
- Та энэ цэг дээр ажиллаад хэр удаж байна?
- Хоёр, гурван жил болж байна. Яахав бүр хоолгүй, мөнгөгүй гэж гуйлга гуйснаас хамаагүй дээр шүү дээ. Нэн ядуугийн бүртгэлд байдаг ч гэсэн талоны хүнс, тэтгэвэр тэтгэмж авдаггүй. Үүгээрээ л амьдарч байна. Шил лааз түүгээд.
- Хэд орчим насны хүмүүс хог түүж байна?
- Их төлөв 40-50 насны авгайчуул л хог түүж байна. Тэдний хувьд тэтгэвэрт гаръя гэхээр ажилласан жил нь хүрдэггүй, зарим нь нас нь болоогүй байдаг. Миний хувьд хүнсний үйлдвэрт 12 жил ажилласан. 1997 онд үйлдвэр хаалгаа барьснаас хойш ажилгүй болж амьдрал хүндэрсэн. Арга буюу хог түүж амьдарч байна даа.
- Гэр орон чинь яг хаана вэ, аль багт харъяалагдаж байна?
- Нэгдүгээр багт харьяалагдаж малтай лагерьт амьдардаг. Манай багийн иргэд л энд ирж хог түүдэг шүү дээ. Их олон хүн ирдэг ш дээ. Баг дээрээ очдог ч үгүй. Багийнхан болохоор талоны хүнс авдаг хүмүүстэйгээ л харьцдаг. Ямар нэгэн юм болоход тэднийг л дуудана. Бусад иргэд нь яаж шүү амьдарч байна, хэд нь тэтгэвэр авч хэд нь ажилтай байгаа талаар баг судалгаа явуулдаггүй. Сая нэг судалгаа авна гэр орондоо байж байгаарай гэсэн. Тэднийг хэзээ ирнэ гээд гэртээ хоолгүй хоосон суухав дээ. Барилгын засалчин, тогооч гээд янз бүрийн мэргэжилтэй залуус ажилгүй гэртээ сууж байна. Нэгдүгээр багт цагдаа ердөө тогтдоггүй. Архи ууж агсам тавьдаг хүмүүс биднийг амар тайван байлгадаггүй. Үдэш нь бариад өгөхөд торгуулиа төлөөд гарчихдаг. .
- Хогноос олсон жаахан юмаараа амьдралаа залгуулж чадаж байна уу?
- Шил, лааз л түүдэг. Шил лаазыг хамгийн бага үнээр л авдаг шүү дээ. Хуванцар савыг кг-ыг нь 200 төгрөгөөр авдаг, пивоны шилийг бүр авахгүй байсан. Одоо яахав, хаврын уртад түүсэн шилээ 10 төгрөгөөр өгч л байна. Сая 4 хоногт 5000 гаруй шил түүсэн Сардаа 20-30 мянган төгрөг олж түүнийгээ хэрэгцээндээ зохицуулаад явж байна.
- Хогны машин өдөрт хэдэн удаа ирж байна?
- Өдөрт хэд хэдэн удаа ирнэ шүү.
- Энд бас айл байдаг юм байна. Хүнгүй байх шиг байна. Бас л танай багийн айл уу?
- Нэг авгай, охинтойгоо хоер хүүхэдтэй нь амьдардаг. Охин нь залуухан хүүхэн бий. Хүүхэд нь сая хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн дуулдсан. Өвлийн өвөлд л ийм оромжинд өвөлждөг. Аль багт харьяалагддагийг мэдэхгүй ээ. Лав манай багт биш байх. Хогийн цэгийн захад дан банзан, энд тэнд нь нөхөөстэй пинэрхүү юм байх аж. Хаалга нь хаалттай орчин тойронд нь хүн ч алга. Хогийн цэгийн сахиул ахаас асуухнээ хүүхэд нь хатгаа туссан эмнэлэгт хэвтсэн байх гэв. Аймгийн төвөөс 10 хүрэхгүй км, бунханы малтай айлуудаас 800 метрт хогийн цэг байрлаж байна. Анх хог хаях зөвшөөрөгдсөн газар нь 40 га газар байсан ч 60 болж тэлсэн байсныг нь Чойбалсан хөгжлийнхөн өнгөрсөн жил 45 га болгож хумисан гэх. Чойбалсан хотын хүн амын өсөлттэй зэрэгцэн хог хаягдлын хэмжээ ч жилээс жилд нэмэгдсээр. Энэ нь хотын хүрээлэн буй орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ. Чойбалсан хөгжлийнхөн өдөрт 12 машинаар 4-5 удаа нийтдээ 350 куб.м хог энэ цэгт асгадаг гэх. Одоогоор манай аймгийн хувьд хогийг даланжуулж, хөрсөнд шингээхээс өөрөөр устгаж чадахгүй байгаа аж. Хэдийгээр ландфил технологийн дагуу устгал хийх ёстой гэдэг ч уг технологийн дагуу устгал хийхэд хөрөнге мөнгө ихээр шаардагддаг туг одоогоор даланжуулах төдийхнөөс хэтрэхгүй байна. Өнөөдрийн байдлаар хог тээврийн 12 машин хог ачиж байгаа гэх хэдий ч 4 нь 2006 онд ашиглалтад орсон, засвар, тоног төхөөрөмжөнд нь нэлээдгүй зардал гардаг аж. Жилийн жилд аймаг, орон нутгийн төсөвт суух мөнгө нь нэмэгдэж байгаа ч хогны асуудлаа цогцоор нь шийдэхэд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Хогийн цэгийг голын урд руу гаргах талаар байнга санал оруулдаг ч хөрөнгө мөнгө хүрэхгүй болохоор шийдэж чадахгүй байгаа талаар албаны хүмүүс хэлж байна. Хогийн цэгийг нүүлгэж, энэ байгууллагын техник технологийг шийдэхэд нэлээдгүй мөнгө хэрэгтэй гэх хэдий ч нөгөө олон тендер зарлаж нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ажил хийсэн хэмээн хэдэн тэрбумаар нь "урсгадаг" мөнгөнөөс бага сонсогдох юм билээ. Буяны хонхорт байсан хогийн цэгийг 90-ээд оны эхээр зах зээлийн хямралын улмаас одоогийн байгаа газарт ойртуулж нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Голын хойд талдаа, аймгийн төвөөс холгүйхэн, Олон улсын нисэх буудал орох зам дагуу, иргэдийнхээ хажууханд хогийн цэгээ төвлөрүүлээд нэлээдгүй хугацааг үдэж буй Чойбалсанчуудын хувьд хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх цэг хэдийнэ болжээ. Хотоо нүүлгэхгүйгээс хойш Хогоо л зайлуулах болж.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=228
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих