Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр өвөрмөц, хачирхалтай захирамж гаргадгаараа алдартай нэгэн. Өмнө нь тэрээр Хэрлэн сумын бүх багш нарт дүрэмт хувцас өмсүүлэхээс эхлээд хүүхэд бүрт өдөрт нэг удаа бөднө шувууны өндөг идүүлэх, шинээр гэр бүл бологчдод гэрээ байгуулахгүй бол гэрлэлтийг нь батлахгүй байх талаар үүрэг чиглэл өгч байв. Гэрлэлтийн хоригийг Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн шаардлагын дагуу аймгийн засаг дарга хүчингүй болгож байсан. Тэгвэл хүүхдийн эрхийг зөрчсөн гэж үзэж болохуйц бас нэгэн захирамж нь энэ долоо хоногоос мөрдөгдөж эхэлсэн байна.
Хэрлэн сумын засаг дарга өнгөрсөн оны 9-р сарын 21-ний өдөр ЕБС-иудын захирлуудад үүрэг чиглэл өгөх тухай А-288 тоот захирамж гаргажээ. Энэхүү захирамжид, Сумын ЕБС-иудын 9,12-р ангийн суралцагчдыг элсэлтийн болон төгсөлийн шалгалтад бэлтгэх нөхцөл бололцоогоор хангах, үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2016 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн урлаг, спортын тэмцээн уралдаан, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулахгүй байхыг сургуулийн удирдлагуудад үүрэг болгосон аж.
Төгсөх ангийн суралцагчид тэмцээн, уралдаанд оролцвол цаг зав багасдаг тал бий. Гэвч Уулаа даргын дээрх захирамж хүүхдийн сурч хөгжих эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байна.
Аймгийн БСГ-аас баталсан 2015-2016 оны хичээлийн жилд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ оны 4-6-р сард Үндэсний бичиг үсгийн баяр, Авъяас хөтөлбөрийн тайлан, Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах спортын тэмцээнүүд зарлагджээ. Үүнээс гадна улс, бүс нутгийн спортын тэмцээн, арга хэмжээнүүд, их дээд сургуулийн элсэлтийн урилгаар шагнах болзолтой төрөл бүрийн уралдаан тэмцээнд Дорнод аймгаа төлөөлөн оролцох төгсөх ангийн суралцагчид цөөнгүй бий. Тэгвэл тэд Хотын захирагчийн захирамжийн дагуу дээрх бүхий л арга хэмжээнд оролцож, авъяас билгээ сорих эрхгүй болжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих