1945 онд Зөвлөлтөд суралцалцаж байсан Тарвийн Мөнх-Осор гуайн дурсамж ярианаас
1945 онд эх орны дайн дуусаж байсан үед Монголоос ЗХУ-д малын их эмч мэргэжлээр хоёулаа суралцдаг байсан юм. Нэг өдөр Зөвлөлтийн хоёр офицер ирж, "Манай адууны хашаанд (конешконд) танай Монголын шархадсан хоёр морь фронтоос ирсэн юм.
Бид эмчилж тордох гэсэн боловч хазаж хайраад хавьтуулахгүй юм. Ядахдаа ус ууж, өвс иддэггүй. Ингэсээр байгаад эмчилгээ ч хийлгэлгүй үхэх нь шиг байна. Та нар монгол хүмүүс байна, очиж туслах арга юу байна. Уг нь Германы фашистийг үүрэнд нь устгахад их үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан ачтай морьд гэсэн. Үхүүлж болохгүй гэж дарга нар үүрэг өгсөн болохоор бид арга ядаад та нарын сургийг гаргаж ирлээ” гзж арга нь барагдсан байдалтай үнэнээ ярив. Тэдний гуйлтын дагуу очтол хашаан дотор шархтай морьд байна. Том биетэй томскнууцаас нэлээд зайтай хоёр жижиг биегэй морь уяатай байсан нь бусдаасаа аль ч талаар ялгарна.
Офицерийн нэг "За энэ дээ. Танай монгол морьд чёрт возмий” гзж хэлээд уурсангуйгаар шал руу нулимав. "Бид энэ хоёрыг яаж ч чадаагүй юм, та нар ч ёстой горьдсоны гарз байлгүй” гэх өнгө нүүрэнд нь бичээстэй дооглонгуй инээмсэглэл тодорч байсан.
Хэдэн орос цэрэг наана нь зогсчихсон модны үзүүрт хувинтай ус өлгөж, холоос гэтсээр дөхүүлж өгч байв. Нөгөө орос цэргийг жаахан ойртох гэхлээр чихээ хулмайлган хазаж хайрах гэнэ. Цементэн шал гал маналзтал тангарна. Биднийг дагуулж ирсэн хоёр орос офицер, "За ингээд байгаа юм даа” гэсэн шиг харж толгой сэгсэрнэ.
Хоёр морь минь ясан дээр тохсон арьс л гэсэн үг. Аргагүй л монгол морь минь мөн нь мөн. Бие нь сум бөмбөгний хэлтэрхийд өм цөм цохиулж, хэгзрэн, зулгарч цус шүүрсэн байв.
Монгол хүн чинь хүний нутагт ийм болсон морио хараад зүрх шимширч өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Намайг нүүрээ даран уйлахад оросууд хараад гайхаж байх шиг байсан. Арга ч үгүй юм уу даа, дайны талбарт олон сайхан нөхдөө алдаад нулимс нь ширгэж хатуужчихсан улс ийм юманд уярч өрөвдөнө гэж ч юу байх билээ.
Би хар бага наснаасаа адуу мал дээр өссөн болохоор бас дөртэй. Тэгээд тэр хоёр руу ойртох гэтэл санасны гарз. Нөгөө л аяг аашаа гаргаж байх юм. Шархнаасаа болж ингэж адгуусны ааш эвдэрснийг юу гэлтэй билээ. Би холоос мярайгаад нэг рүү нь дөхлөө. Нэлээд ойртон очтол хазах гээд арагш эргэн чихээ хулмайлган ухасхийж байна. Өөрөө ч бараг мэдэлгүй "Хайя” гээд чанга хэд хэд хашгирч орхилоо.
Тэгтэл нөгөө хазах гээд чихээ хулмайлгаад байсан морь чинь толгойгоо өргөн намайг гайхсан байдалтай харж байна. Би ч тэр үед зай өгөлгүй "Хайя, хайя, гурий гурий” гээд дөхөөд байлаа. Хөөрхий морин эрдэнийн маань хоёр чих нь солбиод зөөлөн үүрсэх нь тэр. Би аажуухан дөхсөөр байв. Ингэсээр алхам алхмаар ойртож, цээж, хүзүүнд нь хүрэв. "Хайя, хайя” гэсээр толгойнд нь гараа хүргэж, зөөлөн илж маажлахад яасан ч үгүй. Тэрүүхэндээ зөөлөн үүрсэх аядаж, намайг хүзүү сунган үнэрлэж байна. Ухаант адгуус маань монгол эзнээ танив бололтой, бас зөөлөн үүрсэн бүр сэтгэлийг минь уярааж орхив.
Тэртээд зогсч байсан орос офицер, цэргүүд мэл гайхсан байсан. Тэгээд гэнэт сэхээ авав бололтой инээлдэн "Молодец, хорошо” гэлцэн алга ташиж байна. Миний сэтгэл хөөрч бас л нулимс асгараад ирэв. Нөгөө нөхөр минь хэзээний тэсэж чадалгүй нулимсаа арчиж зогсоно. Үүнээс хойш бид хоёр орос нөхдийнхөө хамт эргэн тойрч, эмчилгээ хийлгэн тэнхрүүлсэн дээ. Ээ дээ, морь ч ёстой ухаантай адгуус шүү гэж ярьж билээ.
Эх сурвалж: "Монгол морьдын үлгэр домог” номоос

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих