Монголын нам, төрийг үндэслэгч их жанжин Д. Сүхбаатарын удам судар, намтрынх нь зарим хэсгийг төдийлөн мэдэхгүй байж магадгүй хэмээн санаж сурвалжлан бичсэнээ уншигчдад толилуулсу.
Сүхбаатарын аав Төгөөгийн Дамдин Ёст бээсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1860 онд мэндэлжээ. Тэрбээр ядуу зүдүүгийн эрхээр манжийн амбаны малыг маллаж байхдаа сольж өмсөх хувцасгүйн улмаас дээл нь гандаж, өгөршин цайсан тул нутгийн баячууд "Цагаан дээлт Дамдин” хэмээн хочилдог байжээ.
Ядуу эр Т.Дамдин эр бие өсч, нутгийн бүсгүй Ээлтийн Хандтай ханилан амьдарч, улмаар гэргий болон хүү Дэндэв, Аранжин нараа дагуулан ганц морио хөтлөн унаган нутгаасаа гарчээ. Хоёр cap шахам ядарч зүдэрч явсаар 1892 онд Их хүрээнд ирж, урьд сонссоноор нутгийн айл Даваагийнхыг олж уулзан тэдний хуучин муу байшинг засч додомдон Наймаа хотод (Одоогийн амгалан) суурьшин амьдарсан байна.
Их хүрээний орчим уулнаас мод унагаж цагаалан морин тэргээр зөөж байснаа шоронгийн хуяг болж, нэгэн жил гаруйн дараа хоёрдугаар сарын 2-нд гурав дахь хүү нь төржээ. Т.Дамдин түлээнд явж байхдаа нэг сүх олсондоо бэлгэшээж хүүдээ Сүх хэмээх нэр өгчээ. 1898 онд Ханд ихэр хоёр охин төрүүлэхэд түрүүлж гарсныг нь том Долгор, сүүлд гарсныг нь жижиг Долгор хэмээн энхрийлэн өсгөж өдөр хоног өнгөрөөж байтал нэг хашаанд амьдарч асан нутгийн найз, эвсэг гэр бүл Даваа, Хишигт нар том Долгорыг нь үрчлэн авч өсгөсөн ажээ.
С.Цэрэн Монголын радиогийн сурвалжлагч байхдаа 1971 онд ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Сүхбаатар аймгийн тухай бүтэн өдрийн нэвтрүүлэг хийхээр жанжны уугуул нутгаар явахдаа Т.Дамдины найз өвгөн буурал Ваанчиг гуайг Сүхбаатар сумаас, жанжны жолоочоор ажиллаж байсан Гүр гуайг Төв аймгийн Эрдэнэ сумаас, дүү охин жижиг Долгорыг Налайх хотоос олж уулзан дурсамж яриаг нь Монголын радиогоор нэвтрүүлж байлаа. Тэднээс Гүр гуайн яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байгааг өгүүлэхэд таатай байна. Тэр үед төрийн шагналт яруу найрагч П. Пүрэвсүрэн "Жанжны ээж” хэмээх дууны үг бичиж, хөгжмийн зохиолч Мяасүрэн ая хийж, нэг дуучин бүсгүй дуулсан нь радиогийн алтан фондод байдаг юм. Харамсалтай нь, цагийн уртад тэр дуучны нэрийг мартжээ.
Жанжны гэргий С.Янжмаа хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож улмаар Монголын эмэгтэйчүүдийн эрх ашиг, гэр бүл, үр хүүхдийн сайн сайхны төлөө олон жил цуцалтгүй зүтгэсэн нэр хүндтэй хүн байлаа. 1940-өөд онд С.Янжмаа намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож, олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байлаа.
"Монголын эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрх чөлөөтэй боллоо” гэж их жанжин Д. Сүхбаатар хурал цуглаан дээр нэг бус удаа бахархаж өгүүлдэг байсан тухай С.Янжмаа гуайн дурсамж яриа Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг юм.
Т.Дамдины бага хүү Сүх хоёр ахаа дагаж, янз бүрийн хар бор ажил хийсээр 14 нас хүрч өндөр чилгэр нуруутай, эрдүү чийрэг хөвгүүн болж өсөхөд эцэг нь түүнийг эрдэм номтой болгохын тулд Т.Дамдин хүүгээ Их хүрээний зайсан гэгдэх их эрдэм номтой Онходын Жамъянд шавь оруулж, Сүх монгол бичиг, тоо бодлого сайн сурч 16 настайдаа Их хүрээ, Бургалтайн хооронд өртөө хийж байсан баян айлд зарцлагдаж байхдаа моринд эрэмгий нэгэн болсон гэдэг. Тэрбээр 1909 онд зарцын ажлаа орхиж Их хүрээн дэх Орос хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж, тэнд орос хэл заалгаж гайгүй сурсан гэдэг. 1911 онд Сүх, Янжмаа хоёр Галсан гэдэг хүүтэй болсон нь хожмоо хурандаа цолтой, цэргийн том дарга нарын нэг болжээ.
1912 онд цэргийн дарга нар бэлтгэх түр сургууль Хужирбуланд байгуулахад моринд эрэмгий, бичиг эрдэмд сайн Д.Сүх шууд орж суралцан төгсч, Хятадын хар цэргийн эсрэг хэд хэдэн удаагийн байлдаанд гарамгай гавъяа байгуулсан тул Богд хааны зарлигаар Зоригт баатар цол хүртжээ. Энэ цол нь нэрнийх нь тодотгол болж Сүхбаатар гэдэг алдар хүндтэй нэр болон мөнхөрсөн байнам.
Жанжны хөшөөг хэрхэн босгосон түүх нь сонин юм. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын тэргүүлсэн ардын журамт цэргүүд 1921 онд Их хүрээг эзэлж хотын төв хэсэгт байсан их хогны хажууд зогсч, Их жанжин домог болж мөнхөрсөн үгээ хэлж байх үед унаж явсан хонгор морь нь шээхэд партизан цэргүүд бэлгэшээн шивнэлдэх үед Х.Чойбалсан партизануудад хандаж "Энд жижиг төмөр гадас олоод зоочих” гэж тушаасан юмсанж. Хожим ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө жанжны хөшөөг босгохоор Улсын бага хурал шийдэхүйд Х.Чойбалсан хэдэн хүн томилж өнөө гадсыг эрүүлж олон 1946 оны долоодугаар сарын 11-нд тэр газарт жанжны хөшөөг босгосон ажээ. Сүхбаатар Зөвлөлт орос улсаас тусламж гуйхаар явахдаа Сэлэнгэ аймгийн Баруун хараад байдаг Ширхэнцэг уулан дээр гарч алсын бараа хараад цааш явсныг ихэд бэлгэшээн хөшөөний суурийг уран барималч Х.Чоймбол тэр уулын хэлбэртэй адилхан хийсэн гэдэг.
1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Москвад хүрэлцэн очиж, зөвлөлт төрийн тэргүүн В.И.Ленинтэй уулзаж, Монгол, Зөвлөлт орос улсын хооронд найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулж, Монголын талаас их жанжин Д.Сүхбаатар, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Монголын төлөөлөгчдийг В.И.Ленин элэгсэг дотно угтаж "Сууцгаа, сууцгаа” хэмээн найр тавихуйд зохиолч С.Буяннэмэх өөрөө мэдэлгүй В.И.Лениний сандал дээр суучихжээ. В.И.Ленин өөр өрөөнөөс сандал авчруулахаар хүн явуулахад Буяннэмэх ихэд сандарч босоход "Зүгээр, зүгээр та суу” гээд В.И.Ленин гаднаас оруулж ирсэн сандал дээр суусан ажгуу.
Монголын төлөөлөгчид Москвад байхдаа их театрт "Игорь ван” дуурь, М.Горькийн зохиол "Шаарлагдсан хүмүүс” жүжиг үзэцгээж, алдарт "Аврора” хөлөг онгоц зэрэг түүх дурсгалын олон сонин зүйлийг сонирхжээ. Арванхоёрдугаар сарын эхээр Москвад ирэхэд тусгайлан зассан вагонд урьж суулган төлөөлөгчдийн айлчлалын тухай баримтат кино үзүүлсэнд Д.Сүхбаатар сэрүүн тунгалаг ахуйдаа авахуулсан цорын ганц амьд дүр үлдсэнийг монголчууд хааяа үзэж их жанжнаараа бахархдаг билээ.
Их жанжин маань 1923 оны хоёрдугаар сарын 20-нд цэргийн анги, харуулууд эргэж явахдаа хэтэрхий даарсны улмаас хатгаа авч хүндрүүлснээс 30-хан насандаа зуурдаар таалал төгсчээ. Мөн сарын 26-нд Сүхбаатарыг сүүлчийн замд нь үдэх оршуулга, бүх нийтийн эмгэнэл гашуудал болжээ. Энэ өдөр жихүүн хүйтэн салхитай өдөр байсан гэдэг.
Гашуудлын жагсаалын манлайд Зөвлөлт орос улсаас Д.Сүхбаатарыг шагнасан Улаан тугийн одон, Хувьсгалт цэргийн зөвлөлөөс бэлэглэсэн мөнгөн сэлэм, Монгол улсын баатар цол шагнуулсны тэмдэг болох товь малгай зэргийг хүндэтгэлтэй барьж явжээ. Улаан нөмрөгтэй дөрвөн хээр моринд хөллөсөн дөрвөн дюмын их бууны гол дээр улаан торгоор бүрсэн Д.Сүхбаатарын шарилыг байрлуулж, хойноос нь жанжны улаан торгон тохом бүхий эмээлтэй хөлгийг хөтөлж, түүний араас намын Төв хороо, Засгийн газрын гишүүд, цэргийн дарга нар, Зөвлөлтийн зөвлөхүүд, Элчин сайдын яамны бүх ажилтан, монгол, орос, буриад, хятад иргэд оршуулах ёслолд оролцжээ.
Ёслол дээр Б.Цэрэндорж гуай үг хэлж, ёс төртэй оршуулсан байна.
1951 оны зун Засгийн газрын ордны өмнө байгуулсан бунханд Д.Сүхбаатарын шарилыг зөөн байрлуулж байлаа. Х.Чойбалсан нас барахаасаа өмнө "Намайг Сүхбаатар жанжны хажууд индрийн бунханд оршуулаарай" гэж гэрээсэлсний дагуу тэнд оршуулжээ. Гэвч Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн шийдвэрээр Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг зөөж, Алтан өлгийд байрлуулсан билээ.
Зохиолч Санг.Пүрэв
Сэтгүүлч С.Цэрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих