оны эхээр итали эмч нар зүрх судасны эрт үеийн эмгэгтэй хүмүүсийн титэм судаснаас бичил хуванцар олсон байна. Эдгээр нь цусны эргэлтэд сөргөөр нөлөөлсөн аж. Гурван жилийн турш өвчтөнүүдийг ажиглахад бичил хуванцар судсанд нь орсон өвчтөнүүдийн гэнэт зүрх зогсох, цус харвах,зүрхний титэм судас бөглөрөх эрсдэл бусад өвчтөнүүдийнхээс 4-5 дахин өндөр байжээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард өөр судлаачид нас барсан хүний тархинаас бичил хуванцар илрүүлсэн байна. Зөнөх өвчний оноштой байсан талийгч нарын тархинаас илүү их бичил хуванцар илэрчээ.
Эх сурвалж: BBC

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих