Бид сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбынхаа тухай хэр сайн мэдэх билээ? Социализмын үед бид тухайн нийгмийн үзэл суртал шингэсэн үнэн худал нь эс ялгагдах цуу яриаг сонсож өссөн. Тэгвэл орчин цагийн залуус сүүлчийн хаанаа өөр өнцгөөс харахыг хүсч байна. Энэ зорилгоор Нийслэл guide Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иштэй хамтран Богд хааны нэгэн өдрийн тэмдэглэл бичгийг бүтээлээ.
НААДМЫН ӨГЛӨӨ
Олноо өргөгдсөний II он. Дэлгэр Монгол оронд зуны сүүл сар гарч, өнгийн цэцэгс дэнж алаглан найгаж, хүн малын зоо тэнийм сайхан цаг дор эдүгээ Их хүрээнд долоо хошуу Бат-Оршил өргөх, наадам үйлдэх өдөр тохиож байна. Талын монголчуудын тансаг торгон хувцас наадмын эрээн асар, гоёмсог чимэглэлт ноёдын сүйх, жууз, морь мал багшрах нь эгээ л өнгө өнгийн цэцэгс алаглах мэт нүд булаам аж. Монголчуудын үндэсний хувцас сүрлэг агаад тансаг, үлгэрийн гэмээр аяс бүрдүүлсэн нь магад дэлхий ертөнцийн хамгийн гойд нэгэн диваажин энд бүрдсэн мэт хэн хүний сэтгэлийг татан догдлуулам. Эрт цагаасаа л монголчууд ийм тансаг баян, сүрлэг, ялгуусан төрхөө хадгалж ирсэн мэт сэтгэгдэл ухаан бодлыг эрхгүй эзэмдэв. Чингис хааны байгуулсан их гүрэн өнөөг хүртэл сүр хүчин төгс уламжилж ирсэн мэт агаад Чин гүрний дарлал мөлжлөг энэ орныг дайрч гарсны сүүдэр ч үл бүртэлзэх нь хурсан олны хөл хөөр энэ бүхнийг илтгэх авай.
Дэлхий даяарын нэгэн шинэ улс болон төвхнөж буй Монгол яг үнэндээ бол идэрмэг хүчирхэгийн туйлд хүрсэн догшин барс алгуур хүч тамир нь барагдан барагдсаар гүн нойрноо автаад эргэн сэрж буй нь энэ. Олон монголчууд төр улсаа төвхнүүлж тусгаар тогтнолоо зарлаж амьд бурхан хэмээн тахин шүтэх Богд Жавзандамба хутагтаа Олноо өргөгдсөн их хааны сэнтийд өргөн залсан үйл явдал саяхан боловч төрийн ёслол хүндэтгэл өнөө нэгэнт батжин тогтсон нь эл нийтийн том баяр цэнгэлээс илэрхий үзэгдэнэ. Хэдийвээр шинэ тулгар болоод гадаад дотоодын олон чухал асуудал төдийлөн цэгцэрч амжаагүй ч нийт монголчуудын итгэл сүсэг төгс буй нь өнөөдрийн эл явдлаас бэлхнээ харагдах аж.
Эл өдрүүдэд Хүрээ олны хөлд илүүтэй дарагдаж хар, шар, гадаад зүсэн зүйлийн хүмүүс холхилдох ба зүүн хүрээний голд Богд хааны Төрийн Шар ордны урд тусгайлан бэлтгэсэн талбайд элдэв янзын асар майхан алаглах бөгөөд хойморт сүглийх хааны шар асар юу юунаас илүү нүдэнд тусах ажээ. Зуны дэлгэр цагт хаан, хатан хоёр Өндгөн сүргийн бэлчээр дэх Хайстай лавиран хэмээх Улаан ордноо голлон суух ба тэндээс тун удахгүй хаан, хатан нарыг залах сүрт ёслол эхэлнэ.
ХААНЫ ЗУНЫ ӨРГӨӨ
Хайстай лавиран хэмээх зуны гойд сайхан ордонг Богд хаан ширээнд суухаасаа 10- аад жилийн өмнөөс тордон тохижуулж, улмаар зусланд суудаг болсон энэ ордон бол хаан, эх дагины хамт суух бусад ордноос ихээхэн өвөрмөц, бас нэлээд иргэний шинжтэй тансаг орд юм. Хааны бусад орднуудын адилаар энд ч бас нэгэн өнгө зонхилох ба бүх зүйл нь улаан өнгө давамгайлдаг тул Улаан ордон хэмээх болжээ. Хааны эл ордонд төрийн үйл хэрэг хэлэлцдэггүйгээс гадна төдийлөн зочид хүлээн авдаггүй байна. Ордны үүдэнд хааны торгон цэргүүд хэдийнэ жагсаалаа эзлэн ярайтал эгнэжээ. Мөн хаан, хатны залрах гоёмсог шар сүйх тэрэгнүүдийг морьдод хөллөснөөс гадна хааны шадар хиа нар жагсаалын туг, тамганы морьдын чимэглэл сэлтийг нягтлан шалгаж байгаа нь үзсэн хүний цөс хөөрч сэтгэл догдлуулам сүрлэг аж. Дотоод яам тэргүүлэн таван яам, Их хүрээний Эрдэнэ Шанзудбын газрын хүмүүс хааны хөсөг аялахад бэлэн болсныг айлтгахаар ордны зүг яаруухан алхацгаалаа.
Ордны хашаанд тусгай зориулалтын гэр тугдамууд, тэжээвэр амьтдын саравч зэрэг зүйлс харагдана. Богд хааных маш олон өргөмөл хүүхэдтэй ба тэднээс Ламьяа, Ялгуусан лам, Чин бишрэлт лам хэмээх хүүхдүүд гойд дотно халамж дор торнино. Тэд Богд хааныг "Онжоо”, эх дагиныг "Алиа” хэмээн авгайлах бүлгээ. Хааны тэдгээр үрс чамин тансаг үндэсний хувцсаа өмсөн хөл хөөр болон ордны хашаан дотор шуугилдан тоглоно. Явсаар хоёр давхар цагаан байшинд ороход гурван донир тосч аван улаан цэмбэ дэвссэн нарийхан шатаар дээш дагуулан өгсөж хоёрдугаар давхарт хүрлээ. Шатны дагуу болон үүдний өрөөнүүдэд тэжээмэл болон зүсэн зүйлийн амьтдын садга, ваараар урласан ноход болон муур тавьсан харагдана. Шатны тавцан дээр зулын цөгц, бурхан болон шарын шашны эд өлгийн янз бүрийн зүйл өрөөтэй жижгэвтэр гүнгэрваа тавьжээ. Хятад, европ тавилгаар дүүргэж, дорно дахины, гол төлөв хятадын бүтээлүүд ваар сав, хатгамал, гэрэл зураг тавьсан тавиур, шүүгээ, ширээнүүд өрсөн хоёр талаасаа гэрэлтэй багавтар танхимд зочдыг оруулав. Хамгийн наад талд нь бие бялдрын танхимд байдаг шиг хүний биеийн дотоод бүтцийг харуулсан том загвар, бас чоно, барс, матар, сармагчин, зэрэг янз бүрийн амьтны садгууд харагдана. Дуудлага худалдааны танхим, амьд амьтны музей хоёр энд холилдсон мэт байх аж.
Богд хаан энэ өглөө эртлэн дээшилж, ордны цэцэрлэгээр хэсэгхэн саатаад дараа нь эх дагина болон өргөмөл хүүхдүүдийн хамтаар өглөөний зоог гүнцэг барьжээ. Хааны өглөөний цай нь нийтлэг монголчуудын адил зунд хөнгөн цагаан хоол голлоно. Танхимын хойморт зассан сэнтий дээр хаан алтан шаргал хоргой дээлтэй заларч, хажууд нь эх дагина мөн ийм дээлтэй сэнтий дээрээ сууж зочдыг хүлээн авав. Хутагт алтан очиртой таван талт титэм асааж, бараан шил нүдэндээ зүүжээ. Эх дагина хааны нэгэн адил гоёмсог титэм толгой дээрээ тавьсан байв. Албаны улсыг ахлан яваа хүн Богд хаан болон эх дагинад ойртон хадгаа өргөн бариад хаан, хатан нарын амар мэндийг айлтган мэндчилээд тусгайлан зассан алтадмал суудал дээр суулаа. Тэдний яриа дөнгөж эхэлж байхад л эх дагина инээмсэглэн дөхөж ирээд аягатай цай, чихэр өгсөн билээ. Хаан, хатан хоёрын аль аль нь ихэд эелдэг чөлөөтэй байв. Хутагт хэлэх үгээ эрж хайх мэт яриагаа таслан намуухан дуугаар шахмал хоолой гарган ярих аж. Хааны шадар сойвон сэнтийний дэргэд хоёр гараа элгэндээ аван ихэд хүндэтгэлтэй царайтай зогсох бөгөөд эзэн хаанд Төрийн Шар ордонд морилох цаг болсныг дуулгахад тэрбээр хааныг сэнтийгээс түшиж буухад нь туслав. Эх дагина илүү чөлөөтэй, эелдэг зантай байж, инээмсэглэн ёслолын хүрмээ нөмөрч, явахад бэлэн болов. Богд хааныг амьд бурхан гэж үздэг, түүнийг бурхан лугаа адил ид шидийн хүч чадалтай гэж үздэг ард олонд түүний нэр нөлөө асар хүчтэй байсан юм. Богд хааныг ажваас ширүүн төрхтэй өөрийн бат нут үзэл бодолтой хүн шиг харагдаж байлаа. Эх дагина маш ухаантай, бас Богд хаан хараа муутайн улмаас хатан түүнд үлэмж нөлөөлж түшиг тулгуур нь болж байлаа.
БАГА ХӨСГИЙН АЯЛАЛ
Хаан хатан хоёр шадар бараа бологсдынхоо хамт ёслолын сүрт хувцсаа тунаруулан алгуурхан хөдөлж ордноос гарахад хааны шар торгон шүхэр, хатны тогосын өдөн шүхрийг барьсан хиа нар хаан хатан нарын ард цуваанд нэгдлээ. Ордны хашааны үүдэнд хөсөг нэгэнт бэлэн болсон бөгөөд хаан болон хатныг тус тусын сүйхэнд залж цуваа хөдлөхөд бэлтгэв. Эл жагсаалыг таван яамнаас томилсон хүмүүс хариуцах бөгөөд шадар сайдууд сэлэм зүүж өмнө удирдаж, жагсаал захирах түшмэдийг нэр заан гаргаж олон жагсаалыг тэгшлэн жагсаав.
Хөсгийн жагсаалын өмнө этгээдэд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн далбаа, бунд хорол, Гүрмийн туг, дэргэдийн туг, бага туг, их цагаан хиур тэргүүтнийг барьсан хүмүүс хоёр этгээдэд Их шар хийр хошоод, төвд хийр гурваад, барсын сүүл хошоод, хөгжим бишгүүр нэжгээд, жагсаал залах хүн 35, өмнө удирдах элбэрэлт хүлэг морь 4, дайвар хүлэг хошоод, түүний хойноос жагсаалын түшмэл зайсан хүлэгч 12, жагсаал захирах донир 1, сүйх залах хиа лам 16, есөн луут тохигор ишт гар шүхэр 1, шар луут торгон шүхэр 1, тогосын өдөн шүхэр 1, шүхэр өргөх түшмэл лам 6, жагсаал залах түшмэл, зайсан, тайж 10 хүн хоёр хажуугаар нум саадагтай жагсаж, бараа болон бага хөсөг алгуурхан урагшилж Шар ордны зүг дээшилвэй. Бага хөсгийн аялал хэмээх уг сүрт жагсаалыг үзэж сонирхохоор эгэл ард лам нараас эхлээд гадаадын иргэд ч цөм зам дагуу эгнэн жагссан нь бүхэлдээ нэгэн том ёслол болох аж. Сүрт жагсаалын тэргүүнд толгой өндөрт түүчээлэх улсын далбаа алгуурхан намирч зуны өглөөний хурц шаргал нарны шижир туяанд хараа булаан урагшилсаар дунд голын өтгөн ногоон ширгэн дундуур алсарч одлоо.
БАТ-ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ
Бага хөсгийн цуваа олон далбаа намируулан сүрт жагсаалаар Шар ордны зүг дөтлөн ирлээ. Хаан морилох үест ёслолын жагсаал жагсан, хөгжим өргөн их мөргөлийн ёсоор угтав. Сүйх тэрэг ирж зогсонгуут Богд хааны шадар сойвонгууд сүйх тэрэгний гишгүүрээс цогчин дуганы үүд хүртэл урт шар торгон хивс дэлгэн дэвсэв. Дотоодын зэрэг таван яамны сайдууд дөрвөн аймгийн хан, бусад ноёд, лам нар жагсаалыг тосон эгнэхүйд Богд хаан сүйх тэрэгнээсээ бууж, эх дагины гараас хүндэтгэлтэйеэ түшин буулгаад, угтагсадтай хариу мэнд мэдэлцээд цогчин дуганы их танхимыг чиглэн намбалаг алхлаа. Хэдэн бурханы шавь нар гартаа асаалттай зул барин өмнө нь замчлан алхаж, төрийн хэргэмтнүүдийн цуваа ч бас нийлжээ. Богд гэгээн эх дагина хоёул, хоёр алтадмал хааны ба хатны их сэнтийд тухлан залрангуут бүх хүмүүс босч толгой гудайлган гурван удаа бөхөлзөн ёслон хүндэтгэв. Их дуганы хойд эгнээнд хамба хутагт, цорж лам нар, өмнө этгээдэд олон сайд, хан, ван, эрдэнэ шанзодба, Да лам, гүн, лам нар зүүн этгээдийг тэргүүн болгож зэрэг дэвээр байрлан сууна. Өмнө дундад хаалганы зүүн этгээдэд тэргүүн, дэд сайдын хатад, олон ван гүнгүүдийн хатад эгнэн суух ба эд бүгд баруун этгээдийг тэргүүн болгож хойд зүг хандан суужээ.
Ингээд Бат-Оршил өргөх ёслол үйлдэв. Эхлээд Бат-Оршилын ном уншиж, Хамба номун хан, тэргүүн сайд, хан, эрдэнэ шанзодба нар их мандлыг арвай будаагаар бүрхүүлж дээр нь Аюуш бурхан тавьсан их мандлыг барьж бүх Халхын өмнөөс Гэгээнтэнд өргөн барьж Түшээт ханаас: "Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг, хар, шар олон бүгдээр өвдөг сөгдөн, ерөөлийг дэвшүүлэн, энэхүү мянган лангийн мандлыг өргөн барьж байна. Өнөд оршин гийгүүлэн зохиож, өршөөн соёрхож хайрла, олон бүгдийгээ” хэмээн ерөөл айлтгав. Ийнхүү түшээт хан ерөөл дэвшүүлэхэд бусад олон вангууд ард нь зогсон гэгээнтний сангаас авсан жижиг мандлыг барьжээ. Богд хаан нүүрний хувирал үгүй төв ихэмсэг байдлаар Аюуш бурханыг дээрээс нь аваад мандал арвайнаас атгыг авч цацахад хоёр талын улс бүгдээр "Хаан эзэн бурханы хутгийг олтугай” гэцгээв. Дээдсийн адистад талархаад нийтээр хаанд албатын ёсоор хадаг өргөн мөргөнө. Харин энэ үед олон аймаг шавиас Бат-Оршил өргөх ёсны номыг жагсаан оруулж өргүүлдэг байна. Мяндагтангуудын өргөн барьсан өргөл барьцыг, Богд хаан мөн л нүүрний хувиралгүй хүлээн авч шадар сойвонгууд түшиж цааш хураах авай. Үүний дараа залгуулан Бат-Оршил наадамд барилдах олон бөхийг гаднаас алгуур оруулж хаанд мөргүүлэв. Монгол улс бөх барилдах хавтай бүлгээ. Хурсан олны дуу шуу нийлж, олон бүгдээр баярын сэтгэл цогцлоохын сацуу Их дуганд зоог, цай, тараг, айраг, идээ зүйлийг буулган шагнав. Аймаг шавийн олон ван гүн, түшмэдэд тусгайлан хишиг шагнаж хурим хуримлавай. Их дуганы гол хойморт төв ихэмсэгээр заларсан Богд хаан, эх дагинатан нар хааяа ганц нэг үг өөр хоорондоо солилцож үзэгдэх ба энэ бүх ёслолыг эртнээс Эрдэнэ шанзодбын газраас хөтлөн зохион байгуулна. Хурим хуримлах ёслолд Шанзодба, Да лам, сайд нар, хан ван, гүнгүүдэд ёслолын цай идээ, хадаг, айраг, арз өргөн барьж, ерөөлийн зайсан лам хүнгэнэсэн цээл хоолойгоор дэлгэр ерөөлийн үг хэлж хөгжмийн түшмэл хөгжим үүсгэсэн хойно олон чуулган дарга нар босч хамба номунхан, дэд хамба, эрдэнэ шанзодба, Да лам нарт ёслолын идээ, хадаг, айргийг сууж өргөнө.
Ийнхүү Бат-Орших ёслол өндөрлөж, хурсан олон Бат-Оршил өргөх ёслолын наадамд бэлтгэхээр Их дуганыг нэгэн зэрэг орхин гарна. Хаан хийгээд хатан нар өндөр сэнтийгээс бууж илэрхий сүйхэнд заларч Их дуганаас Ногоон лавиран тийш зорчин ирэхүйд мөн Сойвон лам нар хаан болоод хатныг ихэд хүндэтгэлтэйеэ түшин буулгаж лавирангийн дотор залав. Хэдхэн цагийн дараа Бат-Оршил өргөх ёслолын наадмын хүчит бөхийн барилдаан эхэлтэл хаан хатан хоёр ёслолын нүсэр хувцсаа түр хөнгөлж, хөнгөн зоог барьж алжаал тайлан амсхийнэ. Богд хаан Бат-Оршил наадамд тун дуртай тул халхын ноёд жил бүр Бат-Оршил наадам зохиох болсон юм. Их баярын ёслолыг ийнхүү хүрээнд Батцагаан хэмээх их дуганд, хүчит бөхийн барилдааныг Шар ордны өмнө хийх ба хожим дэлгэр наадмыг Хүй мандалын газар очиж үйлддэг болжээ.
БАТ-ОРШИЛ НААДАМ
Хааныг ордноос жагсаалаар залсан ноёд түшмэд энэ удаад ч мөн хааныг Шар ордны Ногоон лавирангаас Эх дагины хамтаар илэрхий сүйх тэргэнд залж Шар ордны өмнө талбайн төв хойморт зассан төв асарт ёслон авчрав. Хаан хатан хоёр асарт зассан сэнтийд залрахуйд сэнтийн өмнөх өндөр ширээнд хүндэтгэлийн зоог цайг олон донир, соёгууд багтаж ядтал өрөв.
Чингээд лам нар ном уншиж бүрээ бишгүүр цан хэнгэрэгээ дэлдэж, бөхийн оноог эрдэнэ шанзодба нарт толилуулж болгоолгон, бөх барилдуулах соёрхолыг Богд хаанд айлтгамагц засуулууд наадмын талбай дээр гарч ирэв. Бат-Оршил наадамд талын 30, бүгд 60 хүн эгнэж зогсоод бөхөө хүлээнэ. Бөхчүүд барилдан давах бүрийдээ үзэсгэлэнтэй сайхан дэлж дэвсээр гүйн ирж Богд хаан, эх дагины асрын өмнө гурвантаа мөргөж ёслон малгай өмсөж шагнасан боов боорцгийг авч хоёр талын хүмүүс болон давсан бөхийн нэрийг бичин суугаа түшмэдийн зүг цацав. Бөхийн барилдаан өрсөлдөөнтэй ширүүн өрнөх ба талбайг тойрон зассан ноёд ихэсийн асар тэдгээрийн араар тойрон бүчсэн олон өөр өөрийн бөхийг дэмжин уухай хашгиралдах ба монголчууд бүгд хаан, харцгүй энэхүү ид хавийн тэмцээнийг нүдээ ч үл цавчих мэт тун анхааралтай үзэх бөгөөд сэтгэл хөдлөлөө шууд ил цагаан огцом хөдөлгөөн, чанга хашгирах дуугаар хурц илэрхийлэх нь нүдэнд тусна. Монголын сайд, ван, гүн нар бүгдээр хурж Богдод Бат-Оршил өргөж бөх барилдуулах нь зарлигаар тахигдсан багш хийгээд олноо өргөмжлөгдсөн хааныг хүндлэн эрхэмлэж буй үйл учир Богд хааны бөхийг монголын хануудын бөхийн дараа гарган барилдуулдаг болжээ. Бат-Оршилын бөхийн барилдааныг хоёрын даваа дуустал ноёд түшмэд мэдэж онооно. Гурвын даваанаас эхлэн бөхчүүд цолны эрэмбээр дараалал гаргаж, амлан авч барилдана. Энэ жилийн Бат-Оршил наадамд олон ч бөх барилдлаа. Түшээт хан аймгийн Уламбаяр арслан, "Их Монгол” Х.Шаравжамц аварга, Сэцэн хан аймгийн С.Чүлтэм, Х.Буянтогтох гээд Бат-Оршил наадмын алдар цолтнууд олон ч барилдлаа.
Наадмын бөхчүүд дотор олноо Мөррэнцэн хэмээн алдаршсан Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны М.Дашрэнцэн арслан, Түшээт хан аймгийн дайчин вангийн хошууны "Мундаг” хэмээх Ц.Лувсандаш арслан нар Бат-Оршил наадмын олон хүчтэнээс тунаж үлдэв. Ийнхүү М.Дашрэнцэн арслан 11 дэх даваагаа авч, хоёр дахь удаагаа түрүүлж аварга цолонд хүрсэн ажээ. Энэ жилийн Бат-Оршил наадамд 1064 бөх эд хавыг үзэн барилдсан юм. Богд хаан хүүхэд байхын бөхөд дуртай тул энэ наадмын олон хүчтэний барилдааныг тун ч сэтгэл тааламжтай үзэж баяслаа. Түрүү бөхийн байнд Атан тэмээ нэг, морь нэг, хөө хуяг нэг, бүхэл торго нэг, хонь, хадгийн хамтаар олголоо.
ЖАРГАХ НАРАН
Ийнхүү Бат-Оршил наадмын бөхийн барилдаан өндөрлөж, хурсан олон түрүү бөхийг бүчлээ. Хааны жагсаал ч бэлэн болж хаан, хатан нар мөнөөх бага хөсгийн жагсаалаар зуны ордон руу заларлаа. Хүрээнд нар хэдийнэ уулын цаагуур орж, тэнгэрийн хаяа нилдээ улайрах нь маргааш бас нэгэн сайхан өдөр болохыг дохиолох аж. Маргааш эрийн гурван наадмын нэг сур харвааны өдөр ба монголчууд эртнээс харваж намнахдаа хавтай тул хэн хүнгүй сэтгэл дэнслэн хүлээж буй биз ээ. Хаан хатан хоёр ёслолын сүрлэг хувцас тэргүүтнийг сольж, өдөржин суусан биеийн алжаал тайлж ордны цэцэрлэгээр зугаалж, зарим тэжээвэр амьтан, заан, шувууд зэргээ эргэж тойроод харуй бүрийд ордондоо залрав. Олон шадар сойвонгууд дээдсийн нойрсох өргөөг бэлдэж, үдшийн залбирал үйлдэж зул сэргээн асаалаа. Маргааш сурын харваа эхлэх тул хэн бүхэн өглөө болохыг хүлээх мэт. Хамгийн сүүлд Хүй голын баруун этгээд Магнаг толгойн энгэрт морины наадмаар энэ Бат-Оршил өргөх ёслол, наадам өндөрлөх бүлгээ.
Монголын шүтээн оройн дээд Богд болой.
Монголын сайхан дэлгэр тансаг зун болой.
Монголын цэнгэл эрийн гурван наадам болой.
Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш
/XVIII-XIX зууны түүхэн эх сурвалж тэмдэглэлийг түшиглэн Монголын сүүлчийн хаан их сууринд суусны II оны Бат-Оршил өргөх ёслолын үйл явдлыг сийрүүллээ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих