
АН-ын ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан өчигдөр 17:00 цагаас Төрийн ордны Их танхимд болох байсан. Уг нь ҮЗХ 228 гишүүнтэй бгөөд энэ удаагийн хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхлэх болон намын дүрэм, сонгуулийн хуультай уялдуулан дотоод дүрмээ шинэчилж, нэр дэвшигчээ тодорхой болгох асуудлыг хэлэлцэх байв.
Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд АН-ын ҮЗХ-ны хуралдаа хоцросхийгээд
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хамт очиход
нь Их танхимд "Шонхор” фракцийн голдуу 30 орчим гишүүн л хүлээж байсан
аж. З.Энхболдын хувьд АН-ын даргын ажлаа авснаас хойшхи ҮЗХ-ны анхны
хурал учраас мэдээж тодорхой хэмжээгээр ач холбогдол өгч байсан нь
мэдээж. Гэтэл багахан хоцорч очоод фракцийнхнаас нь өөр гишүүн
байгаагүйд жаахан эвгүйцжээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэгчээр мань дарга
гишүүдээ 30-аад минут хүлээсэн ч таг чиг. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-ны
хуралдааныг тодорхой хугацаа заалгүйгээр хойшлуулахаар болсон байна.
АН-ынхан даргынхаа анхны хуралд ийн идэвхгүй хандаж байгаа нь түүнийг
хэр үнэлж буйгаа харуулж буй бололтой. Уг нь парламентын ширээний ард
бол З.Энхболд УИХ-ын даргын зангаргаа гайгүй сайн харуулдаг нэгэн.
Харамсалтай нь ард нь "асаалттай танк” мэт байх ёстой намынхныхаа хувьд
тийм ч үнэлгээ өндөртэй байж чадахгүй байгаа нь энэ удаагийн хурлын ирц
болоод бусад фракцийнхны үйлдлээс илэрхий харагдлаа.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын
төсөлд МАН-ын гишүүд гарын үсэг зурсан нь АН-ынхны хувьд хүндхэн цохилт
болж, дараагийн алхмаа ҮЗХ-ны хуралд дэлгэрэнгүй тавьж, хэлэлцэх бус
парламентын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэх. Өөрөөр хэлбэл,
"Шонхор”-оос бусад фракцийн гишүүдийн анхаарал Засгийн газрын тэргүүнийг
хэрхэх вэ, нам яах вэ, улсын хэрэг балрах вий гэдэгт чиглэсэн гэсэн үг.
Тэр ч бүү хэл МҮДН-ынхан л гэхэд Их танхимыг зүглэх байтугай Төрийн
ордонд чимээгүйхэн үгсчихээд, гарч одоцгоосон гэнэ.
Уг нь энэ удаагийн хурлыг хийхдээ "Шонхор”-ынхон АН доторх хүч, эрх
мэдлээ зузаатгаж, одоогийн генсекээ жинхлэх нь хамгийн чухал асуудал гэж
үзэж байжээ. Харамсалтай нь ҮЗХ-ны гишүүд даргыгаа үл тоогоод
зогсохгүй, Ерөнхий нарийн бичгийн даргынүүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг ч
жинхлэх сонирхолгүй яваагаа үг бус үйлдлээрээ харуулав. УИХ-ын
сонгуультай жилд өнөөгийн генсек намынхаа гишүүдийг төдийлэн сайн
удирдаж орох чадамжгүй гэдгийг олон нийтийн цахим сүлжээгээр ч
илэрхийлж, IQ муутай генсек гэх болжээ. Өөрөөр хэлбэл парламентын
танхимд эрх баригч хэмээн цээжээ дэлдэж, аливааг хүчээр шийддэг АН-ынхан
цагаа тулахаар үзэл бодлоо хамгаалахын тулд хэнд ч захирагдахгүй хөсөр
хаяж чаддаг бололтой. Юутай ч гишүүддээ үнэлэгдэж чадаагүй дарга, генсек
хоёр дараагийн удаа ҮЗХ-ны хурлаа хэзээ зарлах нь тодорхойгүй үлдлээ.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих