

Сүүлийн үед "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн маргаан иргэд, төр засгийнхны дунд хүчтэй өрнөж байна. Өнгөрсөн зун, наадмын өмнөх өдөр буюу 7 дугаар сарын 9-нд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэхүү "Халх гол” чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоолыг баталсанаар улсын хэмжээнд 5 чөлөөт бүстэй болсон билээ. 2004 оноос хойш Алтанбулаг, Чойр, Замын-Үүд, Баян-Өлгийн Цагаан нуурын чөлөөт бүсийг байгуулсан боловч эдгээрийн үр ашгийг хүртэж чадаагүй байна. Зөвхөн Алтанбулагт гэхэд 23 тэрбум төгрөг, Замын-Үүдэд тухайн үеийн ханшаар Хятадын хөнгөлөлттэй зээлээр 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх боловч өнөөдөр том хашаа, хоосон шахуу лангуу маягийн юмаас өөр зүйлгүй хоцорчээ. Замын-Үүд хөгждөггүй, харин хилийн цаана байгаа Хятадын Эрээн зэрэг шинэ хотууд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байна. ОХУ-тай визгүй зорчдог болсноос хойш Алтанбулагийн чөлөөт бүс бараа сураггүй болж, харин Буриад улсын худалдааны эргэлт эрс сайжирч, ашиг нь улам өссөөр Холбооны улсдаа дээгүүрт бичигдэх боллоо. Чойр, Цагаан нуурын чөлөөт бүс гэгч нь мөн ялгаагүй бөөн мөнгөний түгжээ, цөөн хэдэн хүний идэш төдийхөн болчихоод байгаа юм. Уг нь анх чөлөөт бүсийн хууль баталж, энэ чиглэлийн бодлогыг тодорхойлохдоо эхний чөлөөт бүсийнхээ үр ашгийг дээшлүүлээд дараагийнх нь чөлөөт бүсийг байгуулах боломжийг судалж шийдвэрлэнэ гэж байсан юм билээ. Гэтэл сүүлдээ хамаагаа алдаж ямар ч тооцоо судалгаагүйгээр хаа дуртай газраа чөлөөт бүс нэртэй юм байгуулсан болж мөнгө саах санаархал нь зарим бизнес, улс төрийн бүлэглэлийн бөгсийг хатгаад зүгээр суулгахгүй байгаа бололтой. Иймээс ч "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэгчийг тойрсон хэрүүл Үндсэн хуулийн цэц дээр явж очиход хүрч, Дорнод аймгийнхан, ялангуяа Халх гол сумын 1800 гаруй иргэний эсэргүүцлийн гарын үсэг бүхий заргын бичиг УИХ-ын Өргөдлийн байнгын хороог цас шиг дарж байна. Хамгийн сүүлд Багануурт суурьшин амьдарч буй Дорнод аймгийн уугуул иргэд нутгийн зөвлөлөөрөө дамжуулан "Халх гол” чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардаж, гарын үсгээ илгээжээ. Гурван сар гаруйн өмнө баталсан тэрхүү гайтай тогтоол нь иргэд, төр засгийнхны хооронд томоохон хэрүүлийн алим боллоо.
Иймээс өнгөрсөн баасан гарагт 14 цагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран "Халх гол” чөлөөт бүсийн талаар Дорнод аймгийн болон Халх гол сумын удирдлага, иргэний байгууллагууд, нутгийн иргэдийг оролцуулсан уулзалт-ярилцлага зохион байгуулжээ. Энэ өдөр мөн 12 цагт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Төрийн нарийн бичгийн дарга болон бусад албатаа дагуулан төрийн ордонд ирж, Дорнод аймгийн удирдлага, иргэдийн төлөөлөлд Халх гол чөлөөт бүсийн талаар танилцуулсан юм. Уг нь иймэрхүү танилцуулага, хэлэлцүүлгийг 75 дугаар тогтоол батлагдахаас өмнө хийсэн бол "Халх гол” чөлөөт бүсийн асуудал нь Үндсэн хууль, Газрын тухай хууль болон Чөлөөт бүсийн тухай хуультай зөрчилдсөн шийдвэрт хүрэхгүй байх боломжтой байсан юм. Гэвч эрх мэдлээр түрүү барьсан цөөн хэдэн хүний лоббигоор эдийн засгийн бүлэглэлүүдэд үйлчилсэн тогтоол гарч ийнхүү маргаан дагуулж буй нь уулзалт-ярилцлагын явцад бэлхнээ харагдаж байлаа. Энэ талаар орон нутгийн удирдлага, иргэд болон Дорнод аймгийн нутгийн Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр нарын зэрэг хүмүүс байр сууриа тов тодорхой илэрхийллээ.
Р.Бурмаа сайдын ярьж байгаагаар бол Халх голын савд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдуүлж, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлж, улмаар Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн "Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай тогтоол баталжээ. Үүний дагуу тэнд 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх юм гэнэ. Тэгвэл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд уулзалтынхаа эхэнд "Халх голын чөлөөт бүсийг шийдэхдээ учирч болох эрсдэлийг сайтар тооцоогүй, иймээс энэхүү бодлогын шийдвэрийг эргэн харж өөрчлөх хүртэл арга хэмжээ авахыг Дорнод аймгийн иргэд, Иргэний байгууллагууд хүсэх болсон тул ийм уулзалт ярилцлага хийж байна” гэж онцолсон юм.
Уулзалт, ярилцлагын үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван, Газрын харилцаа геодез зураг зүйн газрын дэд дарга Ж.Даваабаатар, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд нар тус аймаг, сумын газар ашиглалт, Халх гол чөлөөт бүсийн эрх зүйн зохиуцуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Халх гол чөлөөт бүсийн тогтоолыг цуцлуулах саналтай ирсэн нь Су.Батболдыг нэлээд бухимдуулав. Тэгээд ч тус аймагт, тухайлбал, Халх гол сумын нутагт тариалалтын газрыг хууль бусаар ашиглаж, эзэмшсэн аж ахуйн нэгжүүд нэлээд байгаа ажээ. Газрыг нь луйвардахын тулд бодит хэмжилт, хяналт хийх боломжгүй нөхцөл бүрдүүлсэн бусармаг явдал ч гарсан байна. Тариалалтын талбайн хэмжилт хийдэг геодезийн 6 хатуу цэгээс "Алтай групп”, "Мөнх тал”, "Үйзэн тал” компаниудын талбай дахь 4 цэг байхгүй болжээ. Хэмжих цэггүйгээс аль компани нь ямар хэмжээний газрыг хагалж ашиглаж буй нь нарийн тогтоогдох аргагүй болсон байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн энэ талаарх шаардлагууд биелэгдэхгүй явсаар өдий хүрчээ. Иймээс ч Халх гол суманд газрын луйвар, маргаан тасрахгүй байгаа аж.
Н.Номтойбаярын аавын "МАК” компани энд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр 7.2-10 мянган га газар авчээ. Мөн Х.Болорчулуун гишүүний "Дорнод гурил” компанийн тариалалтын талбай, Х.Баттулга гишүүний хүүгийн "Нью Ариг ус” компанийн 4232 га газар зэрэг нь хуулийн зөрчилтэй байна. МАК компанид 5 мянган га-д тэжээлийн ургамал тариалах зөвшөөрлийг сумын засаг дарга олгосон нь хууль бус гэдгийг ч ярьцгааж байлаа. Халх гол сумын түрүүчийн болон одоогийн Засаг даргын үед нийтдээ 31 мянга гаруй га талбайн байршил өөрчилж газар олголт хийсэн нь хууль бус үйлдэл болжээ. Эдгээрээс харахад тус аймагт тариалалтын газар ашиглалт ихээхэн будлиантай байна. Сансарын зургаар 59 мянган га талбай ашиглаж байгаа атал аймгийн удирдлага нь 51 мянга га гэж буруу ташаа мэдээ ирүүлжээ. Иймээс О.Баасанхүү гишүүн "Аймгийн удирдлагын нөхдүүд Хятадуудын дураар аашлахыг таслан зогсоох хэрэгтэй. Газраа хамгаал. Ямар ямар компани дураараа газар аваад байгааг бодитой ярих нь зөв. Тэгээд хуулийн байгууллагаар шалгуулъя. Халх гол чөлөөт бүсийн 500 мянган га-г бүгдийг хашаалах уу” гэсэн асуудал хөндөв. Р.Бурмаа үүний хариуд "500 мянган га-д хашаа татахгүй. 26 мянган га-д хашаа барина” гэсэн нь зарим хүмүүсийн гайхлыг төрүүлэв. Учир нь Р.Бурмаа сайд тэрхүү 75 дугаар тогтоол батлагдсаны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "49 мянган га-д хашаа татаж эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх” тухай мэдэгдэж байсан юм.
Энэ удаагийн уулзалт ярилцлагын явцад сайд, төрийн нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдийн яриа, аймгийн удирдлага, нутгийн иргэд, төрийн бус байгууллагынхныхаас нэлээд зөрүүтэй байлаа. Р.Бурмаа "Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар. Одоогийн байдлаар Дорнод аймагт 5.4 сая га оногдож байгаа. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна. Халх гол хөрсний үүц сайтай бүс нутаг. Хамаагүй эвдэж, тариалалт хийж болохгүй гэж үзэх хэсэг байдаг. Судалгаагаар 270 мянга га-г газар тариаланд ашиглаж болно гэдэг. Үүнийгээ хамгийн түрүүн эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоолсон. Манай улс 2014 оны байдлаар 1.5 сая долларын махны худалдааг бусад орнуудтай хийсэн. Энэ нь 21 мянган тонн мах гэсэн үг юм. Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, малын өвчингүй эрүүл бүс болсноор зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэнэ” гэсэн юм. Гэвч Ус цаг уурын хүрээлэнгийн Г.Даваа "500 мянган га бол Халх голын сав газрын 60 орчим хувийг эзэлсэн дэндүү том талбай юм. Ийм том талбарт чөлөөт бүсийн тогтоол гарлаа. Бидний судалгаагаар тэнд 30 мянга орчим га-г усаар хангах боломжтой” гэсэн нь бас л анхаарал татаж байлаа. Мөн чөлөөт бүсийн хуулиар уг 500 мянган га нь хашаатай байхаас аргагүй гэсэн байр суурьтай хүн ч цөөнгүй байв. Харамсалтай нь энэ уулзалтанд Аж үйлдвэрийн яамны төлөөлөл ирсэнгүй. Хэрвээ ирсэн бол чөлөөт бүсийн дэг журамд 500 мянган га нь хэрхэн нийцэх, Р.Бурмаа сайдын хэлээд байгаа шиг 500 мянган га-гаар чөлөөт бүс гэж тогтоочихоод 26 мянган га-д нь хашаа татвал 75 дугаар тогтоолынх нь үзэл санаатай яаж уялдах зэргийг цэгнэж ярилцах, олон нийт ч илүү бодит мэдээлэлтэй хоцрох байсан болов уу.
Дорнод аймгаас ирсэн иргэн Цэрэндулам, Батжил нар "Халх голынхон 75 дугаар тогтоол гарсанд эмзэглэж байна. Ийм шийдвэр гаргахад иргэд бид оролцож чадаагүй. Өнөөдөр тэнд амьдарч байгаа 3000 орчим иргэний эрх ашиг хөндөгдөж байна. Малчид бид Халх гол, Буйр нуураас малаа усалдаг. Талийгаачдын маань шарил ч бий. Гэтэл тэр газарт маань чөлөөт бүс нэртэй хорио цээрийн дэглэм бүхий амбан захирагчийн мэдлийн бүс бий болох юм байна. Бид зүүн хилээ тушаалгүйгээр сайн дураар хэдэн үеэрээ манаж ирсэн ард түмэн. Иймээс чөлөөт бүсийн тогтоолоо цуцалж өгөөч гэж байна” гэсэн юм.
Угаас бүтэл муутай үйлийг "мордохын хазгай” хэмээн манай монголчууд хэлцдэг. Тэгвэл нэг иймэрхүү дүр төрхтэй уулзалт ярицлага болоод өнгөрлөө. Байнгын хорооны дарга Су.Батболд нутгийн иргэд, төрийн бүс байгууллагаас 75 дугаар тогтоолоо цуцлахыг шаардаж буйд эгдүүцэж, уулзалтын дэг журмаар гул барин зарим хүмүүс рүү нэлээд хатуу ширүүн дайралт хийсэн нь дээхэн үеийн захиргаадалтын дэглэмийг санагдуулж байв. Мань хүн өмгөөлөгч Г.Батбаярын "Энэ чөлөөт бүсийг нутгийн иргэд 100 хувь эсэргүүцэж байгаа. Мах экспортлох, хууль бусаар аваад байгаа компанийн эздийн газрыг баталгаажуулах, мэргэжлийн хяналтанынхан нь ч тодорхойлж чадахгүй шинэ технологи дээр ажиллах тухай хэлэлцүүлэг болж байна. Бид УИХ-ын 75 дугаар тогтоолын талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Та нар хууль бусаар газар авсан нөхдийнхөө жагсаалтыг танилцуулах хэрэгтэй. Хэн, яаж газар авсан юм, шударга бус байж болохгүй. Технологийн горимоо ил болго” гэхэд бүр ч дургүй нь хүрэв бололтой, түүн рүү "Чи тэр шүүх хуралдаа очиж өмгөөллөө хий” гэх мэтээр үгийг нь тасалж байв.
Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар энэ үеэр "Чөлөөт бүсийн тотоол батлагдахаас өмнө иргэдээс санал асуугаагүй. Төрийнхөн шийдвэр гаргахдаа маш хариуцлагагүй хандсан байна. Улсын баяр наадамтай давхцуулан иргэдийн эрх ашигт харшилсан иймэрхүү шийдвэр гаргадаг боллоо. Ер нь түүхээс харахад манай төр, нийгмийн олон зүтгэлтэн баяр наадмын өдрүүдээр хилс хэрэгт баривчлагдаж цаазлагдсан байдаг. "Халх гол” чөлөөт бүсийн тогтоолын төсөлд яам, агентлагуудаас санал авсан юм уу. Өнөөдөр тогтоол нэгэнт батлагдаад хэрэгжих шатандаа явж байхад хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж байгаа нь будилсан асуудлаа төр эргэн харж шийдэхэд ач тустай зүйл болж байх шиг байна. Дорнод аймгийн нутгийн зөвлөл, өмгөөлөгч, хуульчидтай хамтран уг тогтоол нь Үндсэн хуульд нийцээгүй, олон хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын даргад хандсан. Хариу өгөөгүй байгаа. Өнөөдрийн энд та бид уулзалт ярилцлага хийж байх хооронд Халх гол суманд УИХ-ын зарим гишүүд ажиллаж хаа сайгүй тархи угаах маягтай юм болж байна. УИХ-ын 75 дугаар тогтоол бол удаан насгүй тогтоол гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа юм. Чөлөөт бүсийнхээ ТЭЗҮ-г гаргаагүй байж тогтоол баталсан нь буруу алхам болсон. Иймээс иргэдийн дунд элдэв хардлага төрж байгаа. Иргэд хардах эрхтэй. Нээлттэй засаглал байгаа бол урьдаас яагаад иргэдээрээ хэлэлцүүлж, саналыг нь сонсож болоогүй юм бэ” гэлээ. Дараа нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Алтанбулаг, Замын-Үүд зэрэг үр дүн муутай чөлөөт бүсүүдтэй болоод удаж байгаа. Би хурал дээр энэ тухай тодорхой ярьж байсан, эхлээд эдгээр бүсүүдийнхээ үр дүнг тооцчихоод Халх гол руугаа орооч гэж. Сайд нь харин хайгуулын лицензээр Халх голын газрыг алдах нь гэж хүмүүсийг сэнхрүүлж байлаа. Баярын үеэр гол чухал хууль, тогтоолоо батлуулдаг уламжлал тогтож, ийм зарчим үйлчилдэг болсон. Халх гол чөлөөт бүсийг орон нутгийн иргэд эсэргүүцэж байна. Тэд энэ тогтоолын талаар огт сонсоогүй нь тодорхой байна. Ихээхэн төвөгтэй байдал үүслээ. Иймээс тогтоолыг эргэж харж үзэх ёстой. УИХ шийдвэрээ хүчингүй болгож болно шүү дээ” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд харин Су.Батболд дээрх саналуудын заримыг дэмжиж байгаа нь илт байлаа. Тэрбээр "УИХ тухайн үед хурдан шуурхай хандсан тал бий. Асуудлыг хөндөж ярих байх. Үндсэн хуулийн цэцэд асуудал очсон бол цэц авч үзэх биз. Би тогтоолын төслийн талаар анх хамгийн их шүүмжилж байсан. Энэ тогтоолыг одоо эсэргүүцээд байгаа нөхдийн ард ямар хүмүүс байгааг ч харж байна. Иргэдийн санаа оноог дахиж сайтар сонсох нь зөв юм. Чөлөөт бүсийн хуультай зөрчилдсөн юм ч байгаа байх. УИХ буруу шийдвэр гаргасан бол Засгийн газар асуудлыг дахиж нягтлан хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй” гэв.
Хэл ам хэрүүл шуугианд хүргэсэн "Халх гол” чөлөөт бүсийн асуудал нь Дорнод аймгийн Засаг дарга асан Жанлавын үеэс эхтэй аж. Тухайн үед 100 мянган га, 30 мянган га гэж яригдаж байсан ч Халх гол сумын иргэд төдийлөн мэдэхгүй, учрыг сайтар ойлгоогүй явжээ. Тэр үеийн удирдлагууд нь иргэдээ үл тоомсорлон цөөн хүний ирээдүйн олз ашигт нийцүүлэхийг хичээж байсан биз. Харин одоо иргэд нь өөрсдийн оролцоог мэдэрч, хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж, УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүсч байна.
Эцэст нь дурьдахад, дэлхийн улс орнууд хилийн бүстээ бага хэмжээний газар нутгийг чөлөөт бүс хэлбэрээр ашигладаг. Гэхдээ манайх шиг 500 мянган га-гаар нь онцгой дэглэмтэй чөлөөт бүс байгуулж гадныханд найр тавьдаггүй. Ялангуяа ХАА-н үйлдвэрлэлийг чөлөөт бүсийн дэглэмээр хөгжүүлсэн улс орон байдаггүй. НҮБ-ын дэргэдэх Хүнс хөдөө аж ахуйн байгууллага FAO -аас хүлээн зөвшөөрсөн "Certified organic agricultural area” буюу "Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс” гэсэн нэршлийг дэлхийн 100 гаруй улсад хэрэглэдэг юм билээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар Халх голын сав газарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргахдаа Чөлөөт бүсийн хуулиар онцгой дэглэм тогтоон мөрдүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөх төсөл санаачлаад байгаа аж. Уг тогтоолын төслийг нь хэд хэдэн гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ. Х.Болорчулууны хувьд УИХ-ын 75 дугаар тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед буюу энэ оны 6 дугаар сарын 26-ны хуралдаанд "Би энэ тогтоолын төслийг дэмжиж байна” гэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан байлаа. Долдугаар сарын 9-нд харин Х.Болорчулууны хамтран зүтгэгч, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг эцэслэн батлах үед "Чөлөөт бүс бол ашигтай байдаг” гэсэн зүйл ярьж дэмжлэг авсан юм. Гэвч сүүлдээ нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулж эхэлмэгц тэд тэрхүү чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолыг цуцлуулж, Халх голд ердийн, өөр нөхцөлтэйгөөр асуудлыг шийдвэрлүүлэхээр зүтгэх болжээ.
Б.Отгонбаяр