Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ОХУ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан "Монголын Зэс Корпораци" болон "Худалдаа Хөгжлийн банк" хамтарсан мэдэгдлийг хийлээ. Тус худалд Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Ганболд нарын хүмүүс оролцсон юм.
Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэл гарсантай холбогдуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан гарлаа. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй. Мөн компанийн зүгээс шаардлагатай бүх мэдээллийг ажлын хэсэг өгч, асуусан асуултад хариулт өгсөн ч ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүйд харамсаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа. Ростех компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэгсийн дүгнэлт гарсан байна. УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан тогтоол нь хүртэл байдаг" гэв. Мөн тэрбээр хэрэв ОХУ-ын 49 хувийг худалдаж авах гэрээ хэлэлцээрийг хүчингүй гэж үзвэл манай компанид байгаа 49 хувь ОХУ-ын талд очно. Хэрэв ийм зүйл болвол бид 49 хжвийг худалдаж авсан 400 сая төгрөг болон ирээдүйд олох орлого, гэрээ хэлэлцээр хийхэд гарсан бүх зардлыг ЗГ-аас буцааж авах, гаргуулах шаардлага тавина. Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна" гэсэн юм.
Харин энэ талаар Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Би Худалдаа хөгжлийн банкны зөвлөхөөр оролцсоны хувьд байр сууриа илэрхийлж байна. Энэ дүгнэлт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, банкны нэр хүндэд халдсан байдлаар гарсан гэж үзэж байна. Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Гэтэл мөнгө угаасан гэж мэдэгдэж байгаа нь харамсалтай байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас "Монголын зэс" компанид 80 сая ам.долларын зээл олгосон байгаа. Энэ нь манай банкнаас зах зээлд гаргасан нийт зээл буюу 3 их наяд төгрөгийн багахан хэсэг нь юм. Бид хуулиа баримтлаад зээлээ олгож ажиллаж байгаа. Энэ бол ямар нэгэн мөнгө угаасан үйлдэл биш. Эцэст нь хэлэхэд бид байнгын буюу жилд хоёр удаа Монголбанкны шалгалтад ордог. Хууль ёсны байгууллагуудын гаргасан дүгнэлтээр ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй. Түүнээс бус УИХ-ын ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэг газар биш" гэв.
Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ "Би Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг, хоёр удаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлж байна. Өнөөдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг нэг талыг баримталсан өрөөсгөл боллоо гэж үзэж байна. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа.
Ер нь Ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй. Харин Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дүгнэсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээр дөрөв дэх бондоо 100 хувь буюу 115 сая-ыг эргүүлэн төлсөн. Энэ бол үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн нотолгоо.
Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан. Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу. Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө" гэлээ.
"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд: "Эрдэнэттэй холбоотой асуудлаарх халуухан яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр Эрдэнэттэй холбоотой мэдээллийг ашиглаж, сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед тодорхой хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд дуулиантай хэргүүдийг дэвэргэж ярьдаг. Хоёр Засгийн газрын төлөөлж байсан хяналт дээр "Монголын зэс" корпораци буюу хувийн компани ороод ирэхээр хяналт өөрчлөгдсөн байх. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дүргүйцсэн хүмүүс, байгууллага байгааг үгүйсгэхгүй" гэсэн юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих