Сонгуулийн нэгдсэн хуулиа санал нэгтэйгээр баталсан АН, МАН-ынхан дахиад л зөрчилдөж эхэллээ. Шалтгаан нь сонгуулийн тойрог байгуулж, мандатын хуваарилалтаа хийх тухай. Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс сонгуулийн санал авах өдөр, тойрог, мандатын хуваарилалтыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байв.
УИХ-ын 76 эрхмийн 28 нь намын жагсаалтаар 48 нь тойргоос сонгогдох юм. Энэ нь өмнөх 2012 оны УИХ-ын сонгууль явагдсантай адил тогтолцоо. Гэхдээ энэ удаад мандатыг хуваарилалт дээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж АН үзжээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн мандатын тоог тогтоох тухай заасан байна. Ингэснээр нийслэлийн мандатын тоог нэмж, 21 болгох саналыг оруулахаар зүтгэж байгаа аж. 2012 оны сонгуулиар нийслэл 14 мандаттай байсан юм.
Өнөөдөр нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрсэн. Энэ нь манай улсын хүн амын тал. Цаашлаад хөдөө орон нутгаас нийслэлд түр суурьшин ирж очин байдаг иргэдийн тоог нэмэхэд 1.8 сая хүрнэ гэсэн албан бус тоо байдаг аж. Тиймээс УИХ-ын 76 мандатын 40 гаруй хувийг нийслэлд хуваарилах шаардлагатай гэж эрх баригчид үзжээ.
Асуудлыг ийнхүү шийдсэнээр Архангай, Баянхонгор, Дорнод, Завхан, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгуудын сонгогчдыг төлөөлөх УИХ-ын гишүүдийг тус бүр нэг болгож цөөрүүлэх юм байна. Манай аймаг 2012 оныг хүртэл парламентад гурван гишүүний төлөөлөлтөй байсан. Тэгвэл 2016 оноос парламентад ганцхан мандаттай болж мэдэхээр байна.
Гэхдээ энэ асуудлыг МАН болон бие даагчид эсэргүүцэж буй. Тэд хөдөө орон нутгаас төрд төлөөлөх хүний тоог бууруулбал хот руу зорих их нүүдлийн цувааг улам нэмэгдүүлнэ. Мөн орон нутагт хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр буурна. Хөдөө орон нутгийн амьдрал мэдэхгүй цагаан захтнууд ихсэнэ хэмээн мэдэгдэж байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих