Дашбалжирын Бямбажав нь 1918 бнд Архангай аймаг Цэцэрлэг сумын нутаг "Онгоцот” хэмээх газар мэндэлжээ. Тайж гаралтай, удам дамжсан анчин. 16 настайгаасаа эхлэн аавыхаа цахиур бууг үүрч ан агнаж, жин тээж явсан. Сумын нарийн бичгийн дарга Ц.Санжжаваар бичиг үсэг заалгаж, тухайн үедээ нутагтаа бичиг үсэг мэддэг цөөхөн хүний нэг байсан учраас 19 настайдаа III багийн дарга болсон байна.
1940 оны 4 дүгээр сард ардын цэргийн албанд тэнцэж, Дорнод аймгийн
Матад суманд хошууч генерал Д.Самдангэлэгийн командалж байсан VIII
дивизийн ахмад н.Янжив даргатай 34 дүгээр морьт хороонд цэргийн алба
хаажээ.1941 онд Улаанбаатар хотод бага даргын сургуульд рот, сумангаараа
ирж суралцан сургуулиа Онц дүнтэй төгсөөд түрүүч цолоор шагнагдсан
байна. Тэрээр 5 жилийн хугацаанд хичээл сургуулалтдаа онцгой анхааран
ажиллаж байсан бөгөөд дээд штаб, командлалаас ирсэн үзлэг шалгалтад удаа
дараалан амжилттай дүн үзүүлж, армийн "Мэргэн буудагч” болж байжээ.
Д.Бямбажавыг цэргээс халагдах үе буюу 1945 оны 8 дугаар сард
Чөлөөлөх дайн эхэлсэн юм. Үнэндээ дэлхийн II дайны сүүлчийн голомтыг
устгахад Монголын ардын армийн дайчдын эр зоригийг сорьсон тулалдаан
Жанчхүүгийн даваанд болсон. Тэдний анги, нэгтгэл Дорноговь аймгийн төв
Сайншанд хотоос 1945 оны 8 дугаар сарын 1-ний өдөр маршаар хөдлөн 3
хоногийн дараа 8 дугаар сарын 4-нд Монгол Улсын дархан хилд тулж ирсэн.
Тэр үед армийн анги нэгтгэлүүд Өвөр монголын ард түмэн болон
Хятадын зарим муж, районыг түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлөх ариун дайнд
орох болсон тухай Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин БНМАУ-ын
маршал Хорлоогийн Чойбалсангийн тушаалыг уншиж сонсгож, анги нэгтгэл,
рот суман, салаа тасаг, байлдагч нэг бүрийг байлдааны бэлэн байдалд
оруулжээ. Тэдний анги МонголУлсын хилээс цааш 700 км зам туулж
Жанчхүүгийн. даваанд очсон бөгөөд тэнд ширүүн байлдааны ажиллагаа болсон
юм.
Жанчхүүгийн даваанд Япон цэргийн хориглолтын тулгуурт байрыг /урт
нь 60 м, өргөн 20 м, 70000 цэргийн багтаамжтай/ бетоноор цутгаж хийсэн
байж. Наад талд нь танк хуягтын давшилтыг зогсоож устгах зорилготой
саад /нүх өргөн 8м, гүн 5м/ бэлтгэжээ.Тэр саадны цаана гол дээр гүдгэр
бөөрөнхий тавцантай бетонон гүүр хийсэн байжээ. Милитарист Япон энэ
тулгуурт байр, бүх саадуудыг 40000 хятад иргэдийн хүчийг ашиглан 5
жилийн турш барьж бэлтгэсэн байна. Манжуурт Квантуны армийн хэдэн зуун
мянган цэргийн бэлтгэл хүч нөөцөнд байсан гэдэг.
Квантуны армийн штабын дарга уг бэхлэлтийг үзээд /хэн ч дийлэшгүй
бэхлэлт. Дайсныг толгой дараалан устгах үхлийн хоолой/ гэж сайрхан
бардамнаж байжээ.Үнэндээ ч бэхлэлтийг их буугаар буудахад нэвтлэхгүй 1
давхар хана л унаж байсан гэдэг. Тэрээр Монгол улсын баатар хурандаа
Дүгэрийн Нянтайсүрэнгийн командалсан мото-механикжуулсан домогт хуягт
бригадын I батальоны I ротын I салааны нэгдүгээр мэргэн буучаар галын
тэргүүн эгнээнд явж, миномёт бууны тасгийн дарга, бууны даргын давхар
үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд ахлах түрүүч цолтойгоор армиин алдар
цуутнуудтаигаа мөр зэрэгцэн Чөлөөлөх дайнд оролцжээ.
1945 оны 8 дугаар сарын 19 ний өдөр Монгол-Зөвлөлтийн дайчид
Жанчхүүгийн давааны бэл өөд нарийн жимээр цуван өгсөж явтал их бууны сум
энд тэндгүй дэлбэрч нижигнэн шороо тоос болсон бөгөөд жагсаалын бүрээ
хангинаж тасаг, салаа, байлдаанд гэсэн байлдааны түргэн дохио өгөгдсөн
байна. Тал талаас суман мөндөр бууж, танкийн саад гатлах гэж явсан
тагнуулын хуягт шатаж, газрын өндөрлөгөөс дайсны шидсэн гранатууд нисэн
ирж дэлбэрч байжээ. Бэхлэлтийн гол чигийг барьж, давшсан мото
механикжуулсан хуягт бригадын өөдөөс дайсан их буу, миномёт,
пулемёт‘танк эсэргүүцэгч буугаар ил далд байрнаас хосолсон гал гэнэт
хүчтэй нээж, зай завсаргүй галлаж эхлэв.
Японы тал өөрийн бэлтгэсэн зарим гүүр гарцаа дэлбэлж устгасан учир
манай давшилт маневарлах үйл ажиллагаанд саад учирч энд тэндгүй холбоо
тасран хүнд байдалд оржээ. Гэвч тэдний анги хориглох, давших хосломол
тактикийг чадамгай хэрэглэснээр дайсны хориглолтын шугамын I эгнээний
амьд хүч болон байлдааны зэвсэг техникийг устгаж чадсан юм. Д.Бямбажав
тулалдааны үеэр
батальоны орлогч ахмад Л.Түвдэн, ротын дарга, ахлах дэслэгч
С.Дамдинжав, салааны дарга дэслэгч Д.Санж нараас байлдааны үүрэг хэд
хэдэн удаа авчээ.
I батальоноос 9 хүн амь эрсдэж,13 хүн шархдсан ч юм. Хүч тэнцвэргүй
энэхүү тулаанд Монгол-Зөвлөлтийн баатарлаг цэрэг эрс олноороо амь
насаа алдсан юм. Ийнхүү эхний өдрийн байлдааны ажиллагаа амжилттай
болсон нь манай армийн ялалт байгуулах баталгаа болж өгсөн түүхтэй.
1945 оны 8 дугаар сарын 21 өдрүүдэд мөн л ширүүн тулалдаан болж
өнгөрсөн аж. Далд хараанаас буудах дайсны шуурган гал толгой дээгүүр
сэхээ өгөлгүй исгэрнэ. Ахлах түрүүч Д.Бямбажав нэг газраас гранат
шидэж,нөгөө газраас гал нээнэ.Хурдан хугацаанд олон дахин байраа сольж,
сольсон байран дээр нь дайсны гранат дэлбэрч байх нь түүний зориг
самбаатайг гэрчилнэ.Нэгдүгээр бууны жинхэнэ наводчик мэргэн бууч
Д.Данзанваанчиг хүнд шархдсаны улмаас ротын дарга ахлах дэслэгч
С.Дамдинжав түрүүч Д.Бямбажавт нэгдүгээр бууны жинхэнэ наводчикаар
ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай үүргийг өгсөн.
Нэгдүгээр бууг хүлээж авсны дараа салааны дарга дэслэгч Д.Санж
Японы галлаж буй 3 танк эсэргүүцэгч бууг нэн даруй сөнөөхийг даалгасан
учир тушаал ёсоор дайсны хүнд их бууны 3 цэгийг устгаж ангийн
командлалын баяр талархлыг хүлээж, өөрийн ангийн давших замыг нээжээ.
Тэрээр тулалдааны явцад шуурган галын дундуур дайсны амьд хэлийг /шинэ
мэдээ цуглуулах даалгавартай явсан Японы ахлах дэслэгч цолтой офицер/
С.Дампилын хамт амьдаар нь олзолж ангидаа хүргэсэн байна.Хурандаа
И.С.Дрожинскийн командалсан явган хороо 8 дугаар сарын 22- нд ирж
нэгдэв. Маневрын зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 8 дугаар сарын 22-ны
шөнийн 22 цагаас эхлэн Японы цэргийн гүн хориглолтын /тулгуурт байр/-г
устгахаар нэгдсэн гал нээсэн юм.
Энд японы цэрэг зэвсгийн гол хүч байсан бөгөөд Монгол-Зөвлөлтийн
армийн ангиудын нэгдсэн хүч 2 цаг гаруй галын бэлтгэл хийсний дараа
давшилтанд орж дайсны дөчин мянган орчим амьд хүч цэрэг дарга нарыг
хиар цохин устгасан байна. 1945 оны Чөлөөлөх дайн ялалтын баяраар
маршал Х.Чойбалсан тэдний анги нэгтгэл дээр өөрийн биеэр очиж нийт
дайчид бие бүрэлдэхүүнд баяр хүргэж байжээ. Тухайн үед ахлах түрүүч
Д.Бямбажавт "Байлдааны гавьяаны улаан тугийн одон. ”Бид ялав” медалийг
маршал Х.Чойбалсан өөрийн гараар өгч байжээ.
1945 он бол хүн бүрийн урам зориг бадарсан ялж дийлэх, бүтээн
байгуулах үйлсийн жил, олон орны ард түмэнд эрх чөлөө аз жаргал
авчирсан жил байсныг хүн бүхэн мэдэх билээ
Эх сурвалж : "Соёмбо” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11417
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих