"Глоб Интернэйшнл" ТББ-аас сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевизүүдийн хөтөлбөрт мониторингийн судалгаа хийжээ. Судалгаагаар телевизүүд нийт нам эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгааг тэгш, шударга явуулж чадаж байгаа эсэхийг голчлон тандаж судалсан байна. Судалгааг 6 сарын 8-27-ны хооронд явуулсан бөгөөд эдгээр өдрүүдийн телевизийн мэдээллийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд МАН, АН, ИЗНН, МАХН, Тусгаар тогтнол-Эв нэгдэл эвсэл, мөн нэр бүхий бие даагчдын сурталчилгаа бусдаасаа илүү олон давтамжтай явсан болохыг тогтоожээ. Тухайлбал ТВ9 телевиз МАХН-ын сурталчилгааг голчлон явуулсан бол 25 дугаар суваг телевиз сурталчилгааны эхний үед МАН-ын, харин сүүлийн өдрүүдэд АН-ын сурталчилгааг түлхүү явуулж байгаа нь ажиглагджээ.
Мониторингд хамрагдсан телевизүүдээс МҮОНТ бусад телевизүүдийг бодвол илүү төвийг сахисан байр сууринаас сонгуулийн үеэр мэдээлсэн бол бусад телевизүүд нэг буюу хоёроос гурван нам эвслийн сурталчилгааг түлхүү явуулж байгаа болох нь анзаарагдсан байна. Судалгааг удирдаж хийсэн Глоб Интэрнэйшнл ТББ-ын хөтөлбөрийн зохицуулагч С.Онон "Телевизүүд мэдээллийн хөтөлбөрийнхөө таван минутыг нэг нам, эвсэл, нэр дэвшигчид зарцуулж болно гэж Сонгуулийн хуулинд заасан байгаа. Гэвч телевизүүд яг дамжуулахдаа давталттайгаа нийлээд арав, 20 минут болчихоод байсан нь ажиглагдсан. 2012 оны Сонгуулийн хуульд энэ талаар нарийн заалт байгаагүй бол энэ удаагийн хуульд таван минутаас хэтрэх ёсгүй гэж зааж өгсөн. Мөн Сонгуулийн хуулийн 70,12-т зааснаар сүлжээний болон бие даасан тусгай ярилцлага, хөтөлбөрт нэр дэвшигч орохыг хориглосон. Хэрвээ орсон тохиолдолд захиалгат нэвтрүүлэг гэдгийг нь тодорхой болгож өгөх ёстой. Тиймээс ярилцлагын болон хоолны, эсвэл өөр ямар нэгэн нэвтрүүлэгт нэр дэвшигч орсон тохиолдлыг хууль зөрчсөн зөрчил гэж үзэхээс өөр аргагүй” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн телевизүүдээр хамгийн их сурталчилгаагаа явуулсан намаар МАН, АН хоёр үнэмлэхүй тодорч байгаа болохыг энэ удаагийн судалгаа харуулж байгаа аж.
tusgal.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих