Мөрдөх албыг АТГ-аас салгах хуулийн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэх байв. Гэтэл энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж шийдүүлэх ёстой гэсэн учир хойшлууллаа. Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ талаар яаран мэдээлэл хийж, "...УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч болохгүй. Товчхондоо бол УИХ-ын гишүүн хууль санаачлах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ. Төрийн байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацдаг болсон байна. Би АТГ-ын зуултад орсон” гэж мэдэгдэв. АТГ-аас энэ хэд хоногт энэ хуулийг байдаг чадлаараа эсэргүүцсэн. АТГ-ын дарга Н.Ганболд "АТГ цаашид ажиллах чадваргүй боллоо” хэмээн гашуудлын өнгө аястай мэдэгдлийг хүртэл хийсэн юм.Юутай ч УИХ-ын гишүүдийн олонх дэмжээд явуулчих шинжтэй болоод байсан "Н.Алтанхуягийн хууль” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн "зөвлөмж”-өөр нэг удаа бүдэрлээ. Үнэндээ энэ хуулийг анх өргөн барьснаас эхлээд л АТГ ба Н.Алтанхуяг гэсэн эсрэгцэл харагдсан. Өөрөөр хэлбэл, бие биедээ "хадны мангаа” болсон хоёр субъектийн зөрчил байв.
Н.Алтанхуягт АТГ-ыг "нэг нүдээр харахгүй” байх олон шалтаг бий. Ахлах зөвлөхийг нь барьж хориод, араас нь охиныг нь хүртэл элдэв хэрэгтэй хутгаж, олон нийтэд мэдээлсэн. Мөн хүргэн Г.Дэнзэнг нь тэргүүн зэргийн авлигач болтол цол гуншинтай болгож орхисон. Энэ өнцгөөс нь харвал АТГ эрхэм гишүүнийг Ерөнхий сайд байхаас нь л улыг нь шагайж эхэлсэн гэж харагдана.
Тэрээр өчигдөр "...Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна. Төрийг УИХ барьж байна уу, эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ?
Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй. Миний УИХ-ын гишүүний барьдаг зарчим бол "Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”. Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр болгон дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй. Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ, хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна. Монголд дахиж том хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон.
Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа.
Энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нийгэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй. Авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдах, бизнес эрхэлж байгаа хэдэн хүнийг шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булаан авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Үүнийг би Ерөнхий сайд байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн. Би хэлэх үгээ хэлнэ, хийхээ хэлнэ” гэлээ. Н.Алтанхуягийн хэлж байгаа үнээн. АТГ бол өөрийхөө бус улстөрчдийн толгойгоор ажилладгийг хэн хүнгүй л хэлдэг. Бас мэддэг. Хэн нэг улстөрч, эсвэл бизнесмэнийг намнахдаа эхэнд нь хэвлэлээр баахан гөвнө. Дараа нь өөрсдөө мэдээлэл хийнэ. Тэгээд л тэр этгээдийг бариад хорьчихно. Ёстой нэг ясыг нь цайлгана даа. Эцэст нь улстөрийн эвлэрэл эсвэл ямар нэг тохироонд хүрч чадвал нөгөө этгээд суллагдана. Харин эцэст нь мань этгээдийн карьер, эрүүл мэнд дахин сэргэх аргагүйгээр унасан байдаг. Ийм технологи мөн ч олон удаа хэрэгжсэн дээ. Ерөөсөө л АТГ улстөрийн захиалгаар ажилласаар ирсэн. Өнөөдөр хуулийн заазуурт өртөх шахаж, "Цаашид ажиллах боломжгүй” болтлоо дарлуулж байгаа нь мөнөөх л улстөрийн захиалга гэвэл болно.
Нөгөө талаас Н.Алтанхуяг энэ хуулийг эрхэм гишүүнийхээ хувьд санаачилсан уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж, үгүй. Ахлах зөвлөхийг нь, охиныг нь, хүргэнийг нь шалгаж, хувийнх нь компанийг хүртэл "айлгаад” авсан АТГ-т хонзон санах үндэслэл түүнд хангалттай бий. Ингэхэд энэ эрхэм Мөрдөх албыг АТГ-т шилжүүлж байхад хаана байсан юм бэ? 2014 оны нэгдүгээр сарын 24-ний чуулганаар хуулийг нь баталсан байдаг. Тэр үед яагаад ч билээ, ямар ч байсан хориглож чадаагүй гэсэн тайлбарыг өгсөн байна лээ. Танхимынхаа сайдын санаачилсан хуулийн төсөлд тэр яаж л бол яаж хаалт тавьж чадах л байсан. Учир нь Н.Алтанхуяг тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд, бас УИХ-ын гишүүн, АН-ын дарга байсан. Өнөөдөр сөрж байгаа асуудлаа тэр үед нам дарах хангалттай чадалтай байсан. Жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг АТГ-ынхан аваачаад хорьж байхад Н.Алтанхуяг энэ үгээ хэлж, ийм хууль санаачилж болох л байсан шүү дээ.
Монголд улстөрөөс ангид төрийн байгууллага гэж байхгүй. Гэхдээ улстөржүүлж болохгүй байгууллага гэж байх ёстой. Түүний нэгт АТГ заавал багтах ёстой. Гэвч АТГ түүхэн цаг хугацаандаа эрх мэдэлтнүүдийн захиалгаар өрсөлдөгчийг нь намнадаг "бороохой” болж ирсний гор бол энэ. АТГ хууль хэрэглэдэг. Хуулийн зүйл заалтаар баривчилж, хорьдог. Харин яаж хэрэглэх нь эрх барьж буй хэн нэгэнд таалагдахгүй бол ямар хариу ирэхийг өнөөдөр харлаа. Өгсөн, бас буцаагаад авч болно гэдгийг...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих