Он тооллын цагалбарын хуучин он улирч, шинэ он гарч буйг тэмдэглэх баяр бол шинэ жил билээ. Энэ ч үүднээс "Дэлхийн шилдэг гэрэл зураг” буландаа шинэ жилийн баярын холбогдолтой гэрэл зургийг уншигчиддаа сонирхуулахаар бэлдлээ.
Энэ зураг нийгэмд буй аливаа нэг асуудлыг хөндөж, томоохон гэрэл зургийн тэмцээн уралдаанд оролцоогүй ч, өнгөрөгч оны шинэ жилийн холбогдолтой хамгийн алдартай гэрэл зургийн жагсаалтад багтсан юм. Шинэ жилийн баярыг дэлхийн улс бүрт адил тэмдэглээд байдаггүй ч, ихэнхи улс орнууд нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг аж. Тэдгээр улсуудын нэг нь Бразил. "Getty Images” сайтын гэрэл зурагчин Марио Тама Бразилын Рио де Жанейро хотноо орших Копакабанагийн далайн эргээс энэхүү зургийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр яг он солигдох мөчид авчээ.
Далайн эргийн орчимд он солигдох шөнө дундын үед усанд дураараа хөвөн баярлах залуу хийгээд, шинэ он гарлаа гэсэн дохиог орон нутаг даяар зарлах салютны өнгө өнгийн гэрлийг Марио Тама дурандаа ийн буулгажээ. Жил бүрийн он солигдох мөчид энд сая сая хүмүүс гэр бүл найз нөхдийнхөө хамт хуран цуглардаг аж. Харин тэдний нэгэн төлөөлөл нь энэ. Эл өдөр Копакабанагийн эрэгт хоёр сая орчим хүн цугласан байсан гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13449
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих